m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 00:20
1440
Барагшуныг шингэн савалгаатай үйлдвэрлэж байна

Монголд анх удаа барагшуныг шингэн байдлаар бүх насны хүмүүс ууж болох биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр "Бэцбаун" ХХК нь ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтран үйлдвэрлэж байна. Барагшун нь найрлагандаа 40 орчим макро, микро элемент, эрдэс бодис, амин хүчил, уурагт нэгдлүүд, олон төрлийн витаминууд агуулдаг бөгөөд Япон улсын эрдэмтдийн судалгаагаар гүүний саам болон барагшунд л ийм олон төрлийн эрдэс бодис, амин хүчлүүд нэг дор агуулагддаг болохыг тогтоожээ. Барагшун гэдэг нь Түвд нэр бөгөөд монгол хэлэнд “Хадан хайлмал” гэж орчуулсан байдаг. Учир нь барагшун хадны ан цавуудаар бүрэлдэн бий болдог байна. Тэгэхдээ одоог хүртэл эрдэмтэд түүний үүслийг сайн тодорхойлж гаргаж чадаагүй байгаа аж. Энэ ховор сонин зүйлийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байгаа "Бэцбаун" ХХК-ийн захирал У.Энхболдтой бүтээгдэхүүн, үйлдвэрийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.

-Анх бизнесийнхээ санааг хэрхэн олж байв. Бидэнд үйлдвэрийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Би Ховд аймагт төрж, гэр бүлээрээ барагшун түүж, цэвэршүүлж, уламжлалт анагаах ухааны заавраар хүмүүст өгдөг байсан учраас бүр багаасаа л энэ бүтээгдэхүүнийг мэддэг байсан.  Ингээд Солонгос явж тэндээ хүн орхоодойн үйлдвэрт ажиллаж байхдаа барагшунаар ийм бүтээгдэхүүн хийвэл зүгээр юм байна гэсэн санааг олж байсан. Солонгосоос ирээд буюу 2011 онд (Ph.D) Д.Цэрэндуламтай уулзаж бүтээгдэхүүн хийх санаагаа хэлж, хоёр жил судалгаа хийсэн. Судалгааны үндсэн дээр барагшуныг үрлэн байдлаар биш шууд уух боломжтой хийвэл хүний биед хурдан шингэх юм байна гэж үзээд 2014 оны нэг сараас эхлээд гурван хүнтэйгээр үйлдвэрээ нээсэн. Одоо үндсэн зургаа, гэрээт 20 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

-Үйлдэрлэлээ анх эхлүүлж байхад хамгийн бэрхшээлтэй зүйл юу байсан бэ?

-Бүтээгдэхүүний технологи, орц найрлага нь маш хэцүү. Анх бүтээгдэхүүнээ гаргаж байхад урвалд орох, исэх, муудах тохиолдол их гарч байсан. Маш удаан судалгаа хийж, олон дахин туршилт явуулсны эцэст сая нэг бүтээгдэхүүнээ бүрэн төгс гаргаж чадсан. Тэр л жоохон түвэгтэй байсан даа.

-Дэлхийн тэр дундаа Азийн улсууд шингэн төрлийн нэмэлт бүтээгдэхүүн маш их үйлдвэрлэдэг. Энэ бэлдмэл ижил төрлийн бүтээгдэхүүнээс юугаараа ялгарах вэ?

-Баярлалаа. Маш сайхан асуулт байна. Жишээ нь солонгост хүн орхоодойг маш ховор нандин бүтээгдэхүүн гэдэг учраас үнэтэй, мөн яг цэвэр байгалийнх нь их ховор байдаг. Мөн намайг тэнд ажиллаж байхад тухайн бэлдмэлийг хийхдээ маш олон химийн урвалын дүнд үйлдвэрлэж гаргадаг нь ажиглагдсан. Гэтэл бидний үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний гол түүхий эд болох барагшун маань 3000 жилийн түүхийг агуулсан олон жилийн турш байгальд өөрөө бий болсон байдаг. Өөрөөр хэлбэл байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Ямар ч химийн найрлага ороогүй гэдэг утгаараа давуу талтай.

-Түүхий эдийн олдоц хэр байдаг вэ. Ер нь хаагуур ургадаг юм бол?

-Ерөнхийдөө түүхий эд нь Энэтхэг, Орос, Түвдэд байдаг. Гэхдээ ихэнх нь манай орны Хэнтий, Говь-алтай, Ховд, Баян-Өлгий гэх мэт аймгуудын өндөр уулсаар байдаг юм.  Олдоц гайгүй байдаг ч түүхэд маш хэцүү, өндөр уулын орой дээрээс гар аргаар түүдэг. Бид хангалттай нөөцлөж авсан хэдий ч сүүлийн үед энэ баялаг их ховордож байгаа. Барагшуныг тарьж болдоггүй, ургуулдаггүй. Гэтэл ийм ховор түүхий эдийг зөвхөн өнгөрсөн жилд гэхэд 600 тонн буюу Монгол улсад бараг 100 гаруй жил хэрэглэх нөөцийг нэгхэн жилийн дотор ОХУ-д гаргачихсан байгаа юм. Тиймээс ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс Засгийн газарт "Барагшун нь устаж үгүй болж байгаа учраас зөвхөн дотооддоо хэрэглэх, гадагш гаргасан ч эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах" саналыг дэвшүүлсний үндсэн дээр таван жилийн хориг тавьж өгсөн. Энэ хугацааг бид дахин хүсэлт гаргаж сунгана гэж бодож байгаа. 

