m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 01:21
100
Б.Энх-Амгалан:Үндэсний болоод олон улсын стандартыг Монголд нутагшуулсан нь бидний баялаг

                     

1900-1950 бол энэ салбартаа тэргүүлэгч мэдээллийн цорын ганц цогц лавлах үйлчилгээ. Одоогоос 10 жилийн өмнө хүмүүс ганц утас цохиод хэрэгтэй бүх зүйлээ мэдэж авна гэж төсөөлөө  ч гүй байсан бол энэ төсөөллийг 1900-1950 бодит болгосон. Үндэсний хэмжээний лавлах үйлчилгээг бий болгож чадсан  1900-1950 мэдээллийн  лавлахын гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. 1900-1950 лавлахад байхгүй үйлчилгээ гэж үгүй гэхэд дэгсдүүлсэн хэрэг болохгүй. 10 жилийн өмнөхийг одоогийнхтой харьцуулбал танай хамт олон хэр их зүйл хийж амжуулсан байна вэ?

Нэг үгээр хэлбэл бид лавлах үйлчилгээний үндэсний болоод олон улсын стандартыг монголын зах зээлд амжилттай нутагшуулсан

-Бид анх 2005 онд мэдээллийн зах зээлд өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, стандартыг дээшлүүлж, хэрэглэгчдэд  илүү хүртээмжтэй, шинэлэг үйлчилгээг хүргэх зорилготойгоор 1950мэдээлийн лавлахыг байгуулж байсан. Өнөөдөр бид харилцаа холбоо тэр дундаа мэдээллийн лавлах үйлчилгээний салбарт өөрийн гэсэн ололт амжилт байр сууриа бэхжүүлсэн гэж хэлж болно.Түүнчлэн бид  хэрэглэгчийн сэтгэлд хүрсэн үйлчилгээнүүдийг мэдрэмжтэй байж зах зээлд маш амжилттай нэвтрүүлж чадсан гэж боддог. Тухайлбал “Олсон гээсэн бичиг баримтын нэгдсэн лавлагаа”, “Такси дуудлагын үйлчилгээ”, Пицца хүргэлт захиалга”, “Бүх төрлийн зарын нэгдсэн мэдээлэл” хамгийн сүүлд гэхэд “Орон сууцны хэрэглээний төлбөрийн мэдээлэл” хүргэх үйлчилгээг нэрлэж болно. Нэг үгээр хэлбэл бид лавлах үйлчилгээний үндэсний болоод олон улсын стандартыг монголын зах зээлд амжилттай нутагшуулж, мэргэшсэн боловсон хүчин, мэдээлэл лавлагааны хамгийн том бодит эх үүсвэртэй нэгдсэн санг  бүрдүүлж чадсан нь энэ 10 жилийн хугацаанд бүтээсэн хамгийн үнэт баялаг гэж хэлж болно. Хурдтай өөрчлөгдөж байгаа энэ нийгэмд, хүмүүсийн эрэлт хэрэгцээнд бид хурдтай сэтгэл байж л хөл нийлүүлнэ. Энд зүгээр нэг ашиг олох тухай биш байр суурь эзэлж хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн байгууллагын хувьд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах, эрэлтийг урьдчилж хангах, сэтгэл ханамжыг бий болгох гэдэг хамгийн чухал байдаг. Бид ийм л шаардлагад захирагдаж 10 жил тасралтгүй шинийг эрж хайж ажиллаж ирлээ. Энэ зүтгэл, сэтгэл зөв байсныг өнөөдрийн бидний хүрсэн амжилт батлах боловуу гэж бодож байна.

-Ер нь хүмүүс хэрэгтэй бүх зүйлээ лавлахаас асуудаг болжээ. Танайд байхгүй мэдээлэл гэж бий юу. Хэрэглэгчдийн эрэлт хааш нь чиглэж байна вэ?

