m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 05:10
247
Д.Болдбаатар: Ямар ч кино эх зохиолоосоо илүү болж чаддаггүй

Манай уншигчид хятадын эртний сонгодог романы тэргүүн гэгддэг «Гурван улсын үлгэр» зохиолыг эх хэл дээрээ уншдаг болоод удаагүй билээ. Түүнчлэн дэлхий дахиныг шуугиулж байгаа "Чонон сүлд" зохиолыг орчуулан уншигчдын хүртээл болгосон нэрт орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатар «Хүйтэн уулын бичээс» нэрт өөр нэгэн сонгодог романыг хөрвүүлээд удахгүй хэвлэлтэнд өгөхөд бэлэн болоод байгаа юм байна. Та бүхэндээ Чонон сүлд зохиол болон түүний бусад бүтээлүүдийн талаарх сонирхолтой ярицлагыг та бүхний гэгээн мэлмийд хүргэе!  

«Чонон сүлд»  гэдэг нэрийн хувьд манай зарим уншигчдын дунд эргэлзээ байдаг л даа. Та яагаад заавал ийм нэр оноох болсон талаар яриагаа эхлэвэл ямар вэ?

Болд: Миний хувьд тиймэрхүү шүүмжлэлүүдийг боломжийн хэрээр уншиж харчих санаатай явдаг. Тийм болохоор тэр талын үг яриа гарч байсныг мэднэ. Тухайлбал «Чоно шүтээн» гэх учиртай юм гээд Аким гуай байх аа хаа нэгтэй бичсэнийг санаж байна. Би ч түүний хариуд нэг сонинд ярилцлага өгөхдөө тэгвэл модон сандал, усан сан гэхгүй мод сандал, ус сан гэх болж байна уу гээд няцаалт өгч байсан. Тотем гэж сүлд гэсэн утгатай Индиан үг юм. 1840 онд английн нэг эрдэмтэн өөрийн бүтээлдээ анх энэ үгийг хэрэглэснээр эрдэм шинжилгээний эргэлтэнд орох болжээ. Түүний бичсэнээр сүлд бол хүн төрөлхтний балар эртний сүсэг мөргөлийн нэгэн хэлбэр. Одоогоос гуч шахам мянган жилийн өмнө үүссэн. Балар эртний хүмүүс байгалийн тухай мэдлэг мөхөс байсны улмаас өөрсдийн ахуй амьдралдаа ойр амьдардаг ан амьтанг дээдлэн биширдэг байснаас үүдэж сүлд хэмээх ухагдхуун үүссэн юм гэдэг. Монгол ахуйн сэдэвтэй энэ зохиолын нэрэнд Индиан гаралтай үг орох нь хэр зэрэг зохимжтой байх бол гэдгийг бодолцоод «Чонон сүлд» гэж орчуулсан нь одоо уншигчдын сэтгэл зүрхэнд хоногшиж чаджээ.

«Чонон сүлд» ном ер нь чамгүй олон хувиар борлогдсоныг бид мэднэ. Кино нь ч сая нэг хэсэг чамгүй их шуугиулаад намжих шиг боллоо. Үүний нууцыг та юунд байгаа бол гэж бодож байна вэ?

Болд: Монгол уншигчдын өөрсдийнх нь хамгийн сайн мэдэх сэдвийг гадаадын зохиолч гярхай ажиглаж зохиол бүтээлдээ тусгаад дэлхий дахины уншигчдад хүргэж чадсан нь манай хүмүүсийн хувьд их сонин байгаа болов уу.

Хамгийн гол нь дэлхийн бусад улс үндэстэнд тэр болгон байдаггүй байгалиа дээдлэн, харилцан шүтэлцээтэй амьдарч ирсэн монгол ухааны суу билигийг уг романд тод томруун гаргаж өгсөнд зохиолын ач холбогдол оршино гэж би хувьдаа боддог.

 Зөвхөн манайд төдийгүй өмнөд хөршид ч хүмүүс маш сайн үзлээ шүү дээ. Сүүлийн үеийн албан ёсны мэдээнээс үзвэл «Чонон сүлд» кино 252 юаний өртгөөр бүтээд хагас сар хүрэхгүй хугацаанд гаргасан зардлаа хоёр дахин илүү нугалаад олчихсон ажээ. Кино гарсантай холбогдоод «Чонон сүлд» романы борлуулалт хорь дахин нэмэгдсэн байх жишээтэй.

