m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 09:35
75
Гэр бүл салалт 2009 оноос хойш нэмэгдэх хандлагатай байгаа

Улсын Дээд шүүхээс улсын хэмжээгээр авсан судалгаа болон Улаанбаатар хотын дүүргүүдийн шүүх, холбогдох үйлдвэр, албан газар, байгууллага, шүүх яамд, Монголын эмэгтэйчүүдийн хороотой хамтран хийсэн шалгалтын дүн, иргэний шүүн таслах ажлын судалгаанд үндэслэн насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй тухай маргааныг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэж, тэтгүүлэгчид тэтгэврийг гаргуулж өгөхийг заасан байдаг.

Гэтэл өнөөгийн нийгэмд хүүхдийн тэтгэмжийн мөнгө буюу амьжиргааны доод түвшний хэмжээний тал  мөнгө болох 86 000 төгрөг төлөх чадваргүй, ухамсаргүй аав гэх нэр зүүсэн биологийн эцгүүд дүүрэн байна. 

Ихэнх бүсгүйчүүд хүүхдийн тэтгэмжийн хэмжээ маш бага гэж боддог. Үнэндээ тийм биш 10 хүртэлх насны хүүхэд эхтэйгээ амьдарч байна гэж бодвол салсан, хаясан, тохироогүй, ойлголцоогүй, хуурсан эцгээсээ шүүхээс тогтоосны дагуу сар бүр 10 хүртэлх насны хүүхдэд амьжиргааны доод түвшний 50% буюу сар бүр 86,000 төгрөг, 11-16 насны хүүхдэд сар бүр 172,000 төгрөг бол зөв хуримтлуулж, хүүхдэдээ оюуны болон эрүүл мэндийн боловсрол олгоход нэмэртэй, санхүүгийн бяцхан үүсвэр гэдгийг тоодоггүй. Ийм тохиолдолд хууль ёсны л албан ёсоор шүүхээр тогтоолгож аваад зөв зарцуулах хэрэгтэй. Магадгүй 86,000 төгрөг таны хүүхдийн нэг сарын хэрэглээний мөнгөний хэмжээнд дүйцэхгүй ч гэлээ хуримтлал үүсгэвэл ирээдүйд хүүхдийн тань боловсролд ямар их хөрөнгө оруулалт болохыг та төсөөлөх ч үгүй биз. 

Зарим эмэгтэйчүүд хууль эрх зүйн мэдлэг хомс, энэ талын мэдээлэл бага байдгаас үүдэн хүүхдийн тэтгэмж хэрхэн тогтоолгох, яаж авах талаар мэддэг ч үгүй. Өнөөгийн нийгмийн шүдний өвчин болчихоод байгаа гэр бүл салалт, хүүхдийн тэтгэмж төлөлтийн асуудлын талаар бид мэргэжлийн хүнээс буюу  ШШГЕГ-т хүүхдийн тэтгэмж хариуцсан хэлтсийн дарга Ю.Батгэрэлээс асууж тодруулсан юм. 

Хүүхдийн тэтгэмж олгоход  ямар зарчим баримталдаг вэ?