-Хүний хэрэгцээ хязгааргүйтэй адил мэдээллийн хэрэгцээ ч яг адил. Секунд, минутаар байнга өөрчлөгдөж өсөн нэмэгдэж байдаг. Саяхан шинэ байгуулагдсан байгууллага эсвэл төр засгийн харъяа байгууллагуудын бүтцийн өөрчлөлт, зарим байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ тэлэх, хумигдах зэрэг олон хүчин зүйлээс  хамаарч мэдээлэл байхгүй тохиолдол гардаг. Гэхдээ бидний нэг давуу тал нь хэрэглэгчтэй эргэх холбоо маш сайтай байдаг. Өөрөөр хэлбэл бид ямар ч тохиолдолд хэрэглэгчийн асуусан мэдээлэлд эргэж заавал хариултыг нь өгдөг. Хүмүүс цаг наргүй ажиллаж, нийгмийн хэмнэл улам бүр хурдасч “цаг алт” гэдэг хэмжүүрийн жинхэнэ утга яг одоо л мэдрэгдэж байна. Хэрэглэгчид мэдээллийг телевиз, радио, сонин сэтгүүл, лавлах утаснаас мэдээлэл авахаас гадна цахим сайт, сошиал орчноос мэдээллээ хүлээн авах хандлагатай байгаа нь ажиглагдаж байна.Тиймээс бид байгаа газраасаа, хүссэн боломжоо ашиглаад мэдээллэл авах хэрэглэгчдийн энэ цогц хэрэгцээг хангахыг зорьж байна. Үүний тулд олон нийтийн сүлжээнд идэвхтэй ажиллах, дата дээр суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.

Эмэгтэйчүүд аливаа зүйлд илүү хариуцлагатай нягт нямбай, үнэнч ханддаг тул ажил амжилттай байхад маш их нөлөөлдөг.

-Мэдээж мэдээллийн үйлчилгээнд хамгийн чухал зүйл шуурхай байдал, технологийн өндөр хүчин чадал хэрэгтэй. 1900-1950 энэ тал дээр хэр найдвартай хөрс суурь бэлдэж, чадав? Хэр мэдрэмжтэй хөрвөж чадаж байна?

-Бид үйл ажиллагаандаа богино хугацаанд бодит мэдээллийг гаргаж чадах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж цогц программ хангамжийг ашигладаг. Түүгээр зогсохгүй мэдээллийн лавлахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас анх удаа бид автомат дуудлага хуваарилалтын системийг  үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Энэ нь хэрэглэгчдэд мэдээллийг илүү түргэн шуурхай өгөх боломжтой болсноосгадна үйлчилгээний ажилтны хувьд ч ашиглахадилүү хялбар болж, олон улсын стандартыг хангасан программ хангамж техник хэрэгслийг ашиглах нөхцөл бүрдсэн. Мэдээж бид хэрэгцээнд суурилсан технологийн шинэчлэлийг цаг алдахгүй хийж явахыг ажлынхаа нэг хэсэг гэж тодорхойлж явдаг. Ялангуяа манай салбарт энэ маш чухал.

-Лавлах үйлчилгээнд дандаа эмэгтэй ажилтнууд байдаг. Олон эмэгтэйчүүд байгаа газарт ямар хүндрэл байдаг вэ. Ухаан зарах зүйл бишгүй л гардаг байх?

-Байгууллагын амжилтын гол цөм нь ажиллаж байгаа албан хаагчдийн сэтгэл зүтгэл, ур чадвар. Дээр нь бүтээлч шинэ сэтгэлгээ, хурд, хариуцлагатай байдал гэж би хувьдаа боддог. Манай лавлахын нийт ажилчдын бараг 90 гаруй  хувь нь эмэгтэйчүүд тэр дундаа ид залуу насны эрч хүч дүүрэн бүсгүйчүүд. Эмэгтэйчүүд аливаа зүйлд илүү хариуцлагатай нягт нямбай, үнэнч ханддаг тул ажил амжилттай байхад маш их нөлөөлдөг. Бас эмэгтэйчүүд илүү ойлголцож чаддаг нээлттэй, дээр нь өрөвч зөөлөн учир ямар ч асуудал гүнзгийрэхгүйгээр шийдэгддэг давуу талтай. Тийм болохоор 90 хувийн эмэгтэй хамт олныг удирдахад тэгтлээ ухаан зарах асуудал нэг их гардаггүй. Харин ч давуу тал маш их. Ойлголцоход амар байдаг.

