m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.21 13:36
71
Ч.Сайханбилэг: Улстөрчид Оюутолгойн асуудалтай хутгалдахгүй байхыг хүсье

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Арабын Нэгдсэн Эмират Улсаас эх орондоо газардсан даруйдаа Чингис хаан нисэх буудалд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Олон нйитийн хамгийн их сонирхсон,асуудал бол энэ сарын 19-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан Оюутолгой далд уурхайн бүтээн байгуулалт болон өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дэлгэсэн Дубайн нууц гэрээ хэлэлцээр байсан юм.

Оюутолгой Засгийн газрынх биш, улстөрийнх биш эдийн засаг, компани хоорондын асуудал болсон

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөг байгуулаад ирлээ. Гэхдээ би Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл гарын үсэг зурж, төлөвлөгөөгөө баталгаажуулсан. Энэ төлөвлөгөө байгуулагдсанаар Оюутолгой улс төр, Засгийн газрын асуудал байхаа больсон.Манай улсын мэдээллийн зарим хэрэгслээр Ерөнхий сайд гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдээлсэн нь ташаа мэдээлэл байсан. Ерөнхий сайд ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй. Харин Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд “Эрдэнэс Оюу толгой,” “Төркиз Хилл Резорсиз,” “Рио Тинто,” “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурсан. Өнөөдрөөс эхлээд Оюутолгой Засгийн газрынх биш, улстөрийнх биш эдийн засаг, компани хоорондын асуудал болсон. Тиймээс улстөрчид энэ асуудалтай хутгалдахгүй байхыг хүсье. Эрдэнэтийн үйлдвэрийн адил энэ том төсөл үргэлжлэх ёстой. Бид Дубайгаас  гадна Улаанбаатар, Лондон зэрэг олон хотод  хэлэлцээ хийж байсан. Харин ч Монголын тал нөгөө талтай хэлэлцэлгүй нэмэлт  орлого төлөвлөсөн, татварынхан дансыг нь хаасан тохиолдол гарч байсан. Түүнээс болж итгэл алдсан тал бий.

Долоон жилийн хугацаанд гурван хувь байлгахаар харилцан тохиролцож чадсан.

2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцээрийн үеэр аль ч тал санал тавиагүй. Гагцхүү далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Төслийн удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсныг далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь байлгахаар харилцан тохиролцож чадсан.

Мөн Оюутолгойн уурхайн бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Далд уурхайн төлөвлөгөөнд Монголын тал төслийн өгөөжийн 54,9 хувийг авна гэсэн зарчмыг тусгаж чадсан нь манай талд ашигтай хувилбар болсноос гадна энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв маргаан гарах шаардлагагүй болсон. Гарын үсэг зурсан энэ төлөвлөгөөг сайтаар дамжуулан танилцуулна" гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.