m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 02:47
268
Б.Намтай: Ядаргаа бол эрүүл мэндийн шимэгч хорхой юм

“Урт наслах арга зам” нийгэмлэгийн тэргүүн, “Найрам­дал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухаа­ны док­тор Б.Намтайг урилаа.

Таны олон жил хийсэн өвчингүй урт, удаан амьдах судалгааны үр дүнд бий болсон эрүүл амьдрах ухаанд дөт замаар хүрэх үндсэн таван арга бий. Энэ аргынхаа талаар уншигчдад ярьж өгөхгүй юу?

- Эмч хүний үндсэн зорилго үүрэгт хоёр зүйл байдаг гэж би ойлгодог. Нэгдүгээрт, зорьж ирсэн хүнийг боломжийн хэмжээнд үзэж, оношилж эмчлэх. Хоёрт, иргэд олон түмнийг эрүүл идэвхтэй урт наслах замд хөтлөн дагуулах үүрэгтэй. Үүнийг би эмчийн ажилтай хувь заяагаа холбосон 30 гаруй жилд үнэнчээр биелүүлж ирсэн. Ер нь эд мөнгөө алдвал юуг ч алдаагүйд, цагийг алдвал ихийг алдсанд, эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсан тооц гэсэн эртний мэргэдийн сургаал байдаг.

Эрүүл мэнд гэдэг эд баялгаас ч, эрдэм мэдлэг, цаг хугацаанаас ч үнэтэй чандмань эрдэнэ юм. Тиймээс хүн эрүүл мэнддээ анхаарч, эрүүл амьдрах ёсонд суралцах зайлшгүй шаардлагатай.  Эрүүл амьдрах ухаанд дөт замаар нэвтрэх үндсэн таван аргын нэг нь эрүүл мэндийн гурван төлөв юм. Энэ нь юуны өмнө хүний бие махбодь ариун бөгөөд тунгалаг байх. Бид гэр орноо хэдэн өдөр, сараар цэвэрлэхгүй орхивол бохирдож, тогтож суухын аргагүй болно. Үүнтэй адил хүний бие махбодь тасралтгүй бохирдолд өртөж, үүнээс улбаалан хор хордлого, өвчин гэмд автах шалтгаан болдог. Бие махбодь хоёр замаар бохирдож байна. Нэгдүгээрт, сөрөг мэдээлэлд (нүд, чих, арьс, мэдрэхүй зэрэг сэрэхүйн эрхтнээр дамжин) автсанаар бохирддог. Мөн идэж буй хоол хүнсээр дамжин бохирдоно. Хэдэн жилийн өмнө “Ходоод хогийн сав биш” гэсэн өгүүлэл бичиж байсан. Ходоод гэдэг эрхтэн амаар орсон бүхнийг хоол уу, хор уу, их үү, бага уу хамаагүй орсон л бол бүгдийг боловсруулалт хийж цааш шингээн эд эсрүү дамжуулна. Сайныг нь ялгаж боловсруулна гэх боломжгүй.  Төвд, Монголын уламжлалт анагаах ухааны ёсонд “Ходоодонд эс шингэсэн болгон дотор өвчин бүхний шалтгаан” гэж тов тодорхой номлосон байдгийг анхаарах хэрэгтэй.

Өвчний зүйл олон, түүнийг үүсгэж байгаа шалтгаан өвчнөөсөө ч олон

-Үнэхээр онож хэлжээ. Хоолны зохистой хэрэглээ, зөв хооллох ёс гэж сүүлийн үед их ярьдагболсон?