-Өөрийн тань хувьд нас залуу. Гуч гаруйхан насандаа Монголын номер 1 лавлах, энэ олон ажилтанг амжилттай удирдаж байна. Та ажилдаа юуг гол болгодог вэ?

-Баярлалаа. Хүмүүсийнхээ дунд хүлээн зөвшөөрөгдөх, үлгэр жишээ болж явах, өөрөө санаачлагатай ажиллах. Бас ажилчдынхаа сайн санал, санаачилгыг дэмждэг, тэдэндээ урам зориг, эрч хүч өгч сургадаг. Мэдээж тэднээсээ суралцах тохиолдол ч их. Гол нь ямар ч ажил хэрэг хэрэг сайн, зөвхарилцаан дээр амжилттай явдаг гэж боддог.

-24 цагийн үйлчилгээтэй мэдээллийн лавлахыг удирдана гэдэг нүсэр ажил. Энэ ажлын хажуугаар ар гэрдээ анхаарах, өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах гэх мэтээр эмэгтэй хүний зохицуулах асуудал олон байдаг?

-Лавлахдаа ажиллаад 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаандаа ажил үүргээ ойлгож ухамсарладаг  маш сайн удирдлагын баг бүрдсэн гэж би үздэг. Тэдний маань зүгээс ч намайг хангалттай дэмждэг. Тиймээсэнэ нийгэмтэй  хөл зэрэгцэн алхах, бизнес маркетингийн шинэ хандлагыг судлах гээд цаг бүр л өөрийгөө хөгжүүлэхийг хичээж байна. Мэдээж айл гэрийн эзэгтэйн хувьд гэр бүлдээ анхаарал тавилгүй яахав. Гол нь хань, үр хүүхэд, аав ээж минь миний ажлыг ойлгож хүндэлдэг бас дэмждэг. 

-Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?

-Миний ханийг Баттулга гэдэг. Сайхан хүү, охин хоёртой. Гэр бүл маань хамаг амьдралын минь утга учир даа. Залуу хүмүүс болохоор үр хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх, бас хажуугаар нь хийсэн бүтээсэн зүйлтэй байх гээд олонхи гэр бүлийн адилаар их л завгүй байдаг гэр бүлдээ.

-Масс агентлаг Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ төсөл аль хэдийн массыг хамарч чаджээ. Өөрийн тань хувьд энэ төслийн удирдах багт ажиллаж байгаа. Та хийж байгаа ажилдаа хэр сэтгэл хангалуун байна вэ?

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ”төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллаж Монгол улсын 21 аймаг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй баялаг бүтээгчдийн мэдээллийг 24 цагийн турш хэрэглэгчиддээ өгч байна.

-Масс агентлагаас санаачлан“Баялаг бүтээгчдийг дэмжинэ”төсөл хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлжүүд багагүй хугацаа өнгөрлөө.Эдийн засаг хүнд байна гэсэн бараан яриа их байгаа энэ үед ийм өөдрөг сайхан төсөл хэрэгжүүлээд  монгол орны өнцөг булан бүрт баялаг бүтээж байгаа иргэд компанитай уулзахад таатай хүлээж авч байна. Мэдээж үүнд сэтгэл хангалуун байлгүй яахав. Тэдний хийж бүтээж байгаа олон сайхан зүйлийг нийтэд сурталчилан таниулж явахад байнга л урмын үг сонсож баялаг бүтээгч нараараа бахархаж байлаа.  1900-1950 лавлахын хувьд ч “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллаж Монгол улсын 21 аймаг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй баялаг бүтээгчдийн мэдээллийг 24 цагийн турш хэрэглэгчиддээ өгч байна.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.