m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 06:31
227
“Альфа филтер” бүх төрлийн шүүлтүүр үйлдвэрлэдэг

“Альфа филтер” ХХК нь бүх төрлийн хөдөлгүүр, авто машины моторын агаар шүүлтүүр болон түүний элементийг эх орныхоо хэрэглэгчдэд хямд өртгөөр чанартай үйлдвэрлэж, нийлүүлэх зорилгоор 2013 онд байгуулагдсан тухайн салбарт анхдагч үндэсний үйлдвэрлэгч юм. Тус үйлдвэр нь Европын стандартыг хангасан технологи, тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд бүтээгдэхүүний угсралтын материалуудыг олон улсын чанарын шаардлагыг хангасан үйлдвэрлэгчдээс эрүүл ахуйн шаардлага болон манай орны цаг уурын нөхцөлд тохирсон материал, түүхий эдийг захиалан оруулж ирж, үйлдвэрлэлдээ ашигладаг байна. 

Одоогоор 85 төрлийн агаар шүүгч, түүний элементийг “АА” “Альфа агаар шүүгч” худалдааны кодтойгоор үйлдвэрлэж худалдаанд гаргаад байгаа ба түүнээс гадна хэрэглэгчийн захиалгаар хүссэн загвар, хэмжээгээр үйлдвэрлэдэг аж. Ингээд "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн энэ удаагийн зочинтой ярилцсанаа хүргэж байна.

-Та  үйлдвэрийнхээ талаар танилцуулахгүй юу. Анх ийм үйлдвэр байгуулах санаагаа хаанаас олж авсан бэ?

-Би үйлдвэрлэлийн менежмент, эдийн засгийн чиглэлээр 2011 онд ОХУ-д төгссөн, энэ үйлдвэрийн гүйцэтгэх захирал хийдэг. Манай үйлдвэрийн хөрөнгө оруулагч, ерөнхий захирал нь И.Мөнхбат гэж хүн байдаг. Би өмнө нь Тээвэр зуучийн толгой компанид гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа энэ үйлдвэртэй холбоотой борлуулалт хийдэг байсан. Зөвхөн тээвэр зуучаас гадна гадаад худалдааны салбарт ажиллаж байсан. Гадаадаас ирсэн бараа, материалуудыг харж байхад энд үйлдвэрлэх боломжтой санагдаад 2012 оноос үйлдвэрлэл байгуулах судалгаагаа хийж эхэлсэн. Тухайн үед эдийн засгийн өсөлт ч өндөр байсан.

Ялангуяа уул уурхайн техник хэрэгсэлүүдийн сэлбэг материалыг цаг хугацаандаа сольдог учраас маш их хэрэгцээтэй байдаг нь ажиглагдсан. Уул уурхайн тээврийн хэрэгсэл нь нарийн тоостой газар ажилладаг учраас амархан бохирддог. Тэр тусмаа дизель хөдөлгүүр нь бохирдоод агааргүй болоод ирэхээр хүч чадал нь ч мэдэгдэхүйц өөрчлөлт гардаг, амархан эвдэрч гэмтдэг. Өөрөөр хэлбэл 10 жил хэрэглэх байсан техник маань таван жил хэрэглэгдэх жишээтэй. Ийм учраас уул уурхайн техник хэрэглэдэг хүмүүс л сайн мэддэг болохоос энгийн хэрэглэгчид тэр болгон мэддэггүй байсан.

Харин сүүлийн үед харьцангуй хүмүүс мэддэг болчихсон байна. Мөн сүүлийн үед ганцхан том гэлтгүй жижиг хөнгөн тэрэг хүртэл агаар шүүгчтэй байдаг, түүнийгээ солих шаардлагатай байдаг болсон. Тэгээд бид судалгаагаа 2013 он хүртэл жилийн хугацаатай хийсэн. Тэгээд 2013 оны дөрөвдүгээр сард компаниа салбарлаад, судалгааныхаа дагуу тоног төхөөрөмжүүдээ Винжоу хотын европ стандартаар Хятадад гаргадаг үйлдвэрээс анх оруулж ирсэн. Тухайн үед мэргэжилтэн байхгүй байсан учраас үйлдвэрлэл маань 2013 оны долоодугаар сараас эхэлж хоёр сарын хугацаатай туршилтын үйлдвэрлэл явагдаад есдүгээр сарын 18-аас анхны борлуулалтаа хийсэн.

