m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 05:17
57
Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар ”Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.1 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагджээ. 

Дараа нь Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төсөл нь хүүхэд хамгааллын зарчим, төрийн чиг үүргийг тодорхойлж, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгох, нийгэм, гэр бүлийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэгджээ.

Гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлж байгаа хүүхдүүдийн 22 хувь нь гэр бүлийн таагүй уур амьсгал, 42 хувь нь үе тэнгийнхэн, 18 хувь нь өөрөөсөө болж, 10 хувь нь сургууль дээрх таагүй харилцаанаас үүдэн гэмт хэрэг үйлджээ. Хүчингийн гэмт хэргийн 26.6 хувийг ураг төрлийн хүчин эзэлж байгаа бөгөөд хохирогчийн 60 хувь нь 5-18 хүртэлх насны охид аж.

Хүүхдэд холбогдох хэрэг зөрчлийг хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн шүүгч хянан шийдвэрлэх, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хүүхдэд зөвхөн эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх зэрэг хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зарчмыг баримтлах юм байна.

Хүчингийн гэмт хэргийн 26.6 хувийг ураг төрлийн хүчин эзэлж байгаа бөгөөд хохирогчийн 60 хувь нь 5-18 хүртэлх насны охид аж

 Хуулийн төсөлд бага насны хүүхдээ цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар хүргэж өгөх, авах, эрх зүйн зарим болон бүрэн чадамжтай хүнгүйгээр үлдээхгүй байхаар тусгасан бөгөөд эрх зүйн зарим чадамжтай хүн буюу 14-өөс дээш насны ах, эгч нь бага насны дүү нараа харгалзаж болохоор тусгажээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, манай улсад 81 мянган эмэгтэй өрх толгойлж байна гээд гэр бүлээ орхиод явсан аавуудын үйлдлийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдгийг онцолсон. Үүнээс болж хүүхэд хохирдог явдлыг багасгах чиглэлээр хуульд хэрхэн тусгасаныг тодруулж байлаа.

Хүүхдэд холбогдох хэрэг зөрчлийг хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн шүүгч хянан шийдвэрлэх гэнэ

Өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхдэд дэмжлэг үзүүлэх эрсдлийн сан байгуулах асуудлыг ярилцаж байгаа хэмээн ажлын хэсгээс хариулаад ийм сан байгуулбал өрх толгойлсон эмэгтэйчүүд, тэдний хүүхдэд ирж буй дарамтыг багасгана гэж үзэж байгаа хэмээсэн.

 Ингээд төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 Хуулийн төсөлд бага насны хүүхдээ цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар хүргэж өгөх, авах, эрх зүйн зарим болон бүрэн чадамжтай хүнгүйгээр үлдээхгүй

Хүүхэд хамгааллын тухай бие даасан шинэ хуулийн төсөл боловсруулсантай холбогдуулан одоогийн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болох Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллага нь хүүхэд үрчлэлт, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, зүй бусаар харьцах болон хүүхдийн мөлжлөгийн аливаа хэлбэр, хүүхдийн хулгай, хүүхдийг зүй бусаар шилжүүлэх болон саатуулах, хүүхдийн харьяалал болон зохион байгуулалттай гэмт хэргийн асуудлаар гадаад улс, олон улсын ижил төрлийн байгууллагатай холбогдох мэдээллийг харилцан солилцож, хамтран ажиллахтай холбогдсон харилцааг хуулийн төсөлд шинээр тусгав.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, хүүхдийн тоглоомын талбайг хамгаалах асуудлыг төсөлд тусгасан уу гэж асуусан. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсгээс хариулснаар, өмнө нь нэг барилгын ажил эхэлж, хүүхдийн тоглоомын талбайг буулгаж байхад хүүхдийн байгууллагын ажилтан очоод ямар ч арга хэмжээ авч чаддаггүй байсан бол шинэ хуулиар Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгохоор болж байгаа аж. Энэ байцаагч шаардлагатай гэж үзсэн бүх обьектэд нэвтэрч хяналт тавьж, хэрэгжүүлэх эрхтэй болох юм байна.

Шинэ хуулиар хүүхдийн тоглоомын талбайг буулгаж байхад хүүхдийн байгууллагын ажилтан хяналт тавих эрх үүсжээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, өвлийн улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй гэсэн саналыг нийт гишүүдийн гуравны нэг нь дэмжиж байгаа гээд энэ талаарх асуудлыг хуулийн төсөлд тусгасан уу гэж асуусан. Хуулийн төсөлд ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно хэмээн заасан болохыг ажлын хэсгээс хэлж байлаа. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд Хүүхдийн хөдөлмөр гэсэн бүтэн зүйлийг оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мөн энэ талаар тусгасан гэж ажлын хэсгийн гишүүд хариулсан. Дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.