m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 02:54
180
Н.Болд: Монголын жүжгийн зохиолчид өнөөдөр омог бардам байж болно

“Дэлхийн жүжгийн зохиолын дээжис” нэртэй 11 боть ном хэвлэлтээс гарчээ. Монголын театрын урлагийн түүхийн он цагийг урагшлуулсан, уран бүтээлчдийн гарын авлага, ширээний ном болохуйц бүтээл хэмээн үнэлэгдэж буй энэхүү номын санаачлагч, ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Н.Болдтой ярилцлаа.

-11 боть ном гаргана гэдэг их хөдөлмөр орсон байх. Юу таныг “хатгаад” ном бичүүлэх болов?​

-Зургаан сар гаруйн өмнө нэг жүжигчин надаас орчуулгын жүжгийн зохиол асуусан юм. Гэхдээ орчуулагчийг нь мэддэггүй. Жүжгийн зохиолын орчуулагч гэдэг амин чухал хүн шүү дээ. Асууж буй зохиолынхоо орчуулагчийг мэдэж ирээд жүжгийн зохиолоо аваарай гээд явуулсан. Гэнэт надад гуниг төрсөн. Бид яагаад ийм амархан бие биенээ мартаж байна вэ. Орчуулагчид эдгээр жүжгийг орчуулаагүй бол бид тайзнаа амьдруулаад эсвэл оюутны ажил болгох гээд нухаж суухгүй шүү дээ гэж бодогдсон. Тиймээс орчуулагчдынхаа нөр их хөдөлмөрийг гаргах үүднээс орчуулгын жүжгийн түүвэр гаргая гэсэн санаа төрсөн юм. Ажлаа эхлээд явж байтал орчуулгын жүжиг маань дотроо азийн, абсурт, эртний грекийн, оросын, Шекспирийн гэх мэтчилэн олон төрөлд хуваагдаад нэг мэдсэн 10 боть болсон.

Орчуулагчдынхаа нөр их хөдөлмөрийг гаргах үүднээс орчуулгын жүжгийн түүвэр гаргая гэсэн санаа төрсөн юм

-Харин 11 боть болж гарчээ...

-“Болор судар” компанийнхан надад Монголын жүжгийн зохиолоо гаргавал яасан юм гэсэн санал тавиад 11 дэх ботио гаргасан. Монголын жүжгийн үе, үеийн зохиолчдын бүтээлээс дээжилж авснаараа онцлог. 11 боть зохиол маань 8000 орчим хуудас болж байгаа. Хэвлэлийн хуудсаар бол 660, нэг боть нь 40-50, зарим нь 70 хэвлэлийн хуудас болсон. Давхардсан тоогоор орчуулагч, жүжгийн зохиолч 73 хүний 78 бүтээлээс бүтлээ. Анх удаа шинээр орчуулагдсан 10 гаруй жүжиг орсон. Тэр дундаа Эртний грек, Япон, Энэтхэг, Английн жүжгийн зохиолууд орсноороо өвөрмөц болсон. Тэр хэмжээгээрээ манай театрын урын сан баяжих байх.

Мөн хамгийн том зүйл нь анх удаа Данзанравжаагийн “Саран хөхөө” жүжгийн зохиолыг оруулсанаараа Монголын жүжгийн зохиолын түүх 184 жилээр урагшилж байгаа юм. Манайд жүжгийн зохиол хөгжөөд 80-90 жил болж буй. Тэгвэл өнөөдрөөс эхлээд Монголын жүжгийн зохиолчид 184 жилийн түүхтэй гэж омог бардам хэлж болно. Энэ бүтээлээрээ Монголын театрт зүтгэсэн албаа хамгааллаа. Номын цагаан буян Монголын театрт ирэх байх гэж билэгшээж байна.

Монголын жүжгийн зохиолын түүх 184 жилээр урагшилсан

-Та орчуулгын зохиолуудаа хэрхэн сонгов?