-Тиймээ, хоол тэжээлийг зохистой хэрэглэж занших нь орчин үед хооллолтын соёл болтлоо хөгжиж байна. Ямар хоол хүнсийг хамт хэрэглэх, үл хэрэглэх, уургийн хувь хэмжээ, өөх тос, нүүрс усыг тооцон тодорхойлсон шинжлэх ухаанч тоо баримжаа гарч хоол тэжээлийн соёл дэлгэрч байгаа нь баярлууштай. Чанартай, чанаргүй, хэрэгтэй, хэрэггүй хоол хүнсээр ходоодоо дүүргэх биш харин аль болох зөв зохистой хоолны дэглэмийг баримталж амаар орох хүнсэндээ хяналт тавьж заншвал эрүүл амьдрах нууцад нэвтэрч чадсанд тооцно. Амны хяналтыг чангатгаагүйгээс цус өтгөрч бохирдох, элэг цөс, нойр булчирхайн өвчлөл  бүдүүн нарийн гэдэс хоолны үлдэгдлээр шархлах, ялзрах, зүрх судасны өвчлөл, даралт ихсэх, таргалалт, чихрийн шижин гээд өвчин бүхэн хоол хүнсээс шалтгаалж үүсч байна. 

Эрүүл урт наслахын дөрвөн үндэс гурван арга гэж байна

“Эрүүл мэндийн гурван төлөв”-ийн  хоёр дахь чухал зүйл бол амгалан бөгөөд тайван байх төлөв. Бид биологийн талаасаа эс, эд, эрхтэн, системийн тогтолцоотой, нөгөө тал нь сэтгэл ухамсрын хоосон шинж чанарыг агуулсан арга билгийн нэгдлийг агуулагч. Ухамсар сэтгэлийн хоосон шинж чанар нь биднийг замчлан урагшлуулж, хөдөлгөн  хэрхэн амьдарч хэн болох, эрч хүчтэй бүтээлч байх, үгүй бол сул дорой болох, эрүүл орших, аль эсвэл өвчлөх зэрэгт шууд хамааралтай байж, амьдралд маань чухал байр суурийг эзэлдэг.  Сэтгэлийн амгалан төлөвийг үл ойшоож, үл тоомсорлох тусам хүний эрүүл саруул амьдрах зам нэлээд бэрхшээлтэй тулгарч байдаг. Амгалан бус сэтгэл санаанаас шалтгаалан хүний бие махбодийг бүрдүүлэгч олон тэрбум эс байнгын долгион, чичиргээ, хөөрөлтийн байдалтайгаар бие организмын үйл ажиллагаанд оролцож мэдрэл, зүрх, элэг, ходоод, цусны эргэлт зэрэг бүх түвшинд нөлөөлж өвчлөхийн үндэс болдог. Хүний сэтгэл амгалан байвал бие махбодь харьцангуй эрүүл  оршдог жамтай. Сэтгэл нь сарнимтгай, догшин, живэмтгий гурван шинжийг гаргаж үзүүлдэг. Эдгээр шинж чанар хөдөлгөөн нь бидний амгалан тайван байдал, эрүүл оршиход нөлөөлдөг гэж анагаах ухааны судар номд бичсэн байдаг.

-Энэ гурван шинжийг яаж таних вэ?

-Уурлах, бухимдах, үзэн ядах нь сэтгэл догшрох шинжийг үзүүлнэ. Гуниж гутрах, шаналж доройтох нь сэтгэлийн живэмтгий шинжид хамаарна. Харин анхаарал сарнин тогтворгүйтэх, дэмийрэх нь сэтгэлийн сарнимтгай төлөвийг харуулна. Эдгээр сэтгэлийн эерэг бус хөдлөлийн нөлөөнд бид амьдарч, эрүүл мэндээ хохироох, алдах шалтаг болж байдаг.

