m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 07:01
659
Хүнсний аюулгүй байдлыг тандсан хоёр өдөр

MASS.MN сайтын хамт олон сар бүр Масс-Сурвалжлага бэлтгэн хүргэдэг. Энэ удаа хүнсний аюулгүй байдлын асуудлыг хөндөж байна. Хоол гэж итгэн авч буй хүнсний бүтээгдэхүүн хор болох нь бий. Бидний хүнсний аюулгүй байдал, түүнд тавих хяналт, бүтээгдэхүүн бүрийн онцлогт тохирсон зориулалтын агуулах, зоорь байна уу. Бидний бэлтгэсэн сурвалжлага эдгээр асуудлыг хөндөхдөө иргэдийн байр суурь, эмчийн зөвлөгөө мөн багтаалаа. Таалан болгооно уу.

Хүнсний аюулгүй байдал ба нийслэлчүүд хүнсээ хаанаас базаадаг вэ?

Даяаршиж буй өнөө үед хүнсний аюулгүй байдал нь дэлхийн улс орнуудын амин чухал бодлого, стратегийн зорилго, үндэсний аюулгүй байдлын нэг илэрхийлэл болжээ. Орчин үед дэлхийн олон орон хөрөнгө хүчээ зэвсэглэлд зарцуулахаас илүү эдийн засгаа хүчирхэгжүүлэх, ард иргэдийнхээ аюулгүй тайван амьдрах орчинг бүрдүүлэх, түүх соёлоо сахин хадгалах, хүнсний аюулгүй байдал, эрүүл оршихуйг бий болгох зэрэг нь улс үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болоод байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол хүнснээс үүдэлтэй болохыг нь нотолсон.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол хүнснээс үүдэлтэй болохыг нь нотолсон

Дэлхий нийтийг хамарч байгаа эдийн засгийн хямралаас үүдээд хүнсний бүтээгдэхүүний үнэ 10-20 орчим хувиар өссөн тооцоо байна. Өнөөдөр хүнсний хямрал бүх дэлхийг хамарч, бага буурай хоцрогдсон 20 гаруй орон илүү их нэрвэгдэхийн зэрэгцээ 40 шахам оронд хүнсний хямралаас үүдэлтэй эмх замбараагүй байдал үүсч болзошгүй байгаа гэнэ. Иймд НҮБ-аас хүнсний хямралыг давж туулах талаар тодорхой арга хэмжээ авахыг бүх оронд уриалаад байна. Үүнтэй холбогдон улс орон бүхэн өөр өөрийн боломжоор хүнсний хангамжаа сайжруулж, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч эхэлжээ. Жишээлбэл, Египет, Тайланд, Вьетнам улсууд хүнсний бүтээгдэхүүн экспортлохыг хязгаарласан бол Япон гадаад орнуудад газар тариалангийн талбай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг компаниудыг худалдан авч байна. Тэд Литва, Украинд 100 мянган га газар түрээслэж тариа тарьж буй гэнэ. Олон улсын жишгээр аливаа улс орон хүнсний хэрэгцээнийхээ 30-аас дээш хувийг импортоор, түүний дотор 20-иос дээш хувийг нэг улсаас авдаг бол хүнсний баталгаа алдагдаж, хараат байдалд орсон гэж үздэг байна.

Харин манай орны хувьд хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувь, аж үйлдвэрийн барааны 90 хувь, шатахуун, техник, төхөөрөмжийг 100 хувь гаднын орноос импортлодог. Үүний дотор хүнсний нийт бүтээгдэхүүний 20-иос илүүтэй хувийг урд хөршөөсөө импортлож буйгаас үзэхэд хүнсний аюулгүй байдлын хувьд нэгэнт тус улсын хараат байдалд орсон гэж дүгнэж болохоор байна. Өөрөөр хэлбэл 1990-ээд оноос хойш хорь гаруй жилийн туршид эрүүл ахуй, чанарын хувьд баталгаагүй хоол, хүнс зөөвөрлөж, хэрэглэжээ.

Саяхнаас Монгол-Оросын хооронд визгүй зорчдог болсонтой холбогдуулан манайхан хойд хөршөөс бараа таваар, хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг болсноор импортын хүнсий хувьд сонголттой болсон гэхэд болно. Гэхдээ бид хэдий болтол өөрсдөө үйлдвэрлэхгүй, хоёр хөршөө царайчилж суух вэ. Ганцхан жишээ дурдахад 50 сая шахам малтай монголчууд сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 40 орчим хувийг Хятадаас нийлүүлдэг итгэмээргүй тоо байх юм. Намрын улиралд хүнсний ногоо харьцангуй хямдардаг ч жилийн турш эх орны хөрсөнд ургуулсан Сэлэнгэ, Жаргалантын төмс, ногоогоо идэж чаддаггүй нь нууц биш. Зарим эх сурвалжийн мэдээлснээр хойд хөрш маань Монголын хөрсөнд ургуулсан органик хүнсний ногоог сонирхох болж, намрын цагт их хэмжээгээр бөөнөөр авах нь олширчээ. Ингээд ургуулсан хамаг төмсөө гадагшаа гаргачихаар нийслэлчүүд бидэнд өвлийн цагт хятад төмс идэхээс өөр сонголт үлддэггүй. 

1990-ээд оноос хойш хорь гаруй жилийн туршид эрүүл ахуй, чанарын хувьд баталгаагүй хоол, хүнс зөөвөрлөж, хэрэглэжээ

Хүнсний хараат байдалд орсноо манайхан хожуу ч гэсэн ухаарч 2008 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын жил болгон зарлаж, зарим арга хэмжээнүүдийг авсан ч энэ нь ганц нэг жилийн хөтөлбөр, арга хэмжээгээр шийдэгдэх асуудал биш юм.

