m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 02:24
78
Бурхны өглөг 108 тэмээтийнх

Ээж: МИНИЙ ХҮҮ ТЭР МУУ СУРГУУЛИАС ОРГООД ИРЖ, БОЛЖ

Хилийн заставуудын дунд “Орвог гашууны бор толгой” гэж, говийнхондоо бол  сүрлэг уул. Энэ бяцхан уул, Монгол Улсын өмнөд хилийг манаж заяасан, хилчдийн ариун шүтээн гэгддэг. Одоогоос 75 жилийн тэртээ энэ бяцхан уулын энгэрийн бууцанд нэгэн хүү мэндэлсэн нь насаараа хилээ маналцаж явах эр цэрэг Үржингийн Сэргэлэн байсан юм.

Ээж Анангаагийн Сумъяа, аав Дуламын Данзан хоёр ярилцаад, сүүнийхээ хажуугаар сүүл ноолох болсон бяцхан хүүгээ дүү хүүхэн Үржиндээ үрчлүүлэхээр тохирсон гэдэг. Монголчуудын дагаж ирсэн нэг сайхан заншил бол үр хүүхэдгүй хүнд хүүхдээ үрчлүүлж буян хийх явдал байв. Тэр л ёсоор Сэргэлэн маань саахалт айлын Үржингийн сааль ханхалсан өвөрт ирсэн түүхтэй. Үржин гараасаа хөтлөх үртэй болж, арван жилийн дараа охин өргөж авснаа хүү Сэргэлэнгээрээ овоглосон нь одоо Сэргэлэнгийн Байгаль хэмээх буурай, Цайз захын тэнд цай идээ болсон эмээ амьдарч байгаа.

Сэргэлэн маань хөдөөний бор банди нар шиг чулуун гэр барьж, таван хошуу мал “тарааж бэлчээж” өссөнгүй. Зэргэлдээ заставын цэргүүд шиг хөл тавьж, буу мөрлөж тоглодог бузгай сэргэлэн хүү байв. Номгоныхоо сургуульд хоёр жил, Баян-Овоод хоёр жил суралцаж, бал харандаагаар бичдэг бага сургууль төгссөн үнэмлэхтэй төдий болов. Тэр жил Алтанбулагийн Хөдөө аж ахуйн техникумд хуваарь ирж, явах хүүхэд олдохгүй болоход, ядуу эмэгтэй Үржингийн хүүд тулгагдав. Арван хоёрхон настай жаал хүү Ү.Сэргэлэн ингэж халуун элсэн говиосоо, хаа хол Сэлэнгийн Алтанбулагийг зорьж билээ. Хангайд төдхөн сэрүү унаж давхар тэрлэгтэй гарсан Сэргэлэн даарч эхлэх нь тэр. Цас орлоо. Жавар хайрлаа. Дүнзэн байшин нь тэр аяараа нохой бөөс. Маажсаар байгаад бүх бие нь шарх. Нүүр нь шархалж, нүдний нь зовхи хүртэл хавдаад танигдахын аргагүй болж билээ. 

Яг энэ үед Өмнөговь аймгийн Номгон сумаас хорин тэмээ ачаатай жинчин хойд зүгийг чиглэн хөдөлж байсансан. Жингийн даамал “өндөр” Янжив. Жижиг биетэй махлагдуу нь “сахал” Янжив. Хоёр Янжив хөтөчтэй жингийн цуваа хорь хонож Алтанбулагийн барааг харсан гэдэг. Хорин тэмээндээ арьс, ноос үс, зээрийн мах хүртэл  ачсан байв. Энэ жинчдээр ээж нь хүүхдээ бор гурилын гурван дугуй боовтой борц нүдэж савлаад, дал дөрвөн өндөртэй явуулсан байв. Хүнээр бичүүлсэн нулимстай захиа дайхаа ч мартсангүй. Жинчид ачаагаа тушааж хэд хоног амраад буцах болов. Хэдэн тэмээндээ 100 хилийн багцалсан хар тугалга, зургаан шуудай гурил ачих нь тэр. Хөдөө ховор барааны нэг нь хар тугалга. Анчид бууны сум цутгаж хэрэглэнэ. Гурил ховор. Бас үнэтэй. Ингэж хоёр Янжив маань урт замын аяндаа буцах болоход уйлаад наалдаад байгаа жаал хүүг өрөвджээ. Сэргэлэнг ачаатай тэмээн дээрээ дах нөмөргөөд суулгачихав. Ингэж Алтанбулагийн техникумын арван хэдхэн настай хүү оргосон юм. Ганцхан сарын дараа “Цагаан сар” болох гэж байгаа, жавар тачигнасан хүйтнээр тэмээн дээр явна гэдэг тийм ч амар ажил биш. Гурвуулаа голдуухан явган явж дулаацна. Нутаг, ээж хоёроо бодохоор нулимс ч гарахаа больсон. Говийнхоо агаарыг залгингуут л өнөөх шарх нь эдгэрч эхэлсэн гэдэг юм. Сэргэлэнгийнхтэй хамгийн ойрхон нь “Өндөр” Янживынх. Янжив гуай нь хүүг дулаалж, цатгаж түр амраагаад торомтой ингэ унуулж үдэхдээ “Очоод, бурантгийг нь эвхээд явуулчихаарай” гэсэн гэдэг. Ингэ унасан хүүгээ ээж нь тосож, тэврээд уйлж суухдаа, “Болж, миний хүү тэр муу сургуулиас оргоод ирсэн нь болж...” хэмээн үглэж суусан гэдэг.