«Чонон сүлд» зохиол дэлхийн хэдэн орны хэл дээр орчуулагдаад байна вэ? Яагаад Монгол хэл рүү нэлээд хожуухан орчуулагдсан тухай ярихгүй юу?

Болд: «Чонон сүлд» зохиол одоогийн байдлаар дэлхийн дөч гаруй үндэстний хэл дээр орчуулагдаад 110 улс оронд нэгэн зэрэг зарагдаж байгаа юм. Монгол хэл дээр яагаад нэлээд хожуу хэвлэгдсэн тухайд гэвэл хөндсөн сэдэв нь том, бичлэгийн өнгө аяс адармаатай нарийн болохоор хэр баргийн хүн аван саван орчуулчихаж чадахгүй байсан болов уу гэж бодож байна. Миний хувьд 2004 онд анх хэвлэгдэхэд нь дуулж байсан. Цаг зав хүрэлцэхгүйн улмаас уншиж завдаагүй байтал 2009 оны зун Дэлхийн банкны байгаль орчны төслөөс уг бүтээлийг орчуулах тухай санал ирээд ажилдаа зориглон орсон хэрэг. Надад анх тэдний зүгээс ажлын дөч хоногт орчуулах тухай санал тавьсан нь одоо эргээд бодож байхад маш шахуу хугацаа байжээ. Гэвч би яадаг ч байсан 26 хоногийн дотор орчуулж дуусгасан даа.

Энэ дашрамд сонирхуулж хэлэхэд «Чонон сүлд» романы миний орчуулсан хувилбарыг Хятадын Үндэсний хэвлэлийн хорооны монгол хэлний тасгаас монгол бичигт хөрвүүлэн гаргахад бэлэн болсон төдийгүй казак хэл дээр нэрт орчуулагч Шынай гуай орчуулж удахгүй хэвлэгдэн гарах болсныг дуулгахад таатай байна.  

 «Чонон сүлд» романыг уншиж байхад зохиолч Зян Рун гуай Монголд их элэгтэй хүн юм шиг санагддаг. Энэ талаар та юу хэлмээр байна вэ?

Болд: Тийм л дээ. Монгол ахуй соёлд ээнэгшин дасаж, монгол ухаан, монгол уламжлалт соёлын чинад нууцад нэвтэрч чадсан хүн болох нь түүний хятадын сонин хэвлэлд өгсөн ярицлагуудыг уншиж байхад тодорхой ойлгогддог.

«Чонон сүлд» зохиолыг уншсаны дараа киног нь үзсэн болохоор маш их зүйл орхигдуулсан мэт санагдсан. Мэдээж уран сайхны кино учраас хасаж танах зүйл байсан л биз. Гэхдээ зохиолыг уншиж байхдаа авсан мэдрэмж, сэтгэлийн утсыг хөндөж тэр хэрээр чамгүй уйлуулдаг хэсгүүд ороогүй байсан. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

Болд: Тантай ижил саналтай байна.

Ер нь ямар ч сайн бүтээгдсэн кино эх зохиолоо гүйцдэггүй гэсэн үг байдаг шүү дээ.

Гэхдээ найруулга, зохиомж, зураг авалт, хөгжим зэргийн хувьд онцгой сайн болсон гэдгийг үгүйсгэж яахин болох билээ.

Манай Монголчууд газар нутгаа сэндийчэн байж олон жилийн дараа ирэх багахан ашгийг хүлээхийн оронд оюуны бүтээлээр энэ байтугай ашиг олж болохын тод илрэл нь  «Чонон сүлд» кино боллоо гэж та уг киноны нээлтэн дээр хэлсэн үг олон үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөв бололтой алга ташиж харагдсан. Энэ талаараа жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?

