m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 03:21
182
Д.Ганбат: Программ хангамж бол урлагийн бүтээл юм

Сүүлийн үед программ хангамж гэдэг дэлхийн хөгжлийг тодорхойлох болсон. Ухаалаг утас, таблет, комьпютер гээд хүмүүсийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүний хурдад тааруулан олон ухаалаг программуудыг зохион бүтээж байгаа оюуны баялаг бүтээгчдийн нэг бол “Жирэм технологи” ХХК-ийн хамт олон юм. Төслийн энэ удаагийн зочноор тус компанийг онцолсноо хүргэж байна.

“Жирэм технологи” ХХК-ийн захирал Д.Ганбат

Юуны өмнө Монголын баялаг бүтээгчдийг дэмжин ажиллаж байгаа "Масс агентлаг"-таа ажлын амжилт хүсье. Бид мэдээллийн технологи, интернет худалдаа ухаалаг гар утасны хөгжүүлэлт гэсэн чиглэлүүдээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг оюуны баялаг бүтээгчид юм.  Өнгөрсөн хугацаанд төр болон хувийн байгууллагуудын комьпютер, программ хангамжийн үйлчилгээнд нь 20 гаруй шийдлүүдийг хийж өгсөн.  Энэ бүхнээс олон нийтэд хүрсэн шийдэл нь Bookstore.mn гэдэг ном уншдаг сайтыг нэрлэж болно.

-Та бүхэн саяхан нэгэн шинэ программ зохион бүтээсэн гэж байсан. Энэ талаараа танилцуулах уу?

-Jirem.com нь үүлэн технологид суурилсан eWork буюу цахим ажлын талбар юм. Энэхүү систем нь цаг хугацаа орон зайнаас үл хамааран хамтран ажиллагсадтайгаа ажлаа хийх боломжийг олгоно. Тус системд төлөвлөгөө, төслийн удирдлага, үүрэг даалгавар, хурлын удирдлага, бичиг баримт, мессенжер гэх мэт байгууллагын харилцаанд хэрэгтэй бүх зүйлсийг нэг дор багтаасан оффисын ухаалаг шийдэл юм.

Программын үндсэн цонхны тайм лайн буюу цагийн шугаманд танд хэрэгтэй  бүх мэдээлэл урсаж харагдах бөгөөд мэдэгдэл цонхонд шаардлагатай мэдээллийг сануулах болно. Мөн та хэдийд ч ажлын хамтрагчидтай өөрийн санаа бодлоо хуваалцах  боломжтой.

Манай компани гарт баригдах бодит үйлдвэрлэл явуулдаггүй ч өнөөдөр хүмүүсийн хамгийн их эрэлт хэрэгцээт бүтээлийг гаргаж байгаагаараа онцлог юм. Ямар ч байгууллагын ажлыг илүү хялбар, олонд хүртээмжтэй болгох зэрэг шинээр гарч буй программаа бид нэлээд өндөр үнэлж байгаа.

-Энэхүү салбарт баялаг бүтээж буй туршлага тань нэлээд арвин болов уу?

-Би энэ салбарт сургууль төгссөнөөсөө хойш 11 дэх жилдээ ажиллаж байна. Ийм төрлийн компани олон байдаг ч өөр өөрсдийн чиглэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл манай компани оффисын хэрэглээний программ дээр түлхүү ажиллаж байхад нөгөө компани маань санхүүгийн тал дээр эсвэл дуу хөгжмийн тал дээр ч гэдэг юм уу бүгд л өөр өөрсдийн салбартай байдаг. Энэ үйл ажиллагааны маань хамгийн гол зүйл бол туршлага бөгөөд тухайн компани салбартаа юу хийсэн бэ гэдгээрээ л үнэлэгдэж явдаг.