Гурав дахь төлөв бол хөдөлмөрч бөгөөд хөдөлгөөнтэй байх юм. Хүний уг мөн чанар бол хөдөлгөөн. Хүн ажил хөдөлмөр, хөдөлгөөний дутагдалд нэрвэгдэж эхэлвэл бие болон сэтгэл санааны доройтлын зүгрүү хувьсан шилжих нь гарцаагүй. Хүний бие махбодийн дотоод нарийн түвшинд мөнхийн хөдөлгөөнд орших эд эс, эрхтэн системийн амин урсгал хөдөлгөөний тухай төдийлөн анзаардаггүй байж мэднэ. Бие махбодийн дотоод нарийн амин урсгалын хөдөлгөөн хэдий чинээ хэвийн урсгалаар явагдана, төдий чинээ урт удаан оршин тогтнохын үндэс болдог. Бүх зүйл хоорондоо шүтэлцээтэй дасгал хөдөлгөөн тогтмол хийж, ажил хөдөлмөртөө идэвхитэй байх тусам дам хамаарлын дагуу биеийн дотоод хөдөлгөөнийг дайчлан идэвхжүүлж, гадаад хөдөлмөр хөдөлгөөн назгайрах үед махбодийн эмзэг нарийн хөдөлгөөн дагалдан идэвхт чанар нь буурах талтай. Хөдөлмөр, хөдөлгөөний ач тус зөвхөн бие махбодь эрүүл мэндийн түвшинд хязгаарлагдахгүй хүний бүхий л амьдрал, нийгмийн хөгжилд нэн чухал үүргийг гүйцэтгэдэг.

Орчин үеийн хүмүүсийн ихэнх нь тодорхой хэмжээний ядаргаатай байна

-Өвчлөлд хүргэж байгаа гадаад, дотоод олон шалтгаан байна. Агаарын бохирдол, стресс, ядаргаа гээд. Тэгэхээр бид яаж сэргийлэх ёстой вэ?

-Өвчний зүйл олон, түүнийг үүсгэж байгаа шалтгаан өвчнөөсөө ч олон. Өвчин үүсгэх шалтгаан түгээмэл гурван шалтгаанаас үүсдэг гэж бид санал дэвшүүлсэн. Хүн төрөлхтөн ядаргаа стресс, хор хордлого, хэнэггүй зан мэдэхгүйн улмаас эрүүл мэнд, амь насаа алдаж байна. Ядаргаа буюу стрессийн талаар товч тайлбарлая.

Энэ нэр томъёо харьцангуй сүүлд гарч ирсэн ч маш өргөн далайцтай судлагдаж байгаа сэдэв. Санал нэгддэг зүйл бол орчин үеийн хүмүүсийн ихэнх нь тодорхой хэмжээний ядаргаатай байна гэж. Ялангуяа хөдөө орон нутгийн хүмүүсээс илүүтэй хот суурин газрынхан ядаргаа болон ядаргааны хам шинж өвчинд илүү өртөмтгий байдаг. Хүний бие махбодь өөрийн гэсэн тодорхой хэмжээний эрчим хүчтэй, түүнийгээ тасралтгүй тэтгэн бүрэлдүүлдэг.  Ажил амьдралын хэрэгцээ шаардлагаас үүдэж бие махбодь, эд эсийн түвшинд амин эрчим энергийн зарцуулалт ихэсдэг тул энэ хэмжээндээ хүртэл сэргээн нөхөгдөх шаардлага гардаг. Харин гүйцэд нөхөгдөж чадахгүйн улмаас эрчим энергийн дутагдал үүсч өдөр хоногоор хуримтлагдсаар тодорхой хэмжээнд хүрч бие махбодид зарим өөрчлөлт, биологийн хариу урвал шинж тэмдгийг үүсгэдэг. Энэ шинжийг ядаргаа буюу түүний хам шинж өвчин гэдэг.

-Ядаргаанд орсоноо хүн ер нь яаж мэдэх вэ?

-Ихэвчлэн ажил амьдралын эрч хүч сулрах, биеийн дархлаа буурах, өвчлөмтгий болох, тэсвэрт чанар харих, нойр хөнгөрөн үс унах, сэтгэл санааны хувьд бачимдуу, мартамхай болох зэрэг шинж тэмдэг илэрнэ дээ. Ядаргаа бол ерөнхийдөө хөгшрөлтийн түргэсгүүр, эрүүл мэндийг сорогч шимэгч хорхой гэж хэлж болно. Тиймээс ядаргааны тухай ойлголтоо дээшлүүлж, түүнээс сэргийлэх, тайлах наад захын ухагдахууныг өөртөө суулгах хэрэгтэй юм.

