Английн “Манчестер Юнайтед”-д зээллэгээр тоглож буй Радамель Фалькао ирэх улирлаас “Челси”-д тоглож магадгүй байна. Түүнийг эзэмшдэг “Монако”-гийн удирдлага 29 настай тоглогчийг нэг улирал зээлээр тоглуулж, яваандаа худалдаж авах саналыг Лондоны клубт тавьсан аж. “Челси”-гийн зүгээс өндөр цалинтай колумб довтлогчийг авах эсэх хариугаа ойрын хугацаанд өгөх гэнэ. “Бар” хочит Фалькао “Юнайтед”-аас долоо хоногийн 220 мянган фунт-стерлингийн цалин авдаг юм. Тэрбээр Английн Премьер-лигт 26 тоглолтод оролцохдоо (ихэвчлэн сэлгээнээс) 4 гоол оруулж, 5 гоолын дамжуулалт өгчээ.