m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 04:50
191
Д.Ганболд: Уртын дуунд үг бий гэдгийг хүүхдүүдэд харуулна

Тэртээх 1991 онд ҮДБЭЧ-гын хаалгыг татсан залуу 1996 онд анхны томоохон бүтээл болох “Алтан ураг” бүжгэн жүжгийн зураачаар ажилласнаар уг чуулгатай холбогдох эхлэл нь тавигдсан түүхтэй. Энэ хүн бол Монголын үндэсний дуу бүжгийн үндэсний чуулгын ерөнхий зураач Д.Ганболд юм. Тус чуулгын ерөнхий найруулагч, зураачийн албыг нэр төртэйгээр хашиж ирсэн түүний шинэхэн найруулсан “Оройн дээд” үндэсний түүхэн дуурь өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд үзэгч олны хүртээл болсон билээ. Ингээд түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурлаар төрийн хүндэтгэлийн концертыг энэ жил анх удаа гадаа талбайд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Уг тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Эхний байдлаар Соёлын төв өргөөний гадна 40 метрийн урттай тайз, 5000 хүний суудал засахаар төлөвлөчихөөд байж байна даа.

-Таны мэргэжил зураач эсвэл найруулагчийн аль нь юм бэ?

-СУИС-ийг найруулагчийн мэргэжлээр төгссөн. Зураачийн хувьд өөрийн авьяасаа хөгжүүлсэн гэх үү дээ. 2010 оноос чуулгын ерөнхий найруулагч, ерөнхий зураач гэсэн хоёр албан үүргийг зэрэг хашиж байгаад 2014 онд хүлээлгэн өгөх ёстой байсан уран бүтээлийг 2015 онд хүлээлгэн өгсөн хэмээн ерөнхий найруулагч гэсэн албан тушаалыг хассан. Тэрнээс бол миний мэргэжлийг хасаагүй шүү дээ. Тийм учраас төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар ажиллаж байна.

Төрийн хүндэтгэлийн концертыг энэ жил анх удаа гадаа талбайд зохион байгуулахаар шийдвэрлэсэн

-Уран бүтээл ер нь хэдий хэмжээний хугацаанд төрөн гарах ёстой байдаг юм бэ?

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээл шалдир булдир бүтээл байх ёсгүй. Түүхэн уран бүтээл учраас сэтгэлийн хөөрлөөр хийж болдоггүй. Иймээс ч “Оройн дээд” үндэсний түүхэн дуурийг бүтээхэд эрдэм шинжилгээний хурал хийж, Богд хааны музейг судалж, түүхэн ном уншиж байж бүтээсэн. ҮДБЭЧ-ын тайзнаас Монголын түүхийн нэгээхэн хэсэг харагдах учраас цаг хугацаагаар хэмжих боломжгүй юм. Зарим нэг хүмүүс намайг энэ уран бүтээлийг хийснийхээ төлөө их мөнгө авсан гэж ойлгож байгаа нь бүдүүлэг явдал. Иймд дараагийнхаа уран бүтээлийг үнэгүй хийнэ хэмээн амалчихсан байгаа.

-ҮДБЭЧ-ын уран бүтээлийг жуулчид ихэвчлэн үздэг юм шиг санагддаг?

-Монгол урлагийн гайхамшиг нэртэйгээр зургаадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20 хүртэл өдөр бүр тоглолт хийдэг. Монголын ардын урлагийн сонирхолтой, шинэ сор бүтээлүүдийг нэгтгэн жуулчдад сонирхуулдаг.  Жуулчид Монголд ирээд дуурь, драм, зохиолын дуучдын тоглолт үзэхгүй шүү дээ. Тухайн үндэсний дуу бүжгийг сонирхоно шүү дээ. Манай уран бүтээлчдийн бүтээл бол Монгол Улсыг сурталчилж байгаа хамгийн том арга хэмжээ гэж ойлгож болно. Төрийн тэргүүн, сайд нар гаднын томоохон уулзалтад монгол хүн гэдгээ таниулах нэрийн хуудас бол язгуур урлаг байдаг юм.