Ядаргаа бол ерөнхийдөө хөгшрөлтийн түргэсгүүр, эрүүл мэндийг сорогч шимэгч хорхой

-Тэгвэл ядаргаа тайлах арга гэж байх уу?

-Өдрийн ядаргааг өдөрт нь, сарын ядаргааг сард нь тайлах аргыг өөртөө дадуулвал сайн. Тэгэхгүй бол ядаргаа хуримтлагдаж архагшдаг. Ядаргааг өөрөө тайлах жирийн арга гэвэл агаар, нар, салхинд гарах, сайтар унтаж амрах, усанд орох буюу сэлэх, дур сонирхолтой дуу хөгжим, хошин жүжиг үзэх, байгалийн сайханд амарч зугаалах, шинэ соргог олон төрлийн хоол унд хэрэглэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, ядаргаа тайлах бариа массаж хийлгэх, амин хүчлийн дусал тариа, архаг ядаргаа тайлах таван үндэсний ханд, тамиржуулах наран мандал зэрэг ургамал эм танг заавар журмын дагуу хэрэглэж сурвал сайн.  Хэрвээ ядаргаа хүндэрч архагшвал мэргэжлийн эмч, эмнэлэгт хандаж зөв зохистой эрчимтэй эмчилгээ хийлгэж тайлах хэрэгтэй. Манай эмнэлэг энэ талын эмчилгээг маш сайн хийдэг.

-Өвчлөлд хүргэж байгаа бас нэг шалтгааныг хор хордлого гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?

-Бидний яриад байгаа хор бол цианит натри, мөнгөн ус зэрэг догшин хор биш хүмүүсийн өдөр тутмын амьдралд оршиж байдаг үл мэдэгдэх зөөлөн атлаа далдлагдсан хор юм. Тэр нь өдөр хоногоор хуримтлагдсаар хүчирхэг хор болно. Тухайлбал, ад буюу бузар, агаар усны бохирдол, утаа тоос, архи тамхи, хүнсний чанар хадгалагч, амт үнэр оруулагч, аяга таваг угаагч, угаалгын нунтаг, саван, будаг шунх гээд маш олон. Гагцхүү зөв зохистой хэрэглээний тухай ярих үлдэж байна. Хор, хордлогын талаар ойлголттой болох, мэдээ мэдээллээр тасралтгүй цэнэглэж байх, хор хордлогоос сэргийлэх аргыг эзэмших хэрэгтэй. Үүнд өглөө эрт босож шогших дасгал хийх, Ү-лүн, Би-чү-лүн, Лүн-жин, фүүр зэрэг сайн чанарын цай ууж зурших, өдөр бүр 1-2 удаа ханатлаа инээж хөхрөх, цэвэр агаар салхинд гарч байх, голын хөвөө, зүлэг ногоон дээр хөл нүцгэн алхах, долоо хоногт 1-2 удаа мацаг барихыг эрхэмлэх, сайн энергитэй хүмүүстэй ярилцах, цагийг өнгөрөөх, аргал, мод зэргийг түлж галын дөл, лааны гэрэлд ариусах зэрэг аргыг хэрэглэж болно. Аливаа галын зан үйл, эмчилгээ хийхдээ “Ом намах шивай яа” тарнийг сэтгэлийн гүндээ бодох буюу уншвал сайн.

-Бидний хэнэггүй зан бас нэг шалтгаанд нь орж байсан?