-Нэгэнт жүжгийн зохиолуудыг эртний англи хэлнээс нь шинээр орчуулж байгаа учраас орчуулагч нарын хөдөлмөр үнэлэшгүй их юм. Бид орчуулагчдын эрдэнэстэй байж үнэлж чадахгүй явж гэдгээ ойлгосон. Ном хийх явцад олон сайхан орчуулагчтай танилцлаа, миний орчуулагч найзууд ч сэтгэлээрээ тусалж олон сайхан ном орчуулж өгсөн. Монголд анх удаа XX зууны Английн хамгийн том жүжгийн зохиолч, Нобелийн шагналт Бернард Шоугийн, Германы театрын онолыг үндэслэгч нэрт найруулагч Брэхтийн жүжгийн зохиолуудыг орууллаа. Энэ мэтчилэн олон орчуулагчдын нөр их хөдөлмөрийн үрээр ном бүтсэн учир тэдэндээ тусгайлан талархаж байна.

-Жүжиг болон тайзнаа амилсан зохиолууд хэр олон багтсан бэ?

-Монголын театруудын тайзан дээр тавигдсан жүжгийн зохиолууд орсон. УДЭТ  У.Шекспирийн бүх эм­гэнэлт жүжгийг тавьснаараа онцлогтой. Инээдмийн жүжгээс нь “Зуны шөнийн зүүд”-ийг тавьсан. Яваандаа бусад инээдмийн жүжгүүдийг ч тайзнаа амьдруулах байх. Азийн жүжгийн тухайд гэвэл Японы монголч эрдэмтэн театр судлаач Кемура Аяакогийн хоёр жүжиг орсон. Өөрөө сэтгэл зүтгэл гарган зохиолоо явуулсанд маш их талархаж байгаа.

-Нээлтийн өдрөө 20 багц түүвэр зарагдсан гэхээр хүмүүст энэ ном хэдийнэ хүлээлт үүсгэжээ?​

-Энэ ном олон хүнд хүлээлт үүсгэсэн. Уран бүтээлч хүний хувьд би өөрөө энэ номыг санаачлаад “Болор судар”-ынхантай хамтран ажиллаж байхдаа ч ийм олон цуврал том ном болно гэж төсөөлөөгүй. Номоо хийх явцад олон гоё санаа төрж, энэ ном бол театрын уран бүтээл шиг гоё байх ёстой юм байна гэээд улаан торгон хавтас хийлгэсэн. 14 сая төгрөгөөр Шанхайгаас тусгай технологиор захиалж хийлгэсэн гэхээр энэ ном ямар үнэтэй, ямар олон хүний хүч хөдөлмөрөөр боссон бүтээл болох нь харагдана.

Номын цагаан буян Монголын театрт ирэх байх

Миний төслийг халуун дотноор талархан дэмжсэн “Мөнхийн үсэг”, “Болор судар” хэвлэлийн хамт олондоо маш их баярлаж байгаа. Монголын театрын өмнө үнэлж баршгүй асар том буян, номон хөшөө босгож, маш том оюуны хөрөнгө оруулалт хийсэн дүү нартаа баярлаад барахгүй байна.

-Номоо хэвлэлтээс авах мөчид танд ямар мэдрэмж төрөв?

-Номынхоо эхний хувийг аваад тэвэрч байхдаа зургаан сарын хөдөлмөр маань ийм сайхан бүтээл болсонд үнэхээр их баярлаж, огшиж байсан. Монголын театрын үе, үеийн түүх энэ жүжгийн зохиолуудаар дамжин гарч байгаад баярлаж байна. Монголын театрын түүхийн тодорхой орон зай, цаг хугацааг дүрслэн бичсэнээр 11 боть ном маань түүхэн гавьяатай юм. Дэлхийн жүжгийн дээжис гэж нэгдсэн нэр өгсөн ч 11 боть бүр тусдаа нэртэй.

Олон хүний нөр их хөдөлмөрийн үр дүнд Монголын театрын урлагийн номон хөшөөг босголоо

Олон орчуулагчийн жүжгийн зохиол ном болж гарсан. Тэднээс цуглуулснаас гадна, орчуулагчдад захиалга өгч орчуулж байгаагүй жүжгийн зохиолуудыг анх удаа монгол хэлнээ буулгасан. Номонд орсон 78 жүжгийн зохиолоос 10 гаруй нь театрын тайзнаа тавигдсан. Тайзнаа тавигдсан жүжгүүдийн урд зургийг нь оруулаад хаана хэрхэн тавигдсаныг бичсэн. Жүжгийн зураг байхгүй бол тайзнаа тавигдаагүй зохиол гэж ойлгож болно.