Хүү: ЭЭЖ МИНЬ БУРХАН БОЛСОН ЮМ БОЛ НАМАЙГАА ХАРААРАЙ

Сэргэлэнгийнх 108 тэмээтэй, чөдрийн хоёр морьтой, шөлний хэдэн богтой л айл. Үржин ээж нь 108 тэмээгээ “бурхны өглөг” гэж ярих дуртай. Ээжийн хөл амрааж, энэ хэдэн малыг нь наашаа цаашаа болгох ажил Сэргэлэнгийн толгой дээр ирэх нь тэр. Малчин удмын хүүд энэ нь жаргал байлаа. Хүйтэн халууны аль ч улиралд хүрэн тэмээн дээр дуулж явна гэдэг говийнхон бидний амьдын жаргал, ашдын билэгдэл байдаг л даа.

Сэргэлэн хүү, зав гарвал застав руугаа ухасхийнэ. Нутгийн цэргүүдтэй танил болчихсон. Нууж хаах зүйл ч байхгүй. Хоормог сүүгээ аваачиж өгөөд ховор ном, дэвтэр харандаа олоод ирнэ. Заставынхан ч хүүг андахгүй. Ачлага унаанд хэрэглэх арван ат аваад ир гэхэд, туг ширээ арван атаа туугаад л хүрч очно. Заставт машин тэрэг байсан биш, ачлага унаа хэрэгтэй болвол ат, шар хоёр л хэрэг болно. Сэргэлэн намар, зунаар заставынхаа хэдэн цэрэгтэй яваад өвлийн хэрэгцээний аргал хөрзөн, түлшнийх нь загийг таталцаад өгнө. Хувцас формгүй л болохоос биш, хилийн цэргийн “жижигхээн дайчин” болж билээ.

1956 он. Сэргэлэнгийн хувьд “хар жил” байлаа. Арван зургаахан насандаа ээжээсээ өнчрөн хоцорлоо. Зургаахан настай дүү охин хоёулаа “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгчийн хуулиар үлдэж билээ. Хүмүүс “Ээж нь бурхан болсон. Хүү охин хоёроо тэнгэрээс харж байгаа” хэмээн тайвшруулна. Гэрийн бүх ажил, өнчин дүүгээ харж хандах, ажил болгон толгой дээр. Захгүй далайд төөрсөн өнчин завь шиг хааяа бодогдоно. Ээжийнхээ дөчин ес хоног дээр охин дүү хоёулаа атгахан цагаан будаа чаначихаад сууж байхдаа “Ээж минь бурхан болсон юм бол намайгаа хараарай” хэмээн уйлж суусан гэдэг.

“Эр хүний толгойд эмээлтэй хазаартай морь бий” гэдэг. Сэргэлэн маань анх тутам байгуулагдаж байсан нэгдэлдээ 75 тэмээгээ нийгэмчилчихлээ. Арван сайхан атаа заставынхандаа бэлэглэчихлээ. Үлдсэн хэдэн малаа ах дүү, танил талдаа тараачихлаа. Ингээд дүү охинтойгоо аймгийн төвийг бараадсан гэдэг юм. Нутгийн ах дүүс Сэргэлэнг тосоод авлаа. Өмнөговь аймгийн 16 дугаар автобаазын ерөнхий механикч нутгийн ах Чогдар, механикч Г.Цэдэв гуай нар нь “Өө Үржин талийгчийн маань хүү ирж. Ажилтай авхаалжтай хүү” гээд бааздаа слээсрээр авч ажиллууллаа. Нутгийн залуу Д.Даваа “Төвхнөтлөө манайд бай” гээд ах дүүсээс өөрцгүй хандлаа. Хэдэн сар болж байтал аймгийн кино механикч, Хүрмэн сумын уугуул Цэвэлийн Тогоочтой танилцлаа. “Чам шиг залуу хүнд сайхан ажил. Кино механикч бол” гэж ятгаад өөрийгөө дагалдуулж сургалаа. Гурван сумын дунд нэг кино механикчтай. Цогтцэций, Манлай гэхчлэн сумдад суурьшиж ерөөлөөр учирсан ханьтай, таван сайхан хүүтэй болж билээ.