-Хэнэггүй зан, мэдэхгүйн гайгаас болж олон хүн эрүүл мэнд амь биеэ үрж байна. Авто машины осол, болзошгүй гай гамшиг, уур бухимдлаас болж өөрийгөө буюу бусдын эрүүл мэнд, амь насыг хорлох байдал өнцөг булан бүрт гарсаар байна. Хүн мэдэхгүй зүйлдээ автдагаас биш мэддэг зүйлдээ унадаг амьтан биш юм. XXI зуун бол мэдлэг мэдээллийн зуун. Тиймээс бид бүгд мэдэхийн төлөө амьдарч мэдлэг мэдээллийг зөв авч ашиглаж сурах нь чухал байна.  Дэлхийн хамгийн урт насалдаг хүмүүс гэдэг алдартай номыг бичсэн Английн урт наслах ухаан судлаач, шим тэжээлийн ухааны доктор Sally Beare “Урт наслагчдад үнэндээ онцгой нууц алга. Тэд эрүүл мэндийн мэдлэгийг сахин хэрэгжүүлж, хоол унд зэрэг амьдралын зөв зуршлыг дадуулсан байна. Хүн хэрвээ ингэж амьдарч чадваас ялгаагүй урт наслах бүрэн боломжтой” гэж дүгнэн хэлсэн. Монголын Сайн ноён хан аймгийнхан иргэддээ “Дулаан явбал даарч өвдөхгүй, дуугуй явбал хэрэгт өртөхгүй, удаан явбал унаж тусахгүй” гэж хэлж сургаж байсан байгаа юм. Энэ мэт үнэт ардын уламжлалт арга туршлагууд байна. Ер нь эрүүл байхын тулд эрүүл мэндийн хамгийн том дайсан өвчний талаар тодорхой ойлголт, урьдчилан сэргийлэх аргыг бий болгох хэрэгтэй. Ертөнцийн үнэн ёсыг номлосон Хутагтын дөрвөн үнэний адилаар өвчинд ч бас дөрвөн үнэн байна.

•Өвчин үүсэх шалтгаан үнэн

•Шалтгаанд барилдан үүсэх өвчин үнэн

•Өвчнийг анагаах арга үнэн

•Аргыг дадуулснаар эдгэрэх нь үнэн

Аливаа зүйл үүсэхдээ заавал учир шалтгааны улмаас үүсч бий болдог гэдгийг мэдэх хэрэгтэй. Түүний үндсэн дээр л бид өвдөж зовж байдаг юм.

-Түрүүн та өвчнөөс урьдчилан сэргийлэх аргын талаар ярьсан. Энэ аргыг дадуулсан ч өвчлөхөөр учир шалтгаан бас байж болох нь ээ?

-Тийм ээ. Эрүүл урт наслахын дөрвөн үндэс гурван арга гэж байна. Энэ нь тэнгэрийн агаараар амьсгалан, газрын шимийг хүртэн, сэтгэлийн амгаланг олж тэнцүүлэн амьдрах юм. Бид хоол, нойр, усгүйгээр нэлээд хэд хоног амьдарч чадах ч агааргүйгээр амьдрах боломжгүй. Агаар нь нэг талаас хүнийг хүчилтөрөгчөөр ханган амьдруулах тулгуур хүчин болж нөгөө талаар хий агаарын зөөврөөр элдэв нян, вирус, тоосонцор, хорт бодис биед нэвтрэн ордгийг мэдүүштэй. XIX зууны сүүлчид амьдарч байсан бичгийн мэргэн Лувсанчойдон “Монголчуудын зан үйл бүр” гэдэг алдарт бүтээлдээ “Хүний аж амьдрал эрүүл мэнд нь тэнгэрийн амьсгал, газрын шимээс хамаарна” гэж тодорхойлон бичиж байсан. Манай өвөг дээдэс мөнх тэнгэрийн хүчин дор, эцэг тэнгэр, эх дэлхийгээ бишрэн шүтэж аж төрдөг нь хий хоосон зүйл биш цаанаа гүн утга учир агуулдаг нь явах тусам ил болж байна. Тиймээс тэнгэрийн агаарыг шүтэн, шимтэн амьсгалж заншваас эрүүл энх, урт удаан амьдрах нь гарцаагүй. Мөн газрын шим байна. Амь амьдралын эх булаг болох тэнгэр, газрын үр шимээ бид зөв таньж, ухамсартай ашиглаж, амьдрах учиртай. Сэтгэлийн амгалан тайван байдлыг олох нь бас нэг арга. Хүний нууцад гүн нэвтэрсэн эрдэмтэн мэргэд, шүлэг найрагчид бүхэн гагцхүү сэтгэл амгалан тайван байхыг л хичээн бичиж сургамжилсан байдаг. Ингэхээр урт наслаж эрүүл амьдрах гол зарчим нь сэтгэл амгалан байхтай туйлын холбоотой. Арга билгийг тэнцүүлэн амьдрах ёс гэж байна.  Бие, хэл, сэтгэлийн үйлийг тэнцвэртэй дундаж байлгахад анхаарч хоол хүнс, ажил амралт, сэтгэл хөдлөл, харилцаа холбоо зэргийг амьдралынхаа явцад тогтуун тэнцвэртэй байлгахад чиглэж байвал сайн юм.