Үүр шөнөөр ажил нь эхэлдэг хүнсний захууд

Нийслэлийнчүүдийн махны хэрэгцээг хангадаг гол зах болох   “Хүчит шонхор” худалдааны төвийг  бид зорилоо. Сэтгүүлч миний бие  юуны түрүүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны тасаг руу орсон юм. Амралтын өдөр таарсан  учир иргэдийн  хөл хөдөлгөөн их байв.  Гэсэн чэнэ үеэр дэлгэрэнгүй сурвалжлага хийх боломж олдсонгүй. Учир нь тус захаас сурвалжлага бэлтгэхийн тулд зөвшөөрөл авах шаардлагатай байдаг аж.  Тиймээс захын удирлагуудаас зөвшөөрөл авахаар гурван давхар ногоон байшинг зүглэв.

Харамсалтай нь ням гариг таарсан учир сэтгүүлч надад зөвшөөрөл өгч, яриа өрнүүлэх эрхэм олдсонгүй. Зөвшөөрөлгүй л бол тус захаас сурвалжлага бэлтгэнэ гэдэг “үлгэр” аж. Учир нь фото аппарат барьж, элдвийн зүйл шалгаах надаас хүн бүр төвөгшөөж байлаа.  Гэсэн ч  энэ  нь тухайн байгууллагын дотоод журам учир хүндэлж, дагаж мөрдөхөөс аргагүй байдалд хүрлээ. Үүрээр малчид махаа бөөнддөг учир маргааш нь дахин тус захыг зорилоо. 

 Тус захын ажилчид, худалдагч, тэрэгчид зориулалтын хувцас өмсөж, лангуугаа цэмбийтэл цэвэрлэжээ

2015 оны тавдугаар сарын 17. ням гариг. 05.00 цаг

 “Хүчит шонхор” захын хашаагаар ороход махны худалдаачдын  ажил эд өрнөж байлаа.  Хөдөө орон нутгаас ирсэн том оврын машинд таван хошуу малын махыг ангилан ачжээ. Тэднээс махны худалдаачид тухайн өдөр зарах махаа худалдан авч лангуу руугаа зөөлгөнө.  Дор бүрнээ ажиллах тус захын ажилчид, худалдагч, тэрэгчид зориулалтын хувцас өмсөж, лангуугаа цэмбийтэл цэвэрлэжээ. Сурвалжлага бэлтгэх зөвшөөрөл авч чадаагүй ч  ажлаа чин сэтгэлээсээ хийж буй тэдгээр хүмүүсээр бахархаж байлаа.  Энэ үеэр тус захын  дотоод зохион байгуулалт “сайн” байсныг дурдъя.  Ийн “Хүчиг шонхор” захаас хүнсний аюулгүй байдлын талаар сурвалжлага бэлтгэж чадаагүйдээ урам хугарсан ч нийслэлийн аниргүй үргэлжилдэг цаг буюу өглөөний 04.00-08.00 цагийн хооронд тус зах дээр  амьдрал буцалж, иргэд хөдөлмөрлөж байгааг харахад таатай байсан юм. Тэнд хүнсний аюулгүй байдал сайн бйана гэж сэтгүүлч миний бие дүгнэж буйгаа хэлэх нь зүйн хэрэг байх.

2015 оны тавдугаар сарын 19 даваа гариг

Хүчит шонхор захын дараа орох хамгийн хөл хөдөлгөөнтэй зах бол “Хар хорин хүрээ” ХХК буюу та бидний хэлж заншсанаар “Хархорин” худалдааны төв. Тус захын  махны тасагт очиж үнийн судалгаа хийлээ.

Үхрийн цул мах-9000 төгрөг

Үхрийн ястай мах-7500 төгрөг

Хонины цул мах 7000-7500 төгрөг

Хонины ястай мах 6300 төгрөг

Адууны цул мах-6300-6500 төгрөг

Адууны ястай мах 5800-6000 төгрөгийн хооронд худалдаалж байлаа.

Энэ үеэр тус худалдааны төвийн лабораторийн шинжлэгч эмч Д.Рэнчинхандаас дараах тодруулгыг авлаа.

-“Хархорин” худалдааны төвд махны  хэдэн лангуу байдаг вэ?

-Одоогийн байдлаар 90 орчим лангуу байна. Тэдгээр лангуунуудад  таван хошуу малын мах л зарна. Өглөө эрт манай худалдагч нарт Эмээлтээс мах өгч, нийлүүлдэг  арван хүн байдаг.

Ойролцоогоор өдөрт 20 гаруй лангуун дээрх махнаас дээж авч шинжилж байна

-Өдөрт лангуун дээр худалдаалж байгаа маханд шинжилгээ хийдэг үү?

-Өдөрт 90 орчим лангуун дээр байгаа махыг шинжилгээнд хамруулж амжихгүй. Мэдээж өглөө бүр бид махны өнгө үзэмж, үнэр, өрөлт, загсалтад онцгой анхаардаг. Энэ үеэр сэжигтэй харагдсан махыг түүвэрлэн шинжилдэг. Ойролцоогоор өдөрт 20 гаруй лангуун дээрх махнаас дээж авч шинжилж байна.

-Цайны газруудын маханд ямар хяналт тавьдаг вэ?

-Өдөр бүр цайны газруудын махнаас дээж авч шинжилдэг. 

-Урин дулаан цаг ирлээ. Мах амархан мууддаг учир хадгалалтын горимыг хэрхэн биелүүдэг вэ?

-Тэгэлгүй яахав. Зуны цагт мах,махан бүтээгдэхүүний хадгалалтын горимд онцгой анхаарах шаардлагатай. Тиймээс худалдагч нар хөлдөөгч, хөргүүрт махаа хадгалдаг. Гэхдээ олон жил мах худалдаалж байгаа хүмүүс өдөрт авах махны хэмжээгээ тооцоолсон байдаг учир илүү гарах нь ховор.

-Гар дээрээс хоол зарж байгаа иргэдэд ямар хяналт тавьдаг вэ?