-Үндсэн түүхий эдээс гадна нэмэлт ямар бүтээгдэхүүн ордог вэ. Хадгалалтын хугацаа нь ямар байдаг бол?​

-Зөгийн бал, цэвэр ус, сармисны ханд ордог. Бид Германаас зөгийн балаа оруулж ирдэг. Учир нь анх Сэлэнгийн хамгийн цэвэр гэсэн зөгийн балыг хэрэглэдэг байсан ч маш амархан исээд болж өгдөггүй. Тэгээд өөр олон газрын зөгийн бал туршиж үзэхэд Герман зөгийн бал л яг тохиромжтой байсан. Мөн уусмалаа үйлдвэрийн шугаман горхинд оруулах гэхээр барагшуны амин дэм нь алга болчих гээд байдаг. Тийм учраас анхан шатны боловсруулалтаа гар аргаар хийж байгаа. Барагшун энгийн нөхцөлд маш амархан исэлддэг учраас нарны тусгалаас хамгаалсан гурван давхраас бүтсэн савалгаатай. Ингэснээр бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг аль болох уртасгаж одоо доод тал нь гурван сар, хуурай сэрүүн нөхцөлд бол зургаан сар хүртэл хадгалж болно. 

-Барагшуныг ямар зориулалтаар хэрэглэдэг вэ?

-Монголд өмнө нь барагшуныг эмийн зориулалтаар хэрэглэдэг байсан учраас бид үүнийг биологийн нэмэлт бүтээгдэхүүн болгож хэрэглүүлэхийг зорьсон. Барагшун гэхээр хүмүүс их гашуун амтыг төсөөлдөг. Харин зөгийн балтай хольж өгсөнөөр уухад тааламжтай болсон. Угаасаа туршилтын явцад барагшун нь өөрөө зөгийн балнаас өөр бүтээгдэхүүнтэй таардаггүй, амархан исчихдэг нь батлагдсан.  Ингэснээр гурав хүртэлх насны хүүхдээс бусад бүх хүн хэрэглэж болно. Бид нар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэхээсээ өмнө 3000 гаруй өрхөд судалгаа хийсэн. Судалгаанаас даралт тогтворжуулж, биен дэх сахарын хэмжээг хэвийн болгож, хүний дархлааг сайжруулдаг нь харагдсан.

-Хэрэглэгч бүтээгдэхүүнийг хэрэглэхэд ямар нэг хэмжээ, тусгайлсан заавар байдаг уу?

-Барагшун нь хүний биед маш бага хэмжээгээр хэрэглэгддэг. Их хэмжээгээр хэрэглэх юм бол сөрөг нөлөөтэй. Учир нь түүнд агуулагдах кали нь бөөрний үйл ажиллагаанд сайн боловч, их хэмжээгээр хэрэглэвэл бөөрний даралт ихэсгэдэг. Тиймээс манай бүтээгдэхүүний онцлог бол яг тохирсон хэмжээгээр савлагдсан байхаас гадна биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг орлож, хор саармагжуулах зорилгоор хэрэглэж болно. Үүнтэй холбоотойгоор УБЦТС манайхтай гэрээ байгуулж хамтарч ажиллаж байгаа. Мөн бусад байгууллага ч гэсэн манай бүтээгдэхүүнийг авч хэрэглээсэй гэж хүсч байна.

-Түүхий эдээ өөрсдөө явж бэлтгэдэг үү. Өдөрт хэр их хэмжээгээр үйлдвэрлэдэг бол. Хэчнээн дамжлагаар бүтээгдэхүүн гардаг вэ?

-Тэгэлгүй яахав. Бид өөрсдлөө түүхий эдээ бэлдсэн. Барагшунаа эхлээд усанд дэвтээж өвс шорооноос нь салгаад дараа нь зөгийн бал, сармисны хандаа нэмж өтгөрүүлдэг.  Үүний дараа савлах гэх мэтээр үндсэндээ гурван төрлийн дамжлагаар бэлэн бүтээгдэхүүн болж гардаг. Одоогоор өдөрт 25-50 хайрцаг шингэн барагшун үйлдвэрлэдэг. Удахгүй тоног төхөөрөмжөө сайжруулвал өдөрт 100 хайрцаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.  

-Одоо танай үйлдвэр нэг л төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм байна. Цаашдаа өргөжих, төрлөө нэмэгдүүлэх боломж байгаа юу?

-Мэдээж байлгүй яахав. Манайх одоо зөвхөн зөгийн балтай шингэн барагшун хийж байгаа. Цаашлаад шарх, сорви эдгээдэг тос, хүүхдийн бэлдмэл гэх мэт өөр гурав, дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргахаар судалгаа шинжилгээгээ хийгээд явж байна. Анх хүмүүс мэддэггүй байсан бол ганцхан жилийн хугацаанд өдөрт 25-50 хайрцаг буюу 1500-3000 ширхэгийг үйлдвэрлэж борлуулдаг болсон. Цаашдаа бид үйлдвэрээ өргөжүүлж Монгол улсынхаа бүх иргэдийн хэрэгцээг хангадаг болох, экспортод гаргахад ямар ч асуудал байхгүй гэж үзэж байгаа.

Харилцах утас: 99917826