Түүнээс гадна эрүүл амьдрахын нууц таван эрдмийн дасгал гэж байна. Энэ нь огторгуйн буюу хий махбодийн дасгал, Гал махбодийн дасгал, Усан махбодийн дасгал, Шороон махбодийн дасгал, Сэтгэлийн амгаланд урвуулах дасгал юм.   Огторгуйн махбодид агаар, хий, орон зай бүхэлдээ харъяалагдана. Цэвэр агаарт алхах, амрах хэрэгтэй. Гал махбодийн дасгал гэдэг нь галын эмчилгээ юм. Галын мөн чанар нь ариусгах, дулаацуулах, боловсруулах чадалтай.  Биеийн илч дулаан, ходоодны гал, хоол боловсруулах, шингээх, цусны эргэлт, хор ялгаруулах гээд бие махбодийн бүхий л үйл ажиллагаа нь гал махбодийн ил буюу далдын дэмжлэгтэйгээр хэвийн явагдана. Хүний бие усан махбодтой салшгүй шүтэлцээтэй оршдог. Өглөө бүр 1-2 аяга буцалсан ус, дотор цэвэршүүлэх ногоон цайг хэрэглсэнээр дотрыг цэвэрлэж, цусны эргэлтийг шингэрүүлэн сайжруулж, чийглэг дутсан эд эрхтнийг зөөллөж, цэвэрлэж өгдөг. Ус бол биднийг гадаад, дотоод хоёр хэлбэрээр ариусган цэвэрлэж тэтгэж байдаг гайхамшигтай махбодь. Бидний бие шорооны шимээр тэжээгдэн оршдог учраас шороо махбодийн эрүүл мэндийн ач тусыг нухацтай ойлгох хэрэгтэй. Цэвэр хөрсөнд ургуулсан шим тэжээл сайтай хоол хүнсийг өөрийн бие махбодид тохируулан хэрэглэх, явган алхах, гүйх, байгалийн тогтолцоотой рашаан, булаг, шавар эмчилгээнд явах, байгалийн өнгө үзэмжийг бахархах, өвс ургамал эм танг таньж хэрэглэх, газар тариалан эрхлэх, ой модоо арчлан хамгаалж, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах нь зүйтэй юм. Эрүүл аж төрөх нь сэтгэлийн амгалан, тэвчээрт байдлаас ихээхэн хамааралтай. Бодол санаагаа зөв эерэг байлгах, хүнд бодол, айдсаас өөрийгөө чөлөөлөн төвлөрөх дасгал /бясалгал/ хийж занших хэрэгтэй. Аливаа сөрөг мэдээллийг эерэг төлөвт хувиргах, хүн амьтан бүхнийг энэрэн хайрлаж бусдын тусыг бүтээх буянд шамдах, оюун санааг хөгжүүлэх ном судар унших зэргээр олон дасгал хөдөлгөөнийг энэ сэдэвт хамааруулан хийж болно. Хүн бол язгуур таван махбодиос бүтсэн учраас дээрх дасгалууд хүний биеийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, ариусгах, залуужуулах, насыг уртасгах тодорхой үр дүнг авчрах нь гарцаагүй гэж бодож байна.