Хүүхдийн тэтгэмж тогтоолгох асуудлыг гэр бүлийн тухай хуулиар шийддэг. Хүүхдийн тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшнээр бодож тооцдог. Хүүхэд 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшин буюу 172,900 төгрөгөөс 50 хувиар олгохоор тооцдог. Харин 11-18 нас хүртэл 100 хувиар тооцох хуулийн заалт бий. Зарим иргэд шууд л манай байгууллагад хандах юм шиг ойлгодог. Гэхдээ бид шүүхээс гарсан шийдвэрийг гүйцэтгэх шатны байгууллага учраас эхний ээлжинд хүүхдийн тэтгэмжийн асуудлыг хариуцагч буюу тэтгэмж төлөгчийн харьяа дүүргийн Иргэний хэрэг шийдвэрлэх шүүхээр, гэр бүлийн хуулийн дагуу шат дамжлагатай шийдвэрлэсний дараа шийдвэрийг хэрэгжүүлж эхэлдэг. Заавал шүүхийн шийдвэрээр ч биш хоёр хүн хоорондоо тохиролцоод, гэрээ хийж хүүхдэдээ төдий хэмжээний тэтгэмж өгнө гэж тохиролцсон бол гэрээний дагуу хүүхдийн тэтгэмж авч болдог. Хэрэв хариуцагч хүүхдийн тэтгэмж өгөхгүй бол харьяа дүүргийн иргэний хэргийг шийдвэрлэх анхан шатны шүүхээс шийдвэр гүйцэтгүүлэх бичиг авчирч, манай байгууллагад өгснөөр ажиллагаа эхэлнэ. 

Монгол Улсын хэмжээнд хэчнээн хүн хүүхдийн тэтгэмж төлдөг вэ? Үүний цаана хэдэн хүүхэд байдаг бол? 

Улаанбаатар хотын хэмжээнд 4000 орчим хүнээс хүүхдийн тэтгэмж гаргуулах тушаал бидэнд ирсэн. Монгол орны хэмжээнд хэд байгаа статистикийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргадаг. Ерөнхийдөө хүүхдийн тэтгэмж төлөгчийн тоо жилээс жилд өссөөр байна. Бид 60 орчим хувиас нь хүүхдийн тэтгэмжийг гаргуулж авдаг. Яг бидэнд ирсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх захирамж 4000 байгаа ч гэлээ цаана нь үүнээс хэд дахин илүү хүүхдийн тэтгэмж төлөх иргэд байгаа. 

Монгол Улсын хэмжээнд ШШГ байгууллагуудын ажлыг хамгийн их чирэгдүүлж, хамгийн хүндрэлтэй байдаг ганцхан асуудал нь хүүхдийн тэтгэмжийн асуудал байдаг. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч биелүүлсэн захирамж болгоноосоо гүйцэтгэлийн урамшуулал гэж авдаг юм байна лээ. Магадгүй хүүхдийн тэтгэмжийн мөнгө бага учраас асуудлыг хойш тавьдаг байж болох уу? Энэ талаар тодруулахгүй юу? 

Тийм заалт байдаг. Гүйцэлдүүлсэн ажлынхаа 0,5-10 хувийг авдаг. Мөнгөний хэмжээ ихсэх тусам авах хувь нь багасаад явдаг. Гэхдээ хүүхдийн тэтгэмжийн мөнгөнөөс авдаггүй заалттай. Энэ асуудал дээр хүмүүс ташаа ойлголттой яваад байдаг. Бид хүүхдийн тэтгэмжийн наяадхан мянган төгрөгнөөс нь 8000-ыг авчихвал болохгүй шүү дээ. Хүүхдийн тэтгэмжээс хувь авдаггүй байгаа. 

Шүүхийн захирамж гараад ШШГЕГ-т ирчихсэн, цаашлаад шийдвэр гүйцэтгэгч нар шаардлага тавиад байхад хүүхдийн тэтгэмжийн мөнгөө төлөхгүй байгаа олон хүн байгаа. Энэ хүмүүст ямар арга хэмжээ авдаг вэ? 

Миний хэлсэнчлэн хүүхдийн тэтгэмжээ төлж байгаа гэгдэх хүмүүс нь 60 хувийг эзэлж байгаа. Эдгээр хүмүүс ерөнхийдөө ажил эрхэлдэг, боловсролтой, амьдралаа ямар ч байсан аваад явчихдаг хүмүүс байдаг. Үлдсэн 40 хувь нь голцуу амжиргааны түвшин муу, хувь хүний төлөвшил ар гэрийн орчин муутай, ухамсар дорой, ажилгүй хүмүүс байдаг. Зарим нь бүр их зальтай гэрийнхээ хаягийг хэд хэд сольчихсон, оршин суугаа хаяг, ажиллаж байгаа газар нь тодорхойгүй хүмүүс байдаг учраас ажлыг их чирэгдүүлдэг. Манай шийдвэр гүйцэтгэгчид энэ хүмүүсийн араас олон өдөр хөөцөлддөг ч үр дүн гарах нь муу байдаг. 

