m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 06:06
376
Зэвсэгт хүчний маршийн аваргууд тодорлоо

Зэвсэгт хүчний 2015 оны марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн уламжлал ёсоор болов. Тэмцээн  Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн районд долоон хоногийн туршид амжилттай явагдлаа.

Тэмцээний хаалтын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Д.Даваа, Зэвсэгт хүчний Ерөнхий цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, дэд хурандаа Э.Бямбажав нарын албаны бусад хүмүүс оролцлоо.  

Тэмцээнийг хааж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон түрүүлсэн баг тамирчдад амжилт хүсээд "Жил бүр уламжлал болон явагддаг Зэвсэгт хүчний марш тактикийн тэмцээний нэр хүнд, цар хүрээ, ач холбогдол, оролцох бүрэлдэхүүний тоо жилээс жилд улам бүр өсч, зохион байгуулалтын хувьд ч илүү боловсронгуй, ил тод, нээлттэй шударга явагдах болсоныг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэхүү тэмцээн нь цэргийн сургалт бэлтгэлийн чанар, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавхи, мэргэжлийн ур чадварт бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх боломжийг олгож, цэргийн алба хаагчдын эр зориг, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлын  томоохон сорилт, шалгуур болдог чухал ач холбогдолтой билээ.  Зэвсэгт хүчний марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон нийт анги, байгууллага, баг, тамирчид та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн юм.

Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сорьсон Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд энэ жил байнгын бүрэлдэхүүнийн 12, хугацаат цэргийн 6, гэрээт цэргийн 8 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдийн 15 тасаг нийт  26 ангийн 980 гаруй тамирчид оролцлоо. Эдгээр цэргийн алба хаагчид сар гаруйн өмнөөс эхлэн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд байрлан бэлтгэл сургуулилтаа эхэлсэн юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг ажилласан байна. Ингээд тэмцээний дүн ёсоор хугацаат цэргийн салаа төрөлд нэгдүгээр байрыг Зэвсэгт хүчний 032, хоёрдугаар байрыг Зэвсэгт хүчний 014, гуравдугаар байрыг Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн тамирчид эзэллээ.

Харин гэрээт цэргийн салаа төрөлд тэргүүн байрыг  Зэвсэгт хүчний 014, хоёрдугаар байрыг  Зэвсэгт хүчний 016, гуравдугаар байрыг Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн тамирчид тус тус эзэлсэн юм.

Эмэгтэй тасгийн тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 150, хоёрдугаар байрыг  Зэвсэгт хүчний 311, гуравдугаар байрыг Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тамирчид эзэллээ. Байнгын бүрэлдэхүүний  салаа төрөлд тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 084, хоёрдугаар байрыг  Зэвсэгт хүчний 330, гуравдугаар байрыг Зэвсэгт хүчний 150 дугаар ангиуд эзэллээ.

Оны аварга батальон захирагчаар тэргүүн байранд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахмад Н.Батсайхан, хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хошууч Л.Жамбалсүрэн, гуравдугаар байранд Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн дэслэгч Б.Ганболд нар оролцлоо.

Ротын захирагчаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахмад Э.Билэгсайхан шалгарч, хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн ахмад Д.Батдорж, гуравдугаар байранд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн ахмад Р.Батмөнх нар шалгарлаа. Салааны захирагчаар  Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн дэслэгч Г.Хос-Эрдэнэ шалгарч, хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн дэслэгч Х.Жанжинбаатар, гуравдугаар байранд Зэвсэгт хүчний 014 дүгээр анги дэслэгч Д.Цог-Эрдэнэ нар орлоо. Харин оны аварга ахлагчаар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн сургагч ахлагч Т.Хатантөмөр шалгарч, хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн ахлагч Ц.Цогтдэлгэр, гуравдугаар байранд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлах ахлагч Д.Цогбаяр нар тус тус шалгарч Зэвсэгт хүчний 2015 оны марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагчар шалгарлаа.  Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчнээ төлөөлөн оролцох хариуцлагатай үүргийг хүлээж байгаа юм.