-Эдгээр иргэдэд хяналт тавих бараг боломжгүй  Зарим нь цайны газруудын хоолыг гадуур явж борлуулдаг зөвшөөрөлтэй хүмүүс байдаг. Харин үлдсэн хүмүүст эрүүл ахуй ч эмчтэйгээ хамтран хяналт тавьдаг. Гэсэн ч манайх задгай зах учир хязгаарлаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хүн хүч хүрэлцдэггүй гэсэн үг.

-Лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадал хүрэлцээтэй юу?

-“Хархорин” худалдааны төв байгуулдагдсан цагаасаа хүнсний бүтээгдэхүүнийг лабораторитоо  шинжилж байна.  Тоног төхөөрөмж,хүчин чадал, боловсон хүчин хангалттай байдаг гэв.

“Хархорин” худалдааны төвийг тойрсон нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс наймаа хийж, амьдралаа залгуулдаг цөөнгүй иргэн байдаг.  Тэд тус захын өмнөх талбайд хүнсний бүтээгдэхүүн болон бусад бараа, материал борлуулаад арав орчим жил болжээ. Гэсэн ч гар дээрээс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хуйхалсан толгой, чихэр тэргүүтнийг борлуулж буй тэдгээр иргэдийг Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар захын удирдлага, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар,цагдаагийн байгууллага хамтран зөвшөөрөлгүй үйлчилээг нь албадан зогсоож байгаа аж.

 

Энэ талаар “Хархорин Хүрээ” ХХК-ийн менежир Д.Энх-Амгалангаас тодрууллаа.

-Нийтийн эзэмшлийн талбайд хичнээн хүн зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаа вэ?

-Дүүргийн  20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн талбайд гар дээрээс зөвшөөрөлгүй хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлдэг 30-40 орчим хүн байна. Эдгээр хүмүүс нь “Барс” захаас хүнсний ногоо, жимс жимсгэнэ буух үед үлдэгдэл хэсгүүдийг хямд үнээр худалдан авч, угааж цэвэрлэн, савлаж борлуулдаг. Муудаж ялзарсан хүнсний ногоог угааж арчаад иргэдэд борлуулж байна. Мөн хугацаа нь дууссан чипс, бохь, чихэр зэрэг 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг хаанаас авсан нь мэдэгдэхгүй борлуулдаг. Мөн дайвар бүтээгдэхүүнийг ахуйн орчинд боловсрлуулж зарж байна. Энэ мэт зөвшөөрөлгүй үйлчилгээ үзүүлж байгаа иргэдийг Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон “Хархорин” худалдааны төв хамтран зөвшөөрөлгүй үйлчилгээ үзүүлж байгаа хууль бус ажиллагааг зогсоож байна. Зогсоож буй шалтгаан нь мэдээж иргэдийн эрүүл мэндэд анхаарч,эрүүл хүнс хэрэглэх боломжийг олгоно.

 Нийтийн эзэмшлийн талбайд гар дээрээс зөвшөөрөлгүй хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлдэг 30-40 орчим хүн байна

-Тэгвэл зөвшөөрөлгүй үйлчилгээг таслан зогсоолоо. Дахин тэдгээр иргэд худалдаа хийхгүй гэсэн баталгаа бий юу?

-Засагдаргын захирамжийн дагуу жил бүр 2-3 удаа энэ ажил зохион байгуулагддаг. Гэвч тэдгээр хүмүүс эргээд зөвшөөрөлгүй худалдаагаа үргэлжлүүлдэг. Өмнө нь “Хархорин” худалдааны төвийн удирдлагууд тэдэнд хандаж шаардлага тавьдаг ч үл биелүүдэг. Шаардах бус гуйдаг байсан.  Учир нь хувийн байгууллагад бараа бүтээгдэхүүнийг нь хураах,торгох эрх байхгүй. Тиймээс эрх бүхий байгууллагатай хамтарч шаардлага тавьж байна.

Муудаж ялзарсан хүнсний ногоог угааж арчаад иргэдэд борлуулж байна

Ажлын байр гаргаж өгвөл тэд зөвшөөрөлтэй үйлчилгээ үзүүлэх нь гарцаагүй?

Бид өгөөгүй биш дөчин хүнд худалдааны төвөөс ажлын байр гаргаж өгсөн. Харин тэд долоон хоног зогсоод таван зуун мянгаас нэг сая төгрөгөөр зарж эргэлтийн хөрөнгөтэй болдог.

Яагаад ажлын байр гаргаж өгч байхад зарна гэж. Тэдэнд юуны түрүүнд ажлын байр хэрэгтэй баймаар?

Татвар, түрээс, хараа хяналт, шалгалтаас зугтдаг болов уу. Мөн хүний хөлийн газар үйлчилгээ үзүүлэх нь ашигтай гэж боддог байх.

Тэдгээр иргэдийн асуудлыг хөндсөн нь учиртай. Учир нь хямд, хурдан худалдан авах боломжтой гэх мэт шалтгааны улмаас хүүхдүүд, амьдрал тарчиг хүмүүс тэднээс бараа худалдан авсаар байгаа юм. Өнөө маргаашдаа эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй ч эцэстээ хэрхэн нөлөөлөхийг хэн ч хэлж чадахгүй. Хөөгөөд л байдаг, тэд хийгээд л байдаг. Энэ хэзээ ч шийдэж болохгүй, таслан зогсоож чадахгүй асуудал биш шүү дээ.

Манай сурвалжлах хэсэг “Барс” захыг зорилоо. Энэ зах нийслэлчүүдийн хэрэгцээт жимс, ногооны 80 гаруй хувийг хангадаг гэдгийг хэн хүнгүй мэднэ.

“Барс” худалдааны төв хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажилладаг чаддаг болов уу. Тус зах 2006 онд дотоодын хяналтын лабораторийг байгуулжээ. 2008 оноос хойш улсын хэмжээнд итгэмжлэгдсэн лаборатори болон ажиллаж байгаа гэнэ.