Эргээд нэхэмжлэгч дахиад л хохирч байна. Хариуцагч нь ч олдсон юмгүй, олдлоо гэхэд тэтгэмж төлөх чадваргүй хүмүүс байдаг гэлээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн мөнгө гэж 50,000 төгрөг төлж шатаад л дуусдаг байх нь. Тэгвэл хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй байгаа хүмүүст ямар арга хэмжээ авдаг вэ? 

Шийдвэр гүйцэтгэлийн мөнгө гэдэг нь шийдвэр гүйцэтгэлийн явцад гарах унаа, замын зардал, гар утасны нэгж, хэдэн өдөр явахдаа идэх хоолны мөнгөнөөс авахуулаад гардаг зардлууд байдаг. Энэ зардал нь зарим тохиолдолд хүрэлцэхгүй үе ч гарна. 

Тэтгэмж төлөгч тэтгэмжээ төлөх чадваргүй, ажилгүй, өөрийн өмчгүй бол үнэхээр ямар ч арга байхгүй. Хэрвээ өөрийн гэсэн өмчтэй бол хөрөнгийг нь битүүмжилж, зарж борлуулаад хүүхдийн тэтгэмж олгогдоно. Ажил эрхэлдэг бол нягтланд нь шаардах хуудас хүргүүлээд мөнгийг нь цалингаас шилжүүлэх арга хэмжээ авдаг. Зарим хүмүүс өөрсдийнхөө өмчийг өөр хүний нэр дээр шилжүүлсэн байдаг бол зарим нь нэг хүүхэд өнчрүүлж орхичихоод бас нэг эхнэрийнд очоод хэвтчихсэн байх тохиолдол маш их байдаг. Ямар ч орлого олдоггүй дээр нь бас нэг хүнийг шимэгчлээд амьдарч байдаг гэсэн үг. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчдыг шүдгүй арслан гэдэг. Бид дүрэмт хувцас өмссөн, улсын хууль хяналтын байгууллагын албан хаагчид хэрнээ иргэн албан байгууллага, хувь хүнд шаардлага тавихаас өөр юу ч хийж болддоггүй. Баривчлах ч эрхгүй байдаг. 

Монгол Улс албадан хөдөлмөр эрхлэн дэлхийн конвенцид нэгдсэн учраас тэтгэмж төлөхгүй байгаа хүмүүсийг албадан хөдөлмөр эрхлүүлэх хуулийн заалт ч байдаггүй. Тэгэхээр хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй байгаа хүмүүсийг албадан хөдөлмөр хийлгэж л болохгүй хорьж шийтгэх заалт ч байдаггүй учраас хүүхдэдээ мөнгө өгөх нь ёстой л ухамсарын асуудал болоод байгаа юм. 

Хоёр гурван эхнэрийн хүүхдэд тэтгэмж төлдөг эрчүүд ч байгаа, хоёр гурван эцгээс хүүхдийн тэтгэмж авдаг ч эмэгтэйчүүд  ч байгаа. Тийм хүмүүс цалин шиг цаг цагтаа мөнгө өгөх ёстой гэж үздэг. Ингээд хараад байхад энэ бүхэн нэг талаасаа нийгмийн хувьсал мэт боловч нөгөө талаасаа хувь хүний өөрийн шийдвэр сонголт, хариуцлагагүй байдал байдаг. Монгол Улсын хэмжээнд 2009 оноос хойш гэр бүл салалт жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа. 

Таньд баярлалаа