m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 06:15
54
27 дугаар цэцэрлэгийг актлан шинэ цэцэрлэг барина

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, хөрөнгө бүртгэлээс хасах тухай, нийслэлийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Баянзүрх дүүргийн Цагаадаагийн гуравдугаар хэлтсийн балансад бүртгэлтэй 23 дугаар хороонд байрлах Соёлын төвийн барилгыг 1985 онд Орос цэргийн ангийн 350 хүний суудалтай соёл үйлчилгээний зориулалтаар ашиглалтад оруулж байжээ. Одоогоор барилгын дээврийн хучлага цоорч, бороо цасны ус доош нэвчин хучлага хавтан, хана, таазны өнгө будаг урсаж, модон хийц, дүүжин тааз эвдэрч, цахилгааны монтажууд богино холболт үүссэн кабель утаснууд тасарсан байдалтай байгаа юм.    

Иймд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн нийт 417 сая 18 мянган төгрөгийн үнэ бүхий Соёлын төвийн барилга, инженерийн шугам сүлжээг актлав. 

Баянзүрх дүүргийн Цагаадаагийн гуравдугаар хэлтсийн балансад бүртгэлтэй 23 дугаар хороонд байрлах Соёлын төвийн барилгыг актлав
 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 21 дүгээр цэцэрлэг нь 1963 онд ашиглалтад орж байсан бөгөөд 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхэд хүлээж авах хүчин чадал бүхий өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж байжээ. Харин 2014 оноос үндсэн барилгын үйл ажиллагаагаа зогсоосон байна. Иймд 425 сая 756 мянган төгрөгийн үнэ бүхий цэцэрлэгийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай,  инженерийн шугам сүлжээг акталж, нийслэлийн өмчөөс хасахаар болжээ. 

Хан-Уул дүүргийн  хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар цэцэрлэгийн барилгыг акталж,  суурин дээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар болсон байна.