m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 06:57
156
МҮХАҮТ-ын нээлттэй өдөрлөг болж өнгөрлөө

МҮХАҮТ-ын үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан нээлттэй өдөрлөг арга хэмжээ болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд танхимын бүтээгдэхүүн, бараа үйлчилгээ, ном, гарын авлагыг танхимын Удирдах зөвлөлийн гишүүд, шинээр танхимд элсэж буй гишүүд болон Топ-100 аж ахуйн нэгжийн 30 гаруй төлөөлөлд танилцууллаа. Мөн танхимын 15 газар хэлтэс өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ сурталчилж байна.

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав

- МҮХАҮТ үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан нээлттэй өдөрлөг болж байна. Энэхүү өдөрлөгийн үр өгөөжийг хэрхэн дүгнэж байна вэ?

-МҮХАҮТ бол нийтэд үйлчилдэг байгууллага. Тийм учраас танхимын дотоод үйл ажиллагаа, энд явагдаж байгаа үйл явцыг гишүүдээс гадна бизнес эрхлэгчид мэдсэнээр өөрт ямар давуу тал бий болж болохыг урьдчилан мэдэх боломжтой. Энд нийт 138 хүнтэй институт ажиллаж байна. Тэдний хүч, мэдлэг чадварыг өөрсдөдөө ашигтайгаар ашиглахын тулд танхимаа сайн мэддэг байх ёстой гэсэн үг.

-Шинэ гишүүд элсүүлж байгаа гэсэн. Ингэснээр тэдэнд ямар хөнгөлөлт, давуу тал олгох вэ?

-Иргэдийг өмчтэй байлгах, аж ахуйг чөлөөтэй эрхлэх, хөдөлмөрийн харилцаанд чөлөөтэй оролцох эрхийг нь олгодог байгууллага бол МҮХАҮТ юм. Тиймээс анх шинээр элсэж байгаа гишүүд маань энэ байгууллагын дотоод нөөцөд тулгуурлан дээр дурдсан эрхийг эдлэх боломжтой. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай байдаг. Хэрэв гишүүд танхимтай хамтран ажиллавал илүү үр дүнд хүрнэ.

-Бизнес эрхлэгчдэд хууль эрх зүйн орчин маш дутмаг байдаг гэж яриад байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Бизнес эрхлэгчид маань хууль эрх зүйн дагуу явах нөхцөл нь наад зах нь санхүүгийн тайлангаас эхэлдэг. Энэ нь татварын хууль тогтоомж, санхүүгийн хууль тогтоомжийн ойлгомжгүй байдал олон жилийн хугацаанд үргэлжилснээс болж компаниуд таатай нөхцөлийг ашиглаж чаддаггүй. Тиймээс үйлдвэрлэл эрхлэгчид өөрөө өөрсдийгөө хамгаалж, өөрсдийнхөө бүтээсэн баялгийг хамгаалахын тулд хууль эрх зүйн орчинд сайн тоглогч байх ёстой. Өөрөөр хэлбэл, та хэр зэрэг хамгаалалт хийж чадна, тэр хэмжээгээр зах зээл дээр удаан оршин тогтнож чадна.

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг

-МҮХАҮТ-ын 55 жилийн ойгоор ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?

-Энэ жил бидэнд түүхэн ой тохиож байна. Танхимын үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүний хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд танхимын үйл ажиллагааг олонд таниулах, гишүүн байгууллагуудтай хамтарч ажиллах, гишүүн бус аж ахуйн нэгжүүдийг гишүүнээр элсүүлэх зорилготой эрдэм шинжилгээний бага хурал зэргийг зохион байгуулна. Өнөөдөр бол Удирдах зөвлөлийн гишүүдэд танхимын үйл ажиллагааг улам нягт танилцуулахын тулд нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Тэгэхээр тэргүүлэгч, удирдах зөвлөлийн гишүүн байна гэдэг нь бидэнтэй хамт бизнесийн орчныг таатай болгох, бизнесийг дэмжин урамшуулах үүрэг хүлээдэг. Тэгэхээр гишүүд танхимын дотоод үйл ажиллагааг нэг бүрчлэн сайн мэддэг байвал хамтын ажиллагаа үр дүнд хүрч, бизнес эрхлэгчидтэй илүү ойр ажиллах байгууллага болно гэж үзэж байгаа. Тэр утгаараа ч танхим дотор үйл ажиллагаа явуулж буй 32 зөвлөл бий.  Тэр зөвлөлийг давхар удирдах зөвлөл болоод тэргүүлэгчдийн гишүүд хариуцан авч, бодлогын өмгөөлөл хийхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж, тэдний саналыг Удирдах зөвлөлийн хуралд танилцуулж, холбогдох төрийн байгууллагад дамжуулах ажлыг хийхээр төлөвлөж байна. Мөн танхим энэ жилээс эхлэн “Чанарын удирдлагын IOS” стандартыг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Эхний ээлжинд бүх судалгааг хийж, дүгнэлтээ гаргасан байгаа.

МҮХАҮТ-ын зөвлөх Ц.Янсанжав

-Нээлттэй өдөрлөгөөр ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулах вэ?

-МҮХАҮТ-ын 55 жилийн ойгоор нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ нь танхимын үндсэн үйл ажиллагааг гишүүдэд танилцуулах, гишүүдийн санал хүсэлтийг хүлээж авч, үйл ажиллагаандаа тусгах, харилцан мэдээлэл солилцох зорилготой юм. МҮХАҮТ-д нийт 15 газар хэлтэс үйл ажиллагаа явуулж байгаа. Тэд өөр өөрсдийн бүтээгдэхүүний талаар товч мэдээлэл өгч, мөн XIX Их хурлаас сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулах, ТОП-100 аж ахуйн нэгжид шалгарсан ч гишүүнээр элсээгүй аж ахуйн нэгжийг элсүүлэх, тэдний бүтээгдэхүүнийг сурталчлах бүрэн боломжтой болох юм. Цаашлаад амьд харилцаа холбоог бий болгох, ингэснээр аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллавал бидний ажил хурдан урагшилна.

-Хууль эрх зүйн орчныг мөн адил сайжруулах хэрэгтэй байх?

-Үүнд манай арбитрын шүүх сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Одоо бизнесийн холбогдолтой хууль эрх зүйн актад ямар өөрчлөлт гарч ирж байна, танхимын үндэсний арбитрын шүүх дээр ямар асуудал яригдаж байна вэ, бизнес эрхлэгчид юун дээр алдаж, юун дээр онож байна, цаашлаад хууль эрх зүйн орчныг хэрхэн өөрчилвөл тэдэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэж болох вэ гэх зэргээр сайтар судалгаа хийх ёстой. Мөн хамтарч ажиллахдаа хууль эрх зүйн актыг гэрээндээ тусгаж өгөх хэрэгтэй.