ҮДБЭЧ-ын тайзнаас Монголын түүхийн нэгээхэн хэсэг харагдах учраас цаг хугацаагаар хэмжих боломжгүй юм

-Харин монголчууд үүнийгээ нэрийн хуудас болгож чаддаггүй юм биш үү?

-Айлын хоол амттай гэхчилэн монголчууд гаднын юм харахаараа гоё, монгол хүн чадвар муутай хэмээн ярьдаг. Түүнчлэн соёлын бодлогыг хэрэгжүүлж байгаа төрийн алдаа. Солонгосчууд нэг хэсэг Америкийн хөгжлийг дагаж өөрийн үндэсний урлагаа мартсан байсан. Одоо эдийн засгийн эрх чөлөөтэй болонгуут өөрийн үндэсний урлагаа төвийлгөж бахархалаа бий болгохыг оролдож байна.

-Шинэ уран бүтээл жилд хэчнээн гардаг вэ?

-Төрийн төсөвт байгууллага учраас хэдэн төгрөг төсөвлөхөөс хамаарч ажилладаг даа. Яамны уран бүтээл дэмжих төсөл хөтөлбөрөөр ганц нэг уран бүтээл хийдэг. Жилд дунджаар цоо шинэ 1-2 уран бүтээл гардаг. Энэ жил ҮДБЭЧ 65 жилийн ой тохионо энэ хүрээнд “Наран мандах нутгийн аялгуу” нэртэй тоглолт хийхээр бэлдэж байгаа.

Төрийн тэргүүн, сайд нар гаднын томоохон уулзалтад монгол хүн гэдгээ таниулах нэрийн хуудас бол язгуур урлаг байдаг

-Мөрөөдөл дууссан цагт хүн өөрөө төгсдөг гэдэг. Таны мөрөөдөл юу вэ?

-.Уран бүтээлч хүн мөрөөдлөөрөө амьдардаг. Мөрөөдөлгүй болохоор уран бүтээлч хүн мөнгөний хүүдий болж хувирна. Хүүхэд багачуудад таван хошуу малаа таниулсан жүжиг хийнэ. Үүнээс “Ишиг хөөрхөн нэр”, “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг тавьсан байгаа. Одоо бухандай, миний хэнз хурга, өнчин цагаан ботгоны үлгэрээр хийнэ. Арван жилийн сурагч хүүхэд ааваасаа “Ардын дуунд үг байдаг юм уу” гэж асуусан нь Монголын эмгэнэл. Уртын дуунд үг бий. Уртын дуу бол тэр чигээрээ философи өгүүлдэг. Өнчин цагаан ботгоны үлгэрээр дуулал жүжиг хийхдээ уртын дуунд үг байдаг юм уу гэсэн хариултыг гаргаж ирнэ. Хүүхдүүдэд бэсрэг уртын дуунд үг байхаас гадна ийм зүйл хэлэхийг хүссэн гэдгийг харуулна. Өнчин цагаан ботгоны тэр дууг хүүхдүүд дуулмаар санагдтал нь хийнэ гэж боддог. Түүнчлэн монгол хүн эх орноо Монгол орноосоо хайж байгаа талаар өгүүлсэн залууст зориулсан мюзикл хийнэ. “Тэнгэрийн тамга”-ыг хамгийн сүүлд Лигдэн хаан барьж байсан. Энэ утгаараа эвтэй байвал монголчууд ямар хүчтэй байдгийн тод жишээг “Оройн дээд” үндэсний түүхэн дууриар гаргасан бол эвээ алдвал монголчууд яаж дордгийг Лигдэн хааны түүхэн дуулалт жүжгээр харуулна гэж боддог.

Арван жилийн сурагч хүүхэд ааваасаа “Ардын дуунд үг байдаг юм уу” гэж асуусан нь Монголын эмгэнэл

-Хүнд олон үүрэг нэршил бий. Та аль үүргээ гүйцэтгэхдээ илүү аз жаргалтай байдаг вэ?

-Миний хувьд дөрвөн хүүхдийн аав. Сайн, муу аав байсныг миний хүүхдүүд хийсэн уран бүтээлээс минь хараад дүгнэх байх. Хамгийн сайхан нь уран бүтээлийнхээ ажилд хамгийн их цаг хугацаа хүч хөдөлмөр, аз жаргалаа шингээж ажилладаг даа.