Сэргэлэнгийн ханийг Г.Должинсүрэн гэнэ. Манлай сумын малчин Гомбодоо, Дарьзав хоёрын 11 хүүхдийн хамгийн том нь. Сувилагчийн сургууль дүүргэж ирээд нутагтаа сувилагч, эх баригчаар ажиллаж байхад нь Сэргэлэн аваад суучихсан. Зөвхөн Манлай суманд 230 хүүхэд эх барьж авсан цагаан гартай сувилагч, эх баригч л даа.

Өлзийт нэгдлийн дарга “хангинаа” Жамьян гуай хоёр залуудаа албаны гэр барьж өгөөд арван банзаар ор хийж өгөхийг нэгдлийн мужаандаа үүрэгдэж байсан гэдэг юм. “Эх орон-52” хүлээн авагчтай, эхнэр нь нэг эрээн авдартай нийлж байсан хоёр маань өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны 17 дугаар гудамжинд ямаршуу айл болоод амьдарч байгааг дараа өгүүлнэ. “Ээж минь бурхан болсон юм бол намайгаа хараарай” хэмээн үглэж суусан хүүгээ, ээж нь бурхны орноос харжээ.

Эхнэр: ЭНЭ ХИЛ, ХӨЛ ХОЁР ХАА ХҮРНЭВ, ЧАМАЙГ ДАГАНА

Гадаад, дотоодын нөхцөл байдлаас шалтгаалан 1967 онд Монгол Улс хилийн цэргээ өргөтгөлөө. Мэргэжлийн эмч, жолооч нарыг хилийн цэрэг рүү татаж, бас курсээр бэлтгэлээ. Тэр дунд кино механикч Ү.Сэргэлэнгийн нэр явж байсан юм. Зургаан сарын курст суугаад, Овоотын заставт жолоочоор хуваарилагдав. Цоо шинэ ГАЗ-63 машины түлхүүрийг Овоотын заставын дарга Очир гардуулж өглөө. Овоотын застав нь Ноён сумаас 75 км, Гурван тэс сумаас 45 км зайтай, Монгол Улсын өмнөд хилийн дархан манаа. Орон тооны дөрвөн офицер, гучаад цэрэг дайчидтай цомхон алба байв. Хар багаасаа хүсэж, харанхуй шөнөөр зүүдэлж хүртэл явсан Хил хамгаалах албандаа Сэргэлэн маань анх ингэж ирсэн түүхтэй. Овоот, Оцон-мааньт, Онгон... гээд энэ хүний, өмнөд хилээр тойрсон замыг тоолвол дэлхийг хэд тойрсонтой тэнцэх юм гэнэ лээ. Заставынхаа даргыг дэргэдээ суулгаж, таван цэрэг, тонн ус, хоёр хонь, нэг нохой ачаад л гарна. Хилийн дагуу хэд ч хоног явж мэднэ. Харийнхны мөр мөшгиж, хад чулууг хүртэл хайж тандаж яваа нь энэ. Майхнаа барьж хээр хоноглоод л цаашаа явна. Сүлдтэй багана, сүншигтэй чулуу бүхнээ эргэж тойрч, сахиж манаж байсан хүний нэг бол Үржингийн Сэргэлэн яалтгүй мөн.

Анхны ажлын гараа кино миханикч. 1959 он

Хүүхдүүд өсч, бага дунд сургуультай газрыг бараадах болсноор Сэргэлэн маань хил манасан сүүлийн 15 жилээ Сүхбаатар аймгийн Онгоны отрядад өнгөрүүлсэн юм. Онгоны отряд найман заставтай. Тэр дунд өдөржин сүлжинэ. Хуучин машинаа халж цоо шинэ ЗИЛ-130 машинтай болсон юм. Энэ машинаараа сая гаруй км зам туулж, “Оросын нэг машинаар гурван шинэ машины эдэлгээ туулсан” хэмээн Москвагийн радиогоор яригдан Оросын нийслэлд уригдаж байв.