Хамгийн анх захуудаар борлуулж эхэлсэн. Бид бүтээгдэхүүнээ борлуулж эхлээд л маш олон байгууллагуудад хандсаны хүчинд өнөөдөр олон хэрэглэгчтэй болж чадсан. Үүний дотор төрийн өмчийн бүх уурхай болон УБТЗ, Гурилын үйлдвэр гэх зэргээр нэрлэвэл урт жагсаалт гарна.

-Тэгэхээр зөвхөн машины шүүлтүүрээс гадна үйлдвэрийн тоног төхөөрөмжид зориулсан шүүлтүүр хийдэг гэсэн үг үү?

-Манайх анх автомашины шүүлтүүр хийдэг байсан бол одоо бүх төрлийн тоног төхөөрөмжийн шүүлтүүрийг хийдэг болсон. Хамгийн сүүлд гэхэд "Өгөөж" ХК манайхаас хиншүү сордог том төхөөрөмжиндөө шүүлтүүр хийлгэж суурилуулсан. Учир нь тосны уур хиншүү сордог төхөөрөмжийг яваандаа бөглөчихдөг учраас солихоос өөр аргагүй болдог байна. Тэгээд манайхтай хамтраад тэрний доор нь шүүлтүүр зохиож хийлгүүлээд одоо туршилтын үедээ явж байна.

Энэмэтчилэн бид ихэнх газруудтай "Эхлээд туршилт хий, бидэнд санаа оноогоо өг. Тэгвэл бид тодорхой хэмжээний онолын үндэслэлтэй, туршилтын дүгнэлттэйгээр угсраад явна" гэсэн саналыг тавьж ажилладаг.

-Яг одоогийн байдлаар хэчнээн төрлийн шүүлтүүр үйлдвэрлэж байна вэ?

-Автомашины тал дээр байнгын үйлдвэрлэл явуулж байна. Сүүлийн үед манай улсад 500 мянга гаруй автомашин байна гэсэн тооцоо байгаа. Үүнээс түгээмэл байдаг машиныг судлаад бэлэн бүтээгдэхүүн гаргаж байна. Яг одоогоор 85 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна захиалгаар зөвхөн тухайн байгууллага л хэрэглэдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Жишээ нь УБТЗ манайд есөн төрлийн шүүлтүүрийн захиалга өгсөн. Энэ бүгдийг бид 3-6 сарын хугацаанд туршаад өрсдийнх нь санал болон лабраторийн дүгнэлтэд үндэслээд хийдэг. 

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Түүхий эдээ их олон газраас авдаг. Сүүлийн үеийн буюу 2012 оноос хойшхи бүх бүтээгдэхүүнд зутгагддаг резинэн эдлэл буюу хуванцар материалаас эхлээд 20 гаран төрлийн түүхий эд байгаа. Ерөнхийдөө бүгдийг нь 100 хувь гаднаас оруулж ирдэг. ISO5011, ISO9001, ISO2014 стандартыг хангасан нарийн шүүлттэй хамгийн гол элемент болох шүүлтүүрийн цаас, даавуун материалуудаа АНУ-аас оруулж ирдэг. Энэ нь нэг см-ийг 10,000 хуваасны нэгтэй тэнцэх нүхний хэмжээтэй байдаг. Мэдээж хэрэг манайд байгаа хятад машинууд энэ бүтээгдэхүүнийг авдаггүй. Тэгэхээр тэрэнд зориулсан филтерүүдээ Хятад улсад үйлдвэрлэсэн материалаар хийдэг. Үзүүлэлт нь жоохон муу ч гэсэн гаднаас орж ирсэн хулхи бараануудтай харьцуулалт байхгүй сайн гэдгийг хэрэглэгчид маань мэддэг.

-Импортын бүтээгдэхүүнээс үнийн хувьд хямдхан байж чадах уу?