-Ном гаргахад хөрөнгө мөнгө чухал. Та санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулав?

-Би ердөө мөнгө яриагүй. “Мөнхийн үсэг”-ийнхэн надад ганцхан зүйл хэлсэн. “Болд найруулагчаа бид үргэлж ашиг харах биш нэг удаа ч болов соёлын том хөрөнгө оруулалт хийе. Тиймээс таны төслийг дэмжиж хэвлэж өгье. Та өөрийнхөө бүхий л хүсэл мөрөөдлийг номондоо шигтгэ” гэсэн юм. Тиймээс би омог бардам номоо хийсэн. Харин ч гар баривал бугуй барина гэгчээр ийм хуудас нэмье, тийм хавтас хийе гэсээр ийм сайхан номыг өнөөдөр барьж сууна. Шинээр орчуулсан орчуулагчдын хөлс мөнгийг ч тэд зохицуулж өгсөн. Олон хүний нөр их хөдөлмөрийн үр дүнд Монголын театрын урлагийн номон хөшөөг босголоо. 

Таныг театрын найруулагч, уран бүтээлчдийн дундаас хамгийн их ном уншдаг хүн гэж сонсож байсан. Харин өнөөдөр та өөрийн автортой номоо гаргачихлаа?​

-Би номын улаан фанат. Монголын уран бүтээлч найруулагч жүжигчдийн дотроос хамгийн гайхамшигтай номын сантай хүн гэж хэлэхэд онгирсон болохгүй байх. Залуу байхын би олсон мөнгөнийхөө ихэнхийг номонд зардаг байлаа, одоо ч хэвээрээ. Энэ бүхэн намайг ийм сайхан бүтээл хийхэд хөглөсөн. Миний олон жил ном уншсан, номонд хорхойссон, эзэмшсэн мэргэжил минь ч нөлөөлж, бурхан тэнгэр харж, ийм сайн ивээн тэтгэгч олдож хүсэл мөрөөдлөө биелүүллээ. Энэ бол уран бүтээлч хүнд олдохгүй завшаан.

Хүн болж төрсөн бол байшин барих, үр хүүхэдтэй болох, ном бүтээх гэсэн гурван сайхан үйлийг хийх ёстой гэдэг. Би ном бүтээж л чадахгүй нь гэж бодож байсан бол өнөөдөр гурван хүслээ биелүүлсэндээ баяртай байна. 

-Таны ном Монголын театрын уран бүтээлчдийн гарын авлага болох байх?

-Энэ бол зөвхөн Монголын театрын уран бүтээлчдийн төдийгүй мэргэжлийн жүжигчид бэлддэг бүх их, дээд сургууль, оюутан, сурагчдад маш том гарын авлага болно. Энэ бол танин мэдэхүйн чухал бүтээл. Номын хорхойтнууд жүжгийн зохиол унших дуртай байдаг. Жүжгийн зохиол гэдэг хүмүүний амьдралын бүхий л ертөнцийг товчлон харуулж чаддагаараа гайхамшигтай. Номынхоо ард 73 зохиолчийн товч намтар, уран бүтээлийг оруулж өгснөөрөө Монголын уншигчдад танин мэдэхүйн хувьд ч чухал онцлогтой болсон.

Жүжгийн зохиолуудыг нэгтгээд, уншаад сууж байхад уран бүтээл болгох хүсэл ундарч байвуу?

-Жүжгийн зохиолоо эргэн унших тусам надад аз жаргал амтагдаж байсан. Магадгүй урд нь уншихдаа анзаараагүй олон зүйлээ анзаарсан. Надад дахин шинэ хуудас нээсэн гэхэд болно. Монгол хэлний шинэчлэгдсэн дүрэмд хүртэл суралцлаа. Хүсэл мөрөөдөл байхад биелдэг юм байна. Тиймээс өнөөдөр би хамгийн аз жаргалтай хүн. Зарим жүжгийг ирээдүйд тавьчих юмсан гэсэн нууцхан бодлоор захиалга өгч орчуулуулсан байгаа. Хүсэл минь биелэх байх аа. Мөнгө нь олдвол олон сайхан жүжиг тавимаар л байна. Энэ бол ганц миний биш Монголын найруулагчдын мөрөөдөл юм шүү.