Болд: Сүүлийн үед улс орнуудын хөгжлийн түвшинг соёлын үйлдвэрлэлийн бүтээмж хэр зэрэг байгаагаар нь үнэлж дүгнэх хандлага нэмэгдэж байна. Би тэр үүднээс «Чонон сүлд» киног жишээ болгож ярьсан хэрэг. Соёлын үйлдвэрлэл дэлхийн бусад улс орнуудад эрч хүчээ аван хөгжиж байгаа энэ цаг үед нэг сайн ном зохиох буюу ганц сайн дуу дуулахад л насаараа идээд барахгүй хөрөнгөтэй болдогийн жишээг «Чонон сүлд» роман, «Ганнам стайл» дууны жишээ бэлээхэн харуулж байна шүү дээ. Уг нь манайд энэ чиглэлээр ажиллавал маш их нөөц байгааг манай төрийн түшээд санаа аваасай билээ гэсэндээ би тэр үгийг хэлсэн хэрэг.

Нэг сайн ном зохиох буюу ганц сайн дуу дуулахад л насаараа идээд барахгүй хөрөнгөтэй болдогийн жишээг «Чонон сүлд» роман, «Ганнам стайл» дууны жишээ бэлээхэн харуулж байна шүү дээ

 «Чонон сүлд» романаас өмнө та «Журамт бүсгүй Лү Билянь», «Мөрөн голын шулам хүүхэн» нэрт хоёр ушугийн роман орчуулсныг мэдэх юм. Нэг хэсэг кино орчуулгаар дагнан ажиллаж байснаа сүүлийн үед уран зохиолын орчуулгын салбар руу нэлээд хүч түрэн орж байна уу даа гэж бодогддог.

Болд: «Чонон сүлд» роман хэвлэгдэн гарч байх цаг үед хэвлүүлсэн ном жилдээ 500-1000 хувь  борлогдвол муугүй үзүүлэлт гэсэн ойлголт зохиолч орчуулагчдын дунд түгээмэл байсан л даа. Тэр хэвшмэл ойлголтыг «Чонон сүлд» роман борлуулалтын тоогоор эвдэж чадсан нь манай уншигчдад чанартай сайн орчуулгын бүтээл ус агаар шиг хэрэгтэй байгаа юм байна гэдгийг надад ойлгуулсан. Уншигчдынхаа тэрхүү оюуны хэрэгцээг хангахад бага боловч өөрийн хүчин зүтгэлээ оруулах сэдлийн үүднээс чармайн ажилласаар сүүлийн цөөн хэдэн жил «Чингис хаан», «Сюэкө бүсгүй», «Төвд банхар», «Цаасан шувуу наадуулагч», «Мянган нарны цацраг», «Уулсын цууриа», «Бэлтрэгхэн», «Дияан», «Гурван улсын үлгэр», «Миларайвагийн тууж зохионгуй», «Хөхөмдөг үүлт тэнгэр» зэрэг чамгүй олон номыг уншигчдын гар дээр тавьж чадсандаа маш их баяртай байгаа.        

 

Манай цөөнгүй Монголчууд Хятад гэхээр л цаанаасаа дургүйлхэж, уур нь хүрч эхэлдэг хэрнээ хүүхдүүдээ хятад хэл сургахаар улайрч байгааг та юу гэж боддог вэ?

Болд: Энэ асуудал хоёр талтай л даа. Юуны өмнө манай улс хятадтай эдийн засгийн хувьд өргөн харилцаатай болохоор тухайн орны хэл усыг нь сурчихсан байхад эрхлэж байгаа ажил үйлсэд нь тус нэмэртэйг бодолцдог байж магадгүй. Ер нь ч манай ард түмэн эртнээс нааш эрдэм мэдлэгийг дээдлэж тэр дундаа гадаад хэлийг сурсан шиг сурчихдаг уламжлалтай нь ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Бүрэн бус мэдээгээр Хятад улсад найман мянга шахам оюутан залуус хятад хэл үзэж байгаа бол дотоодод янз бүрийн шатны сургуулиудад 12 мянган хүүхэд залуус хятад хэл сурч байгаа гэсэн тооцоо байдаг юм байна лээ. Энэ байдлаас үзэхэд учиргүй англи хэл суралцагсдын тоог даваад гарчихсан гэж санагдахгүй байна. Америкийн ерөнхийлөгч асан Жорж Буш 2005 онд хорин нэртэй их сургуулийн ректорыг хүлээн авч уулзахдаа «Гадаад хэлээр дамжуулан үндэсний аюулгүй байдлаа хангацгаая!» гэсэн нэртэй томоохон илтгэл тавьж байсан удаатай. Өөрөөр хэлбэл гадаад хэлний мэдлэг гэдэг улс үндэстний соёлын зөөлөн хүчин чадлыг илтгэх томоохон үзүүлэлт болсныг энэ баримт харуулж байгаа юм.  Түүнд дурдсанаар Америкийн 300 сая ард иргэдийн дунд хятад хэлний мэргэжлийн дипломтой эрдэмтэн судлаач дөнгөж 2000 орчим байгаа бол 130 сая хятад хүн англи хэлийг маш эрчимтэй суралцаж байгааг онцлосон байж билээ. Энэ талаас нь харах юм бол Хятадад Монгол хэлний судлаач орчуулагч хэд бий билээ гээд бодохоор бас л сонин дүр зураг харагдана даа.