Бидний өдөр тутам хэрэгдэжэ буй бүтээгдэхүүнийг тэд хэрхэн хянаж, аюулгүй байдлыг нь хэрхэн хангадаг юм бол.  Бид дагаж явсаар лабораторийн ажилтай танилцлаа. Тус лаборатори нь шинжилгээний таван хэсэгтэй. Хүнсний хими, нян, мөөгөнцөр, ургамал хорио цээр, хор судлалын лабораториос бүрддэг аж. Мэргэжлийн 10 гаруй шинжээчид тус газар ажилладаг юм байна. Гадаад хорио цээртэй өвчин буюу алимны улаан хачгийг дотоодын хяналтын лабораториор илрүүлсэн гэж 2013 онд МҮХАҮТ-ын оны шилдэг хүнсний лабораториор шалгарч байжээ.

“Барс-Хүнс” хүнсний нэгдсэн лабораторийн эрхлэгч Ч.Эрхэмцэцэг

-Импортын бараа бүтээгдэхүүний шалгалтыг хэрхэн зохион байгуулж ажилладаг вэ?

-Импортоос орж ирсэн бараа бүтээгдэхүүний шалгалт хоёр чиглэлээр явагддаг. Манай улсад орж ирсэн бараа бүтээгдэхүүний дээжийг авч шинжилдэг.Тухайн бүтээгдэхүүний дээж авах, шинжлүүлэх асуудлыг эрүүл ахуйч эмчийн графикийн дагуу ажилладаг.Дотоодын лабораториос гадна Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Барс худалдааны төвд бууж байгаа импортын бүтээгдэхүүнд давхар шинжилгээ хийдэг.

Импортоос орж ирсэн бараа бүтээгдэхүүний шалгалт хоёр чиглэлээр явагддаг

-Импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнд ямар төрлийн зөрчил илэрч байна вэ?

-Урдаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн “Замын-Үүд”-ийн Гаалийн лабораторийн шинжилгээнд хамрагддаг. Манайд бол шинжилгээний тоо, төрлийг давхардуулахгүйгээр дотоодын хяналтын шинжилгээнд хамруулдаг.

Зөрчлийн хувьд гэвэл бүтээгдэхүүн ялзрах, муудах мөн бактерийн тоо их байх зэрэг зөрчлүүд илэрдэг. Монгол Улсын хилээр орж ирж болохгүй гадаад хорио цээртэй алимны улаан хачгийн хоёр тохиолдлыг илрүүлсэн. Бид дээжийг устгаад мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж хамтарсан ажил зохион байгуулсан.

-Дотоодын хяналт шинжилгээний лаборатори ажилласнаар ямар үр дүнд хүрч байна вэ?

-Дотооддоо хяналт шалгалтыг явуулснаар оруулж ирж байгаа бүтээгдэхүүний чанар эрс сайжирсан. Дотоодын хяналт сайжраад ирэхээр хувь хүн болон албан байгууллагууд импортын бүтээгдэхүүнд тавих хяналт нэмэгддэг. Цаанаас орж ирэхдээ үйлдвэрлэгчийн чанарын бичгийг шаарддаг болсон. Дотоодын хяналтын лаборатори ажилласнаар гадаад хорио цээртэй өвчнийг илрүүлэх, устгах ажлыг зохион байгуулах давуу талтай.

Дотоодын бараа бүтээгдэхүүний хувьд нян болон мөөгөнцрийн лабораторид зөрчил илэрч байна

-Дотоодын бараа бүтээгдэхүүнд хэр их зөрчил илэрдэг вэ?

-Дотоодын бараа бүтээгдэхүүний хувьд нян болон мөөгөнцрийн лабораторид зөрчил илэрч байна.Дотоодын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэх, сав баглаа боодолд анхаарах хэрэгтэй.Бүтээгдэхүүнийг савлах явцад эсвэл зөөвөрлөх үед гаргасан зөрчлийн улмаас нян бактери болон мөөгөнцөр үүсэх нөхцөл бүрдэж байдаг.

-Импортын бүтээгдэхүүнд химийн зөрчил дутагдал илэрдэг үү?

-Химийн шинжилгээнд импортын бүтээгдэхүүнээс нитратын хэмжээ илүү байх жишээтэй байдаг. Нитратын их багын хэмжээ тухайн улсын баримталдаг стандарттай холбоотой байдаг. Их хэмжээгээр нитратын агууламж их бараа бүтээгдэхүүн орж ирээгүй байгаа.

-Худалдаачид хүнсний бараа бүтээгдэхүүнийг зооринд байлгадаг.Та бүхний зүгээс энэ тал дээр анхаарч ажилладаг уу?

-Худалдааны төвийн эрүүл ахуйч эмч орчны эрүүл ахуй, зоорины стандарт зэрэг асуудалд анхаарч ажилладаг.Бид эмчийн зөвшөөрлөөр зооринд агаарын шинжилгээ, чийглэг болон темпратурын хэмжээ буюу орчны эрүүл ахуйн үзүүлэлтийг үздэг.Хүнсний аюулгүй байдал гэдэгт зоорь, агуулахын асуудал яригдаж байгаа боловч бүх үйлдвэр, үйлчилгээ явуулж байгаа газруудын орчин ажилчдын эрүүл мэндтэй холбоотой учраас төрийн зүгээс бодлогын хэмжээнд дэмжиж өгөх хэрэгтэй.

-Барс захын эрүүл аюулгүй орчны хувьд ямар байна вэ. Жишээлбэл хогийн цэг гэхэд л бараа бүтээгдэхүүн зарж борлуулж байгаа газрын хаяанд байна шүү дээ?

-Манай худалдааны төвийн эрүүл ахуйч эмч устгалын гэрээний дагуу хог хаягдлыг ачуулдаг. Хүсний худалдаанаас хог хаягдал их гардаг учраас ачаалал өндөр байдаг.

