m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 01:56
97
100 орчим төлөөлөгчид харилцан туршлага солилцоно

“АСЕМ: Монгол Улс-Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурлыг Эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Хуралд Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны нийт 100 орчим албан ёсны төлөөлөгч, мэргэжилтэн, эрдэмтэд оролцох бөгөөд энэ нь гишүүн улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн, албан тушаалтнууд мэдлэг, харилцан туршлага солилцож, Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар хэлэлцэж, судалгаа шинжилгээний шинэ орчинг бүрдүүлэх зорилготой аж.

Мөн сэргээгдэх эрчим хүчний тухай хууль эрх зүйн болон зохицуулалтын орчныг сайжруулах үүднээс Засгийн газар, холбогдох оролцогч талууд болон олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх, Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох боломж нээгдэх юм.

Түүнчлэн хөгжиж буй улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэхэд тулгарсан асуудал, бэрхшээлүүд болон боломжуудыг хянаж шинжлэх, үндэсний, дэд бүс нутгийн, бүс нутгийн түвшинд бодлого боловсруулах, стратегийн зохицуулалтыг дэмжих зөвлөмжийн талаар тус тус хэлэлцэх юм.

100 орчим төлөөлөгчид харилцан туршлага солилцоно

Дашрамд дурдахад, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2012 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний IX чуулганы үеэр Ази-Европын удирдагчид “Бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад шинэ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэх мэдээлэл, туршлага солилцож, судалгаа шинжилгээний замаар эрчим хүчний хүртээмж, эрчим хүчний шинэ төрлийг дэмжих, эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг сайжруулах, ялангуяа хөгжиж буй орнуудад өртөг багатай, байгаль орчинд ээлтэй техник, технолог ашиглахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, шинэ болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, техник, технологийг сайжруулан ашиглахад Засгийн газар, хувийн хэвшил, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын оролцооны ач холбогдолыг тодотгосон” юм.