m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 05:25
25
"Бичиг соёл-2015"уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Бичиг соёл-2015" монгол бичгийн уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдах талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Уг хэвлэлийн хуралд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгч Б.Оргил, ОХУ-ын Буриад улсын төлөөлөгч Дугаров Баяр Сономович, ОХУ-ын Халимаг улсын төлөөлөгч Бембеев Евгений Владимирович, Бичиг Соёл, Боловсролын төвийн тэргүүн Д.Ганбаатар нар оролцлоо.

Ерөнхийлөгчийн зөвлөх хэлэхдээ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2010 оны долдугаар сарын 6-ны өдөр 155 дугаар зарлиг гаргасан билээ. Тус зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас жил бүр уламжилал болгон уг арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Бичиг соёл-2015” монгол бичгийн уран бичлэгийн Олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын 28, Өвөр Монголын 8, Буриад Улсын 6, Халимаг Улсын 1, Франц Улсын 1, нийт 5 орны 44 шилдэг уран бүтээлч, төлөөлөгчид оролцож байгаа талаар онцоллоо.

Уг үзэсгэлэн маргааш буюу 2015 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ. Мөн тавдугаар сарын 24-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод үргэлжлэн нээгдэх бөгөөд үзэсгэлэнд оролцож буй Монгол угсаатны уран бүтээлчид Их Монгол Улс байгуулагдаж байсан түүхт Хэрлэнгийн хөдөө аралд зочилж түүх соёлын дурсгалт газруудтай танилцана.