m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 05:21
79
Хятадын төлөөлөгчид Сүхбаатар аймагт ажлын айлчлал хийж байна

БНХАУ-ын Ляонин мужийн Жин Жөү хотын дарга Люй Шинвэй тэргүүтэй төлөөлөгчид Сүхбаатар аймагт ажлын айлчлал хийж байна. Сүхбаатар аймаг болон Ляонин муж нь харилцан суурин төлөөлөгчдөө ажиллуулдаг хамтын ажиллагаатай аймгууд юм.
Аймаг, орон нутгийн удирдлагууд болон БНХАУ-ын төлөөлөгчид өнөөдөр Нутгийн удирдлагын ордонд суудлын хуралдаан хийлээ. Хуралдаанаар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь аймгийнхаа нийгэм, эдийн засгийн байдал, бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж, цаашид Жин жөү хот болон Шилийн гол аймаг, Авга хошуутай хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар хэлэлцэж, Ази Европыг холбосон төмөр замыг барих ажлыг Засаг даргын бүрэн эрхийн хугацааны турш хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж байгаагаа ч мөн дурдлаа.

Жин Жөү хотын дарга Люй Шинвэй "Сүхбаатар аймаг нь ХАА салбар тэр дундаа, МАА салбарыг хөгжүүлж, нэг хүнд ногдох малын тоогоор улсдаа тэргүүлж, өрсөлдөх чадварын судалгаагаар 21 аймгаас дөрөвт орж, Засаглалын үзүүлэлтээр тэргүүлж байгаа нь орон нутгийн хөгжилд онцгой чухал болохыг дурдаад Засаг дарга Ж.Батсуурь, өөрийн нэртэйгээ ижил орон нутгийнхаа хөгжлийн суурийг ийн бат сайн тавьжээ" гэсэн юм. Мөн Эрдэнэцагаан суман дахь Олон улсын Бичигт боомтыг Жин Жөү боомттой холбох төмөр замыг барьж байгуулах ажлын талаар ярилцах нь энэ удаагийн ирсэн ажлын гол зорилго хэмээн онцолсон юм. БНХАУ-ын нутаг дэвсгэр дэх төмөр зам баригдсан, одоо Монгол улсын Сүхбаатар аймгийн нутагт баригдах төмөр замын асуудлаар орон нутгийн удирдлага, түүнчлэн холбогдох яамдтай уулзаж, хэлэлцээрт хүрэх зорилготой байгаагаа дурдлаа. 
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошууны Шилийн гол аймгийн захиргааны дэд дарга Өлзий Баруун-Урт хотод хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд үлэмж их өөрчлөгдсөнийг нүдээр үзлээ хэмээн яриагаа эхлүүлсэн юм. Түүний хувьд Шилийн гол аймгаас Сүхбаатар аймагт тавьж буй хоёр асуудлыг танилцууллаа.
1. 3+3 буюу Монгол Улсын зүүн гурван аймаг, БНХАУ-ын гурван аймгийн зургаан талт уулзалтын товыг тогтож, ярилцаж шийдвэрлэх асуудлыг тодорхойлох,
2. Зүүн Хатавчийн боомтод Ази Европыг холбосон зургаан талтын уулзалт, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хугацааг тогтох
3+3 уулзалт болон Зүүн Хатавчийн уулзалтыг энэ оны долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахаар товлолоо.