-Мэдээж хамаагүй хямдхан байгаа. Яагаад гэвэл агаар шүүгчийг цаас, даавуу гэх мэт материалаар хийдэг мөн хэмжээ томтой учраас тээвэрлэхээд бэрхшээлтэй байдаг. Жишээ нь HOWO машины агаар шүүгчийн хулхи нь энд 40-50 мянган төгрөгөөр борлогддог байсан. Харин манайх үйлдвэрлэж эхлээд үүнийг 33000 төгрөгөөр л борлуулж байгаа юм. Учир нь овор хэмжээ ихтэй учраас тээвэрлэхдээ нэг контейнерт 200-300 ширхэг л оруулж ирдэг. Гэтэл манайх түүнээс дөрөв дахин ихийг хийх түүхий эд оруулж ирдэг. Зарим нэг бүтээгдэхүүнүүд нь илүү үнэтэй байдаг ч дундажлаад үзвэл 30-50 хувиар хямд тусдаг. Жишээ нь "Белаз" маркийн машины шүүлтүүрийг урьд нь 400 мянган төгрөгөөр авдаг байсан бол манайхаас 280 мянган төгрөгөөр авдаг болсон. Мөн УБТЗ-д 2010 оноос эхлээд хоёр улсын дүрмийн сан нэмэгдүүлэх журмаар орж ирсэн 33 ширхэг 2T116UN гэдэг зүтгүүр байдаг. Түүний нэг зүтгүүрт нь 48 ширхэг агаар шүүгч хэрэглэдэг. Зүтгүүрийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд нэг удаагийн тээвэрлэлтэнд 12000 ширхэгийг нэг бүр нь 33000 төгрөгөөр Украйнаас оруулж ирдэг байсан. Харин бид яг стандартын дагуу бүрийг нь 20000 төгрөгөөр үйлдвэрлэдэг болсон. Ингээд үзэхэд нэг бүтээгдэхүүнээс 13000 төгрөгний валют хэмнэж байна. Мөн дээрээс нь ажилчдын зардал гэх мэт зүйлсийг хэмнээд үзвэл гадагшаа гардаг валютыг 50 орчим хувиар хэмнэж чаддаг болсон. 

-Шинэ төрлийн үйлдвэр болохоор боловсон хүчний хувьд нилээд асуудалтай байдаг байх. Үүнийгээ хэрхэн шийддэг вэ?

-Үйлдвэрийн тоног төхөөрөмж маань мэргэжлийнхээ гарын авлага, заавартайгаа ирж байсан. Мөн дээрээс нь өөрсдөө судалгаа хийсэн. Анх үйлдвэрлэл багатай байхад асуудал бага байсан ч аж ахуй нэгжүүдтэй харилцаад эхлэхээр боловсон хүчний асуудал нэлээд хэцүү болж эхэлсэн. Үүнээс гадна бид онолын үндэстэйгээр "Стандарт" боловсруулах шаардлагатай болсон. Учир нь нэг байгууллага дээр туршилт явуулаад амжилттай болвол нөгөө талтай гэрээ байгуулдаг. Гэтэл тухайн байгууллагын нэг техник нь гэхэд хэдэн тэрбум төгрөгний үнэтэй байгаа. Тэр үнэтэй төхөөрөмжид хэрэглэх сэлбэг хэрэгсэл гэдэг чинь албан ёсны сертификаттай байх шаардлагатай байдаг. Тэр сертификатыг авах гээд "Стандарт хэмжилзүйн төв"-д хандахад байдаггүй. Тиймээс бид өөрсдөө гаднаас хэрэгтэй стандартаа доллараар нь худалдаж аваад түүнийгээ үндэсний стандарт болгохын тулд ШУТИС-ийн багш Балжинням, Мягмаржаргал нартай гэрээ байгуулж энэхүү бүтээгдэхүүнээ албан ёсны стандарттай болгож байсан. Үүнийг хийхийн тулд бараг хагас жил зарцуулсан. Ер нь бол уул уурхай, техник дагасан үйлдвэрүүдэд стандартын асуудал их тохиолдож байгаа. Тэгэхдээ "Стандарт хэмжилзүйн газар"-т захиалагаа өгвөл 1-2 жилийн дараа батлаж өгдөг ч бид батлахыг нь хүлээгээд тэр хугацаанд юу ч хийхгүй байж болохгүй шүү дээ. Бас стандартаа шалгадаг лабратори гэж байх ёстой, гэтэл тэр нь ч байдаггүй. Тийм болохоор бид нар шаардлага гарсан үед Хятад явж шалгуулж байх жишээтэй. Хэрэв бид тэрийг байгуулна гэвэл маш том үйлдвэр байгуулах хэрэгтэй болно. Гэтэл бидэнд одоохондоо боломж нь байхгүй учраас өөрсдийн бололцоогоороо зарим нэг шийдэж чадах юмаа хийгээд явж л байна.

