m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 02:25
56
Олон улсын "Андерграунд" кино наадам гурав дахь жилдээ

Төв Азидаа анхдагч бөгөөд цорын ганц авангард кинонд зориулсан “Алтан хальс” олон улсын Андерграунд кино наадам гурав дахь жилдээ ирэх сарын 6,7-нд зохион байгуулагдана. Монголоос кино бүтээлүүд хүлээж авах хугацаа энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм.   

Энэ жилийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд "Алтан хальс"  холбооны тэргүүн, Бусаны кино наадмын дээд шагналт кино найруулагч С.Бямба, Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, "Алтан хальс" холбооны гүйцэтгэх захирал Н.Энхбат нар оржээ. Мөн дэлхийн авангард кино урлагийн эн тэргүүний уран бүтээлчид болох Австрийн кино найруулагч Петер Черкасски, Америкийн кино найруулагч Ив Хеллер нар хүрэлцэн ирж киногоо толилуулж, шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж уралдаант хэсгийн бүтээлүүдийг шүүх юм.

Сонирхуулахад, найруулагч Петер Черкасски “Чамин цогц” киногоо одоо зохиогдож байгаа Каннын кино наадмын “Найруулагчдын хоёр долоо хоног 2015” хэсэгт нээж байгаа аж. Ингэснээр уг киноны Ази тивийн нээлт болох юм байна.

Олдмол материал ашиглан сор бүтээлүүд туурвигч Петер Черкасски ийнхүү гурав  дахь удаагаа дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадам Каннд киноныхоо нээлтийг хийж байгаа юм. 

Мөн Австрийн “Sixpack film” хэмээх дэлхийд алдартай дистрибьюторын дэмжлэгээр "Алтан хальс" кино наадмаар Австрийн авангард кино урлагийн төлөөллүүд болох Курт Крен, Зигфрид Фрухауф, Аскан Бройер, Райнер Гамсяагер нарын долоон уран бүтээлчийн богино киног “Байгалийн үзэмжийг өөрөөр тольдохуй” хөтөлбөрийн хүрээнд толилуулах юм байна.

Уралдаант хэсэгт түрүүлсэн бүтээлүүдэд “Golden Reel Award” буюу “Алтан хальс шагнал” цом, нэг сая төгрөг, бүтээлийг Австрали дахь Монголын Элчин сайдын яам дэмжин Мельбурнийн андерграунд кино наадмын (MUFF) сонголтын хороонд илгээх юм байна. Мөн “Special Jury Prize” буюу “Шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал”-ын эзэн, “Reel Deal Award” буюу “Шилдэг хүүрнэлт бус кино”,  “Шилдэг хүүрнэлт кино”, “Шилдэг хүүхэлдэйн кино” бүтээл тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулах нь. Шилдгээр шалгарсан таван бүтээл Венийн кино наадмын сонголтын хороонд толилуулагдах эрхтэй болох юм.