-Иргэдийн зүгээс бараа бүтээгдэхүүнийг шинжлүүлэх гэсэн хүсэлт ирдэг үү?

-Ирэлгүй яахав. Танай худалдааны төвөөс авсан бүтээгдэхүүн шинжлүүлье гээд ирдэг тохиолдол их. Манайх лабораторитой болсноор худалдаачид болон худалдан авагчдын эргэх холбоо сайжирсан. Иргэдийн оролцоо нэмэгдсэнээр бидний хяналт бас сайжирна гэсэн үг.

-Монгол Улсад хүнсний эрүүл аюулгүй байдал хэр түвшинд байгаа гэж дүгнэж байна вэ?

-Манай улсын хувьд хүнсний аюулгүй байдлын мэргэжлийн байгууллагууд идэвхитэй ажилладаг болсон.Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс бидэнд заавар, зөвлөгөөг тогтмол өгч ажилладаг боллоо. Нэгж тус бүрдээ дотоодын хяналтын сайжруулж ажиллавал хүнсний аюулгүй байдлын айх аюул багасна. Дан ганц мэргэжлийн байгууллагууд хяналт шинжилгээ хийгээд явна гэдэг өрөөсгөл талтай. Худалдан авагчид хүнсний бүтээгдэхүүн авахдаа хугацааг нь харчихдаг, механик гэмтэл байгаа эсэхийг үздэг байх хэрэгтэй. Манай иргэд хүнсний бүтээгдэхүүнд анхаарал их хандуулдаг болсон.100 хувь аюулгүй хүнс хэрэглэхэд мэргэжлийн байгууллага болон хув хүмүүсийн оролцоо ижил түвшинд байх хэрэгтэй.

Дотоодын хяналтын лабораторийн шинжилгээ их хэрэгтэй аж. Тухайн лабораторийн өрөөнд зөрчил бүрийг хадгалан үлдсэн байлаа.Ганцхан жишээ дурдахад л алимны улаан хачгийг энгийн нүдээр хараад илрүүлэх боломжгүй гэнэ.Тусгай дурангаар харж байж илрүүлснээр алимын улаан хачгийг устгаж аюулгүй болгожээ. Хэрвээ хяналт шалгалт байгаагүй бол хэчнээн хүн хачгаас болж өвчлөх байсан бол гэв. Юутай ч нийслэлийн иргэдийн хүнсний бараа бүтээгдэхүүнээ авдаг гол захын нэг өөрийн лабораторитой болж.

“Барс” захын нэг өдрийн ажил өглөө эрт эхэлдэг. Учир нь нийслэл хот төдийгүй 21 аймгийн худалдаа үйлчилгээ эрхэлдэг газрууд бараагаа эндээс татдаг. Жижиглэн худалдаа гэхээсээ илүү жимс, хүнсний ногооны бөөний төв учраас бараа татах гэсэн хүмүүс өөрсдийн унаагаар шаардлагатай ногоонуудаа аваад явдаг аж.

Бидний дунд зөвхөн БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн орж ирдэг гэсэн ойлголт байдаг. Зөвхөн алим гэхэд л БНХАУ-аас гадна ОХУ, Польш зэрэг улсаас орж ирдэг аж.

Олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрхэн хадгалж, яаж иргэдэд хүргэдгийг сонирхлоо. Иргэд зоорийг хангалтгүй, хуучны барилгын шалан доор байдаг гэсэн ойлголттой байдаг юм билээ. Ийн бичих болсон нь учиртай. Тус захаар үйлчлүүлж буй иргэдээс асуухад “Газар доор нурах шахсан зүйл байдаг гэсэн” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.Харин худалдаачид энэ талаар илүү мэдээлэлтэй байв. Учир нь тэд Мэргэжлийн байгууллагын тогтоосон стандарт нормын дагуу зоорь, агуулахад бүтээгдэхүүнээ хадгалдаг болохоор зоорио хамгийн сайн гэж магтлаа. Зөвхөн жимс л гэхэд тус тусдаа өрөөнд, өөрийн хадгалах горимд нийцсэн температурт байдаг аж. Мөн гэрэл, агаарын чийгшэл, дулаан гээд бүх стандартыг баримталж ажилладаг хэмээн худалдаачид хэлж байлаа.

Барс худалдааны төвийн хүнсний ногооны худалдаачин Ч.Азжаргалтай уулзаж ярилцлаа.

-Хүнсний ногоо худалдаалаад удаж байна уу. Борлуулалт хэр байна даа?

-Хүнсний ногоо худалдаалаад таван жил болж байна. Сүүлийн нэг жил борлуулалт буурч байна.

-Танайх хүнсний ногоогоо хаанаас оруулж ирдэг вэ?

-Сүүлийн үед 100 хувь дотоосоо авахыг илүү хичээж байна. Манайд нэг үеэ бодвол газар тариалан сэргэж байгаа шүү.Төмс, хүнсний ногоог дотооддоо тарьж ургуулж байгаа учраас ихэнхийг нь дотоодоосоо хангадаг.

-Огт хятад төмс, хүнсний ногоо худалдаалдаггүй гэсэн үг үү?

-Арай ч бас тийм биш. Хятад төмс зардаг. Хүмүүсийн худалдан авах чадвар янз бүр байдаг. Хятад төмс, хүнсний ногоо авдаг хүн байхад дандаа монгол төмс авдаг газар ч байдаг.

-Монгол гээд хятад төмс зардаг гэсэн яриа байдаг. Энэ хэр үнэний ортэй вэ?

-Сайн хэлж мэдэхгүй юм .Миний хувьд Шувуун фабрикийн ойролцоо төмс, хүнсний ногоо тарьж ургуулдаг хүнтэй гэрээ байгуулаад ажилладаг. Урдаас хятад төмс, хүнсний ногоо орж ирдэг. Хүмүүс тэрийг аваад шороонд булаад монгол төмс гэж зардаг тухай сонсож байсан.