Ү.Сэргэлэнг хилийн цэргээс гавьяат тээвэрчинд тодорхойлон МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцуулж байсан нь Үржингийн хүүгийн үлэмжийн их гавьяа зүтгэлийн гэрч болж байж билээ. Түүний туулсан зам энгийн мөртлөө сонирхолтой. Гэлээ ч тэр бүхнээ ярих бас дургүй.Аргалж чаргалж байж арав таван үг унагаана. Тэрээр:

-Би чинь арын албаны хүн шүү дээ. Хилийн зөрчилтэй улаан гараараа уулзаж байдаг хүмүүс бол офицер, хилчид. Би бол баривчилсан хүнийг нь ачаад явж л байх үүрэгтэй. Сонин тохиолдлууд болдог л доо. Тэр бүхнийг санахгүй байна.Өсгий өлмийг нь солиод уллачихсан гуталтай хүн хил зөрчөөд ороод ирсэн байдаг юм. Мөрийг нь хөөхөөр гадагшаа хил даваад гарчихсан байдаг.Гэтэл нөгөө нөхөр хилээр орж ирээд хаа нэгтээ нуугдчихсан байсныг манайхан олж илрүүлээд баривчилж л байсан. Тагнуулынхан гэдэг чинь хүний санаанд оромгүй маш нарийн хөдөлнө шүү дээ гээд Сэргэлэн маань инээж байсансан. Өмнөд хил хамгийн будлиантай байсан хүнд үед Ү.Сэргэлэн эхнэр хэдэн хүүхдээ дагуулан буйр сэлгэж, буух суух чөлөөгүй явсаар насны ихэнхийг элээсэн хүн дээ. Эхнэр Должинсүрэн нь нутгаасаа анх гарахдаа “Энэ хил, хөл хоёр хаа хүрнэв чамайг дагана” гэж амласан юм гэнэлээ. Амьдралын их нугачаан дунд хил ч хязгааргүй үргэлжилж, хөл ч цуцалгүй урагшилсаар хагас зууныг бараг үдэх гэж байна.

ААВ:Хэдэн хүүхдээ л төмрийн дөртэй болгочих юмсан

Сэргэлэн Должинсүрэн хоёр гарын таван хуруу шиг таван хүүтэй. С.Эрдэнэтөгс, С.Эрдэнэбаяр, С.Эрдэнэбилэг, С.Эрдэнэдэлгэр, С.Эрдэнэсанаа. Хүү С.Эрдэнэбилэг нь осолдсон. Таван аймгаас таанын толгой шиг таван бэртэй. 1989 оны хавар Сэргэлэн маань тэтгэвэрээ тогтоолгочихоод харьж явах замдаа нэг л зүйлийг бодож явсан гэдэг. “Энэ хэдэн хүүхдээ л төмрийн дөртэй болгочих юмсан” гэж. Уул нь хүүхдүүд ч эцгийгээ дууриасан техникийн дөртэй, бас тэр дагуу сургууль ном үзсэн хүүхэд ч бий гэнэ. Би саяхан хилийн цэргийн дайчин ахмад тээвэрчин Үржингийн Сэргэлэнтэй уулзахаар Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гудамжуудыг зорьж билээ. Уул нь аугаа их ялалтын 70 жилийн ойн өмнө энэ ахмад настантай уулзах гэсэн хэрэг. “Хилчин” хотхон өнгөрөөд Баянхошууны гудамжууд эхлэх юм. Баянхошууны 17 дугаар гудамжны дунд хэрд дөрвөн тал хашаа байна. Үүдээр нь дөнгөж алхмагц л “төмөр” угтдаг. Ийм айлыг урьд өмнө үзээгүй болохоор нилээд сонирхлоо. Хоёр давхар байшин гурван машины гарааш долоон нохойны төмөр тор. Өргөдөг түрдэг, өрөмддөг тасладаг, түмэн янзын төмөр. Зэргэлдээ хашаа нь авто засварын газар. Баянхошууны 15 дугаар гудамжинд автомашины бүх төрлийн цахилгаан засварын газар. Бас л төмөр. Сэргэлэн тэтгэвэрт гарснаасаа хойш байгуулсан гурван хашаа дүүрэн “төмөр”  нь энэ гэнэ. Автозасварын газрууд нь голлож “Ланд” засдаг. Автын цахилгааны талд бол хийхгүй засвар үйлчилгээ байхгүй гэнэ. Гараашид нь Сэргэлэн болон хүүхдүүдийнх нь унаа машин байдаг гэх. Тэр бүхнийг үзэж явахдаа “төмрийн үзэсгэлэн гэвэл л ийм байх болов уу” хэмээн өөрийн эрхгүй бодож билээ. Энэ авто засварын газруудыг Сэргэлэнгийн хүүхдүүд болон шавь нар нь эрхэлдэг юм байна. “Хэдэн хүүхдээ л төмрийн дөртэй болгочих юмсан” хэмээн бодож явсан эцэг хүний сэтгэлийн уяа тайлагдаж байгаа нь энэ. Сэргэлэн жолоочийн унаа машин гараашийн мухарт тоосонд нилээн дарагдсан зогсож байна. “Хаагуур давхиж байна даа” гэсэн чинь тэрээр “Хотод хөдлөхөө больсон. Цагдаа камер хоёрт ээрүүлээд юу хийхэв дээ. Харин хөдөөгийн замд бол явнаа. Сурсан юм болохоор гэлдрээд л байна. Хөгшин жаахан чилээрхүү байгаа. Өнөө зун урагшаа л явна даа” гэж байна.

