m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 05:58
120
Пол Уокерын дурсгалд зориулсан “Furious 7”

Дэлгэцэнд гарснаасаа хойш хоёр сар ч болоогүй “Галзуу хурд 7” кино одоогоор 1 тэрбум 489 сая 632 мянган “ногоон”-ы орлого олоод байна. Universal Pictures, Original Film, One Race Films, China Film Co, Media Rights Capital компаниудын хамтын бүтээл, Жеймс Ваны найруулсан, Нил Мориц, Вин Дизель нарын продюсерээр нь ажилласан уг бүтээл 190 саяын өртгөөр бүтжээ. Кино 137 минут үргэлжлэх бөгөөд зураг авалт нь 2013 оны есдүгээр сард эхэлжээ. Гэвч өнгөрсөн оны долдугаар сард гол дүрийн жүжигчдийн нэг Пол Уокер автомашины ослоор нас барсан нь нээлтийг ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлогдоход хүргэсэн юм.

Киноны үйл явдал Доминик Торетто, Брайан О’Коннер болон түүний уралдаанч найзууд Оуэн Шоугийн дээрмийн бүлэглэлийг устгасныхаа дараа эгэл жирийн, тайван амьдарч буй тухай эхэлдэг. Харин Оуэны төрсөн ах Деккард Шоу дүүгийнхээ өшөөг авахаар Америкт ирснээр тэд ахиад л адал явдалт амьдралын хэмнэлдээ эргэн орохоос өөр аргагүйд хүрдэг. Шоугийн эхний бай нь Дипломат албаны агент Люк Хоббс байлаа. Энэхүү тулаанд Хоббс өөрийн туслах Еленаг хамгаалах гэж яваад гранатын дэлбэрэлтэд өртөж, эмнэлэгт хүргэгддэг. Үүний дараа Шоу япон залуу Ханыг хороож, Брайаны гэр бүлийг дэлбэлж алах дөхдөг.

Улмаар Ханы оршуулга дээр Деккард Доминиктэй тулгарна. Тэрбээр Тореттог бууддагийн даваан дээр “Мистер хэн ч биш” хэмээн өөрийгөө нэрлэсэн нууцлаг эрхмийн тусгай отряд Доминикийн амийг авардаг. “Хэн ч биш” түүнд Шоуг олоход нь туслахаа амлаад үүний тулд Мозе Жаканде хэмээх зартай террорист этгээдийн гарт орсон хакер Рамзиг суллаж өгөхийг хүсдэг. Доминик энэхүү болзлыг зөвшөөрч, багийнхантайгаа Кавказын ууланд террорист бүлэглэлтэй тулалдаж, хакер бүсгүйг тэдний гараас салгаж дөнгөнө. Харин Деккард Шоу Жакандегийн бүлэглэлтэй нэгдсэн нь тэдний ажилд ихээхэн саад тотгор болдог. Нэгэн шөнийн тулалдааны дараа “Мистер хэн ч биш”-ийн отряд тэр чигээрээ сүйрч, тэрбээр Доминик, О’Коннер нарын хамтаар арайхийн амьд гарч чадна. Уралдаанчид Лос-Анжелест эргэн ирснийхээ дараа Рамзиг өгөөш болгон ашиглаж, Жакандег урхидан барихаар шийддэг. Гэвч дээд зэрэглэлийн зэвсэглэлтэй гэмт бүлэглэлийн эсрэг тэмцэнэ гэдэг амаргүй байлаа. Хүнд хэцүү тулааны эцэст уралдаанч залуус террористуудыг устгаж, Торетто Шоуг баривчлан Хоббст тушаадаг.  

Энэ бүхний эцэст Доминикийн хайртай бүсгүй Летти бүгдийг санаж, Брайан буцаж гэр бүлийн жаргалтай  амьдралдаа умбаж байгаагаар өндөрлөнө. Киноны төгсгөлд For Paul гэсэн бичиг гарч, Пол Уокерын тоглосон хэсгүүдээс гарах нь сэтгэл хөдөлгөмөөр. Киног хийгчид Брайан О’Коннерын дүрийг бүтээхдээ Пол Уокерын дүү Калеб, Коди нарыг зарим хэсэгт орлон тоглуулж, зарим хэсэгт компьютер график ашиглажээ.