Таны шавь байсны хувьд таны хятад хэл заах арга барилыг одоо болтол гайхдаг юм. Их ачаалал өгөөд байдаггүй хэрнээ нэг л мэдэхэд ханз цээжлэгдээд утга нь ойлгогдоод байдагсан. Гэрийн сургалтын аргын давуу тал энэ байх гэж боддог. Намайг оюутан байхад та гар утас барьдаггүй байсан. Тэр зуршил чинь одоо болтол хэвээрээ юу?

Болд: Сүүлийн асуултаас эхлэн хариулахад гар утас барьдаггүй маань одоо болтол хэвээрээ. Бичиг номтой зууралдаж суудаг хүнд тээртэй байдгийг бодолцоод тэгсэн хэрэг л дээ. Эхний асуултын тухайд гэвэл та өөрөө бараг хариулчих шиг боллоо. Би сургалтандаа эртний монголын гэрийн сургалтын аргыг түлхүү ашигладаг. Хоёр настай хүүхэд хэл гэдэг нарийн тогтолцоог төвөггүй сурчихдаг. Хорь гучин нас хүрсэн залуус хэл сурна гэхээр яахаараа там болон хувирдаг юм бол гэдэг сэдлээс эхлэн судлаж боловсруулсан арга байгаа юм.

Гар утас барьдаггүй маань одоо болтол хэвээрээ. Бичиг номтой зууралдаж суудаг хүнд тээртэй байдаг юм. 

Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр түлхүү ажиллаж байна вэ гэдгийг асуухгүй байж яахин болох билээ?

Болд: Дөнгөж саяхан Америкийн сонгодог зохиолч Ж.Сэлинжерийн «Хөх тарианы харуул» нэртэй  романыг орчуулан гаргалаа. «Хуаньжу гэг» киноны зохиолч Чюн Яогийн «Сюэкө бүсгүй», «Хөхөмдөг үүлт тэнгэр» романуудын араас түүний анхны бүтээл гэдгээр алдартай «Цонхны цаана» гэдэг зохиолыг орчуулж байна даа. Хятадын эртний дөрвөн сонгодог зохиолын тэргүүн гэгддэг «Гурван улсын үлгэр» сонгодог романыг манай уншигчид маш халуун талархалтай хүлээн авсан. Одоо эхний хэвлэлт нь бараг борлогдоод дуусах тийшээ хандаж байгаа. Хоёрдахь хэвлэлтэнд бага сага нэмэлт засвар оруулахын зэрэгцээ түүнд дурьдагддаг Цай Вэнь Зи үжингийн зохиосон «Монгол цуурын арван найман цохилго» нэрт уянгын бэсрэг найраглалыг орчуулан хавсаргах бодол бий. Энэ дашрамд уншигчдадаа нэгэн баярт мэдээг дуулгахад нангиадын эртний өөр нэгэн сонгодог зохиол болох «Хүйтэн уулын бичээс» романыг хөрвүүлж дуусаад одоо холбогдох тайлбар зүүлт сэлтийг хийж байгаа маань ойрын үед намайг дэмжиж тэтгэдэг олон түмэндээ барьж байгаа оюуны өчүүхэн бэлэг юм даа гээд урамшиж сууна даа. 

 

 Таны эрдэм номын нөр их ажилд амжилт хүсье !

Болд: Баярлалаа.