Эргэн тойрон ялзарсан ногооны хаягдал хог хөглөрч болгоомжтой явахгүй бол хальтирч унах эрсдэлтэй аж

-Шинжилгээ лабаротори байдаг уу?

-Манай зах өөрийн гэсэн шинжилгээ лабороторитой.Мэдээж хэрэг хүнсний бүтээгдэхүүнд дүүргийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран дээж авч шинжилгээнд хамруулдаг гэв.

Захын үйл ажиллагаатай танилцана гэдэг бас амаргүй ажил аж. Түм түжигнэж, бум бужигнасан энэ зах зогсоол үнэхээр муутай газар аж. Бараагаа зарах, авах гэсэн олон хүнмашинаа нэгдүгээр эгнээнд тавиад орхидог учраас замын түгжрэл дээд цэгтэ эхүрдэг гэмтэй юм билээ.

Захын урд хэсэгт байрлах хүнсний ногооны агуулахын үүдээр ачааны машинууд хөл гишгэх зайгүй шахам зогссон харагдсан. Эргэн тойрон ялзарсан ногооны хаягдал хог хөглөрч болгоомжтой явахгүй бол хальтирч унах эрсдэлтэй аж.

Захын зүүн урд байрлах урт гүүрний эргэн тойрон хогийн цэг. Энэ хэсэг хэдэн жилийн өмнө л ийм байдалтай байсан. Одоо ч тэр  янзаараа. Хүнсний, муудсан ногооны хаягдал, цаасан хайрцаг гээд хэдэн машин хог овоорчээ.Тэнэмэл хумүүс булан тохойд нь хоноглож, ил задгай бие засчихна.Хүнсний захын ойролцоо ариун цэврийг дээд зэргээр хангасан байх учиртай. Гэвч "Барс" захын дотор хэсэг боломжийн ч гаднах байдалд хэн ч гэсэн шүүмжлэлтэй хандахаар байдал үүсжээ.

Л.Гэрэлмаа: Иргэд сонголоо маш зөв хийж сурах ёстой

Манай сурвалжлагатай мэргэжлийн хяналт салшгүй холбоотой. Тиймээс бид Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль батлагдаад дөрвөн жил өнгөрч байгаа ч аль нэг шатандаа бүрэн төгс хэрэгжүүлж чадахгүй байгаа юм. Уг хуулийн дагуу МХЕГ хүнсний үйлдвэрлэл үйлчилгээнд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийдэг байна. Тухайн үйлдвэрлэл үйлчилгээнд тавих дүрэм журам заалтыг нэгтгэн хяналтын хуудсаар эрсдлийг үнэлдэг. Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн жил хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр 500 гаруй обектын эрсдлийг бууруулсан байна.

МХЕГ-ын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаагаас хүнсний аюулгүй байдлыг хяналтын байгууллага хэрхэн хангуулж ажиллаж байгаа талаар тодруулсан юм.

-Хилээр оруулж буй бараа бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангахгүй, хуурамч гэдгийг яаж тогтоодог вэ?

-Импортын бүтээгдэхүүнийг их, дунд, бага эрсдэлтэй гэж ангилдаг. Бага эрсдэлтэй бүтээгдэхүүнд бичиг баримтын хяналт хийдэг. Дунд эрсдэлтэй бүтээгдэхүүнд бичиг баримтын болон биет үзлэг хийнэ. Их эрсдэлтэй бүтээгдэхүүнд бичиг баримт, биет үзлэг, лабораторийн шинжилгээнд хамруулж байж хилээр нэвтрүүлдэг. Дунд эрсдэлтэй бүтээгдэхүүнийг импортлогч аж ахуйн нэгж итгэмжлэгдсэн лабораторт чанар аюулгүй байдлыг шинжлүүлэх үүрэгтэй. Лабораторийн шинжилгээний дүнг дагалдуулан худалдаанд гаргах юм. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллага их эрсдэлтэй бүтээгдэхүүнийг импортлохоос өмнө ачилтын хяналт шалгалт хийдэг. Импортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон албан ёсны диспьютерээс оруулж ирэх ёстой. Шошго нь зөвхөн монгол, англи, орос хэл дээр байна. Хил гааль дээр импортын бүтээгдэхүүнд ямар эрсдэл гардаг гэхлээр шошгын зөрчилтэй, хадгалах хугацаа дуусах гэж байгаа, гарал үүсэл нь тодорхойгүй байдгаас болж буцаагдах, хураагдах тохиолдол гардаг.

Их эрсдэлтэй бүтээгдэхүүнд бичиг баримт, биет үзлэг, лабораторийн шинжилгээнд хамруулж байж хилээр нэвтрүүлдэг

-Хүнсний чанар аюулгүй байдал аль шатанд хамгийн их алдагддаг вэ?

-Хүнсний аюулгүй байдал хаана алдагдаж байна гэхлээр нэгдүгээрт хэрэглэгч нар хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгож, зөв хадгалж чадахгүй байна. Гэрийн нөхцөлд хадгалсан ч зөв темпаратурт хадгалдаггүй. Хэрэглэгчийн хувьд хүнсний аюулгүй байдлын талаар мэдлэг тааруу байна гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, борлуулах, түгээх шатандаа хүнсний аюулгүй байдал алдагддаг. Үүнд худалдааны газрууд тухайн хүнсний бүтээгдэхүүний шошгонд байгаа нөхцөлийн дагуу хадгалдаггүй. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулах улсын хэмжээнд ч ховор байдаг. Зориулалтын тээврийн хэрэгсэл бараг байдаггүй, ер нь бол хадгалах, тээвэрлэх гэдгийг улсын хэмжээнд нэгдсэн бодлого зохион байгуулалт зохицуулалтайгаар шийдэхгүй бол хүсний аюулгүй байдал алдагдах, эрсдэл үүсэх магадлал тун их байгаа. Иймээс зориулалтын тээврийн хэрэгслийн импортын татварыг хөнгөлөх  зэргээр улсын хэмжээнд шийдэх хэрэгтэй.

Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, борлуулах, түгээх шатандаа хүнсний аюулгүй байдал алдагддаг

-Тэгэхээр ямар нэг бүтээгдэхүүнд  доголдол үүслээ гэхэд ямар байгууллага нь хариуцлага хүлээх юм бэ?

-Иргэн, аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангана хэмээн хуулинд заасан байдаг. Хуулинд өөрт хамаарах үе шатандаа хариуцлага хүлээдэг болсон. Жишээлбэл, худалдааны лангуун дээр ямар нэгэн зөрчилтэй бүтээгдэхүүн хэрэглэгч авсан байх юм  бол худалдагч, худалдааны байгууллага хариуцлага хүлээнэ. Яагаад гэвэл өөрийнхөө үе шатанд хариуцлага хүлээдэг болсон тул импортлогчоос шаардлага хангасан шошготой, гарал үүсэл нь тодорхой, шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн хүлээн авах ёстой.Мэргэжлийн хяналтын байгууллага зөрчил болгоныг хөөгөөд байдаггүй. Гадуур ил задгай худалдаа болгоныг очиж хаах хүн хүч байхгүй. Иргэд л өөрсдөө чанартай чанаргүй хүнс авах сонголтоо зөв хийх ёстой. Гар дээрээс худалдаа хийхгүй бол ил задгай худалдаа яваандаа хумигдана шүү дээ.

Худалдааны лангуун дээр ямар нэгэн зөрчилтэй бүтээгдэхүүн хэрэглэгч авсан байх юм  бол худалдагч, худалдааны байгууллага хариуцлага хүлээнэ

Хүнсний аюулгүй байдлын асуудал хүн бүрт хамаатай учир бид иргэдийн байр суурийг сонирхлоо.

А.Магнай

Хүнсний аюулгүй байдал жил ирэх тусам муудаж байна. Иргэд импортоор орж ирдэг хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавьж чадахгүйгээс хойш дотоодын үйлдвэртэй танилцдаг баймаар байна. Өөрөөр хэлбэл  аж ахуй нэгжүүд улиралд нэг удаа нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж бараа бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэж байгааг иргэдэд танилцуулах хэрэгтэй. Бид хүнсэндээ ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа мэддэггүй. Дотоодоо үйлдвэрлэж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүний хадгалалтын горим харьцангуй алдагддаггүй. Харин гаднаас орж ирдэг бүтээгдэхүүн тээвэрлэлт, хадгалалтын горим тодорхой хэмжээгээр алдагддаг. Үүнд анхаарч хяналтаа сайжруулах шаардлагатай.

 Аж ахуй нэгжүүд улиралд нэг удаа нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж бараа бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэж байгааг иргэдэд танилцуулах хэрэгтэй

 З.Цацал

Ходоод хогийн сав биш гэсэн үг бий. Тиймээс эрүүл аюулгүй хүнс хэрэглэхийг хүн бүр хичээдэг. Гэвч хүнсний аюулгүй байдал өдрөөс өдөрт муудаж баталгаагүй хүнс орж ирдэг болсон. Иргэд сүүлийн жилүүдэд эрүүл хүнсэнд ач холбогдол өгч эрүүл мэндээ хамгаалж байна. Баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнээс үүдэн дотор эрхтний хорт хавдрын өвчлөл газар авлаа. Тиймээс мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах шаардлагтай. Цэцэрлэг сургуулийн хоолноос хүүхдүүд их хорддог. Мэргэжлийн хяналтынхан онцгой анхаарах хэрэгтэй.

Ж.Очироо

Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд иргэд итгэхээ больсон. Гэсэн ч ямар хоосон хонолтой биш аргагүй эрхэнд хүнс хэрэглэх нь ойлгомжтой.  Миний бодлоор бөөний захуудын үйл ажиллагаа болон орчныг сайтар шалгаж, хяналтандаа авах хэрэгтэй болов уу.  Мөн ил задгай борлуулдаг хүнсний ногоо, жимс жимсгэний мухлагуудыг цэгцэнд нь оруулмаар байна. Зун болж байгаа болохоор хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд анхаарах шаардлагтай. Гэхдээ иргэд хүнсний бүтээгдэхүүний чанарын талаар тодорхой ойлголттой болж аль болох байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлзэх болсон.  Иргэд мөн өөрсдөө ухамсарлаж эрүүл мэндээ хамгаалах ёстой.

Ил задгай борлуулдаг хүнсний ногоо, жимс жимсгэний мухлагуудыг цэгцэнд нь оруулмаар байна

Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс гаргасан хамгийн эрүүл 10 хүнсний ногоо

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн эрдэмтэд 187 орны хүмүүсийн өдөр бүр хэрэглэж байгаа хоол хүнсийг 1990 оноос 2010 оны хооронд 30 жилийн турш судалж задлан шинжилсэн байна. Судалгаанд тухайн улсын иргэдийн нас, хүйс, үндэс угсаа, амьдарч байгаа бүс нутаг, орлого зэргийг багтаан оруулж, судалгаа хийжээ.

Эдгээр улс орнуудыг  нэгдүгээрт зөвхөн эрүүл хүнс, хоёрдугаарт  эрүүл бус буюу саахарын агуулга өндөртэй хүнс, мах, өөх болон бусад хүнс хэрэглэдэг, гуравдугаарт дээрх хоёр төрлийн хүнсийг хольж хэрэглэдэг хүмүүс гэж гурав хуваасан байна. Ийнхүү тус судалгааны үр дүн тун гайхмаар гарсан бөгөөд дэлхий дээр хамгийн эрүүл хүнс хэрэглэдэг орноор төв Африкийн Чад улс шалгарсан байна. Угтаа энэ бол дэлхийн хамгийн ядуу орны нэг билээ. Хүнсэндээ элдэв ургамал, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэдэг хамийн ядуу улсууд шүү дээ. 