Саяхан бид нэг төсөл бичиж шалгараад өнгөрсөн наймдугаар сард төсөв нь орж ирснээр өргөтгөл хийгдсэн. Ингэснээр одоо манай үйлдвэр ямар ч агаар шүүгчийг хийж чадна.

-Борлуулалт хэр байдаг вэ. Үндэсний үйлдвэрээ дэмжих тал дээр иргэд, аж ахуйн нэгж ямар хандлагатай байна гэж үздэг вэ?

-Борлуулалт байна. Тэгэхдээ төлбөр тооцооны тал дээр нэлээд асуудал байна. Бараг бүтэн жил ажил болгож байж бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд захиалгат газартаа нийлүүлэхээр хэрэглэчихсэн хэрнээ төлбөрөө төлдөггүй. Одоо 2013, 2014 оны авлага ч байна. Хувийн байгууллага харьцангуй гайгүй, харин төрийн байгууллага л их хэцүү. Уг нь зардал мөнгөний хувьд харьцангуй бага зардалдаа ордог ч норм хугацаанд нь солих шаардлагатай учраас байнга хэрэг болдог бүтээгдэхүүн. Үүнтэй уялдаад бидний ажил доголдож, сард 20,000 бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байтал 1500 ширхэг бүтээгдэхүүн л үйлдвэрлэж байх жишээтэй.

Хэрвээ ийм асуудал байдаггүй, эргэлтийн хөрөнгө цагтаа орж ирдэг бол манай компани дангаараа Монгол Улсын зах зээлийн 20 хувийг хангах бүрэн чадвартай.  

Түүнчлэн хүмүүс өөрсдөө стандартаа зохиогоод ярьчихдаг. "Солонгос машинд солонгос л сайн. Хятад машинд хятад л сайн" гэх мэт. Гэтэл энэ дотроо хуурай газар, чийгтэй газраасаа шалтгаалаад өөр өөр байдаг. Харин хэрэглэгчид үүнийг мэддэггүйгээс солонгос машиндаа солонгост үйлдвэрлэсэн чийгтэй газрын шүүгчийг авчихдаг. Тийм учраас хэдий төр засгаас дэмжиж, үйлдвэр явуулах нөхцөл нь байгаа ч монголын хэрэглэгчдийн сэтгэхүй, хэрэглээнд нь боловсрол олгох шаардлага байгаа юм.

Энэхүү бүтээгдэхүүнийг хийх дамжлага торноос эхлэдэг байна. Юуны өмнө тороо хэмжээсийн дагуу зүсэж, дараа нь цаасаа зүснэ. Цаас нь таван эгнээ гарна. Цаас нугалах, тор зүсэхээс бусад бүх ажиллагаа нь гар аргаар явагддаг байна. Зөвхөн цаас нь өдөрт 400 гаран гардаг ч цавуугаа наагаад хонуулсны дараа нөгөө талаа наадаг болохоор хоёр өдөрт 400 филтер гардаг талаар тус үйлдвэрт хоёр жил ажиллаж буй М.Отгонцэцэг ярьсан юм.

Ийнхүү манай төслийн баг импортын бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж буй баялаг бүтээгчдээ онцоллоо.

“Альфа филтер” ХХК-тай холбоо барих утас:7013-1107, 95494509