Ү.Сэргэлэн эхнэр дөрвөн хүүгийн хамт. 2013 он

-Энэ засварынхаа газруудад та ажиллаад байх уу? гэсэн чинь үгүй үгүй гээд толгой сэгсэрч байна. Хүний өөрийн хүүхдүүдэд зөвлөх багш хийдэг гэнэ. Санаанаас цаашгүй.  Орос машин орхигдож одооны тэргүүдийг бол мэдэхгүй юм. Зарим нь “Та хоцрогдож дуугүй л сууж бай” гэдэг. Өсөхөд аав ээж, өтлөхөд хүүхдийн үг л үнэтэй юм гээд амаа жимийн суудаг гэнэ. Сэргэлэн саяхан нэг хөглөснөө ярьж байна. Хашааны хаалга нүдээд байхаар нь шагайсан чинь нэг хүн цайран тогоо барьчихсан зогсож байх юм гэнэ. Таван мянгаар ав гэж гуйж байснаа гурван мянгаар ав гэж гуйгаад шалаад байхаар нь төмөрт дуртай юм болохоороо авчихаж. Түүнд таг хийж болохоор цагаан гөлмөн төмрөө гаргаж таг эсгэсэн чинь эхлээд томдуулчихаж. Жаахан хасаад тааруулчихья гэсэн чинь бүр багадуулчихаж. Багадуулахаар барахгүй гараа ураад цусыг нь гоожуулчихсан гэнэ. Тэгээд “миний төмөртэй ноцолдох хугацаа дуусчээ” гээд дахин элдэв юм барьж авахаа больсон гэж хуучиллаа. Тэгээд ч сүүлийн жилүүдэд төмрийн хор, гагнуурын утаанаас болоод астамтай болсон. Бараг хагас зуун жил төмөртэй ноцолдлоо. Одоо болоо доо гэсэнсэн. Би ярианыхаа дундуур, цаг заваа яаж өнгөрөөдөг, юу сонирхдогийг нь лавласан юм. Төмөр л сонирхдог гэж байна. Амьдралдаа цээрлэдэг гурван зүйл бий гэнэ. Архи, мөрийтэй тоглоом, зам төөрөх гурвыг л цээрлэдэг гэнэ. Жолооч хүн энэ гурваас л холуур явбал болноо болно гэж билээ. “Сэм” Сэргэлэн хэмээх хилийн цэргийн дайчин ахмад тээвэрчнийд ийнхүү саатлаа. Яагаад сэм нэрийг авлаа даа гэсэн чинь айлын мал үргээхгүй гэж холоос машинаа унтраачихаад өнхрүүлж ирдэг байснаа ийм нэр авсан даа гэж байна.

Хүү: ААВ МИНЬ НАСААРАА ТӨМӨР “ЗОДОЖ НҮДЭЖ” ГОМДООЧИХООД ЭНГЭРТ НЬ ЗАЯАГААГҮЙ ЮМ 

Намайг хотын төв рүү хүүгээрээ хүргүүллээ. Аав шигээ дуу цөөтэй, даруу төлөвхөн залуу байна. Би нэг зүйлийг мартсанаа гэнэт саналаа. Аав чинь ер нь ямар шагнал урамшуулалтай хүн юм гэсэн чинь тэрээр нэлээд бодолхийлж байснаа Аав минь насаараа төмөр “зодож нүдэж” гомдоочихсон юм болов уу даа, энгэрт нь заяагаагүй юм шүү дээ гэж байна. Огт одонгүй гэсэн үг юмсанж.