Манай компанийн хувьд төр болон хувийн байгууллагуудад захиалгаар хийсэн олон программ байдаг ч тэр бүрийг нэрлэх боломжгүй юм. Харин олон нийтийг хамарсан бүтээлүүд гэвэл azbook, bookstore программуудыг нэрлэж болно. Энэ нь хүмүүсийн хамгийн ихээр татаж авсан программуудын эхний байранд явж байгаа. Одоогоор 200 мянга орчим хэрэглэгчтэй, 2500 гаран ном материал орсон, зөвхөн манай улсад төдийгүй гадаадад ажиллаж амьдарч буй иргэд түлхүү хэрэглэдэг программ болж чадсан. Мөн хөдөө орон нутгийн иргэд, малчид, танхимаар сургалт авах боломжгүй хүмүүст зориулан ухаалаг гар утсанд суулгасан алсын зайн сургалтын программууд хийсэн байгаа. Бид программуудаа нэг хийгээд орхичихдоггүй, байнгын хөгжүүлэлт шинэчлэл хийж байдаг.

-Программаа хийхдээ юунаас санаа авч хэрхэн зохион бүтээдэг вэ?

-Бид бүтээгдэхүүнээ захиалгаар болон хүмүүст дутагдаж байгаа хэрэгцээ шаардлагыг судалсны үндсэн дээр хийдэг. Сүүлийн үед ялангуяа массыг хамарсан, дэлхийн чиг хандлагыг тусгасан бүтээгдэхүүнийг зохиож хийх тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Угаасаа дэлхийд гарья гэвэл ингэж хийх ёстой.

Тэр ч утгаараа банк, төрийн үйлчилгээ болон хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд зориулсан программууд маш ихээр хийгдэж байна. Угаасаа тухайн нийгмийг байлдан дагуулах гол зэвсэг бол интернет хэрэглээ болж байгаа энэ цаг үед программ хангамж өөрөө байнгын хөгжлийг шаарддаг. Тийм ч учраас бид программуудаа нэг хийгээд орхичихдоггүй, байнгын хөгжүүлэлт шинэчлэл хийж байдаг.

Хүний хэрэгцээнд материаллаг хэрэглээ чухал хэдий ч бидний дэлхийд гарах гарцын хамгийн ойрхон салбар бол оюуны баялаг бүтээгчид буюу программ хангамж гэж би боддог. Бид бас энэ тал дээр шинэ гарцуудыг хайж салбарынхаа хөгжих замыг тавьж өгч байна.

-Таныхаар программ хангамжийг юутай зүйрлэх вэ?

-Программ хангамж бол урлагийн бүтээл юм гэж би хэлдэг. Учир нь яг урлагийн бүтээл шиг бий болдог гэсэн үг. Кино гэхэд л эхлээд зохиолоо бичдэг шиг бид бас эхлээд системийн судалгаа хийнэ. Дараа нь зураг авдаг бол бид бас кодлоно. Энэ мэтчилэн кино хийхэд яг ямар процесс явагддаг уу, тэрэн шиг л ажиллагаа хийгддэг. Яахав хамгийн гол нь гарт ил баригдахгүй хүний тархин дотор боловсрогдож байдаг процесс учраас ялгаатай тал байдаг болов уу.

Ер нь бол программ хангамжид санаа гаргах хамгийн чухал гэж үздэг байсан бол сүүлийн үед гүйцэтгэл илүү чухал гэж үзэх болсон.

-Тэгэхэээр хэрэглэгчдэд хандаж юу гэж хэлж, зөвлөх вэ?

Хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд аливаа зүйлийг мэдэхийн тулд заавал нэг удаа оролдоод, хийгээд үзээрэй. Яг одоо Jirem.com руу ороод үз. Магадгүй таны оффис, ажлын байранд чухал хэрэгтэй, хүсч байсан программ тань байж болно шүү гэдгийг л хэлмээр байна.

Мөн энэхүү шинэ программаа 30 хоног үнэгүй хэрэглэх боломжийг хэрэглэж үзэхийг хүссэн хэн бүхэнд олгосон байгаа. Хэрвээ таалагдвал албан ёсоор авч хэрэглэх боломжтой.

"Жирэм технологи" ХХК-тай холбоо барих утас: 99009799