Дэлхий дээр хамгийн эрүүл хүнс хэрэглэдэг орноор төв Африкийн Чад улс шалгарсан байна

Дэлхий дээр хамгийн эрүүл хүнс хэрэглэдэг орноор төв Африкийн Чад улс шалгарсан байна. Угтаа энэ бол дэлхийн хамгийн ядуу орны нэг билээ

Харин хамгийн эрүүл бус буюу эрүүл мэндэд халтай хоол хүнс хэрэглэдэг орнуудад Аргентин, Туркмен, Словак, Монгол, Бельги, Беларусь, Унгар, Чех, Казахстан улсууд оржээ.  Дэлхийн хамгийн баян тансаг улсууд болох Америк, Канад, Баруун Европ, Австрали, Шинэ Зеландын иргэд биед хортой хоол хүнс иддэг нь илэрсэн бөгөөд хэдий чинээ тансаг хүнс хэрэглэнэ төдий чинээ ард иргэдийн дундах өвчлөл, таргалалт зэрэг нийгмийн өвчлөл нэмэгддэг нь нэгэнт тогтоогоод байна. Тэгвэл дэлхийн хүнсний хөтөлбөрийн эрдэмтэд олон улсад хийсэн 30 жилийн судалгааныхаа үр дүнд тулгуурлан дэлхий дээрх хамгийн эрүүл 10 хүнсний хүнсний ногоог нэрлэсэн байна. Учир нь махан бүтээгдэхүүнээс илүү эдгээр хүнсний ногоог хэрэглэж хэвшвэл элдэв өвчин тусах магадлалаас 50 хувь сэргийлэх юм байна.

Дээрх хүнсний ногоонуудыг өдөр тутам амьдралдаа хэрэглэж хэвшвэл өвчин тусах эрсдлээ 50 хувь хүртэл бууруулах гэнэ.

Махан бүтээгдэхүүнээс илүү эдгээр хүнсний ногоог хэрэглэж хэвшвэл элдэв өвчин тусах магадлалаас 50 хувь сэргийлэх юм байна

  • Буржгар байцаа. Буржгар байцаа бол хорт хавдар үүсгэхээс сэргийлдэг. Энэ ногоо тэр чигтээ антиоксидант болон эсийн өсөлтийг дэмждэг К витамин агуулдаг.
  • Чихэрлэг төмс. Энэ ногоо нь дархлаа сайжруулах, хавдар үүсгэхээс хамгаалдаг.
  • Бууцай. Энэ ногоо тэр чигээрээ шим тэжээлтэй бодис, төмөр, кальци, А витаминаар баялаг. Буйцайнд агуулагдах шимт бодис нь цусны улаан эсийг эрүүл байлгадаг бөгөөд бие давхар эмэгтэйчүүд тогтмол хэрэглэвэл ургийн гажгаас сэргийлдэг.
  • Брокколи. Энэ ногоонд хорт хавдрыг эсэргүүцэх чадвар, дархлааг сайжруулах гээд маш чухал эрдэс бодис агуулагддаг. Цусны даралтыг бууруулах, зүрхний өвчнөөс сэргийлэх гээд олон талын ач тустай. 
  • Сармис. Энэ ногоо бол органик халдварын эсрэг үйлчилгээтэй бөгөөд хавдраас урьдчилан сэргийлдэг. Мөн амьсгалын замын халдварт өвчин болон ханиадны эсрэг үйлчилгээтэй. Сармис нь багтраа, хавдар, дархлааны өвчин, тархины хөгшрөлт, нүдэнд цагаа буух, үе мөчний үрэвсэл зэрэг насжилттай холбоотой архаг өвчнүүдийг бууруулах, тэдгээрээс урьдчилан сэргийлдэг онцлогтой.   
  • Сонгино. Сонгино нь сармистай адил аллициныг агуулдаг. Улаан сонгино нь антиоксиданттай адил антоцианиныг агуулдаг. Нэмж хэлэхэд сонгинод агуулагддаг кюерцетин нь хавдраас урьдчилан сэргийлж, эмчлэхдээ маш сайн бөгөөд харшилд ч бас аюулгүй эмчилгээ болдог. Түүнчлэн зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлж, цусны өндөр даралтыг бууруулдаг чанартай.
  • Цагаан гаа. Энэ ногоо нь цусны эргэлтийг сайжруулдаг учраас гар хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй. Мөн захын судсыг тэлдэг, цус шингэлдэг нь даралт ихтэй хүмүүст тохирдог. Мөн бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, бөөлжилт (жирэмсний эхэн үеийн хордлого, тээврийн хэрэгсэлд суухтай холбоотой дотор муухайралт)-ийг намдаадаг нь олон тооны судалгаануудаар нотлогджээ. Мөн цэр ховхолж, хөлөргөдөг учраас ханиад томууны үед хэрэглэнэ. Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учраас остеоартрит, ревматоид артрит гэх мэт үе мөчний өвчнүүдийн үед бас хэрэглэдэг. Сарын тэмдгийн үеийн өвдөлт, мигрень толгойн өвдөлтүүдийг намдаадаг нь батлагдсан.
  • Хүн орхоодой. Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг зохицуулж, гадны хорт нөлөөллийг эсэргүүцдэг. Мөн биеийн болон оюуны чадварыг дээшлүүлж радио идэвхит цацрагийн хордлогоос сэргийлж бас тайлдаг. Өсөлт, цусны эргэлт бодисын солилцоог дэмждэгээс гадна цус төлжүүлэн, ходоод гэдэс элэг, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг онцлогтой. Цөс хөөхөд бас хэрэглэгдэг. Хөгшөлтийг удаашруулах, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед илрэх зовиуруудыг багасгах, цэвэршилтийн хугацааг хойшлуулдаг байна. Чихрийн шижин өвчтөй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг тохируулж, түүнээс үүсэх өвчнөөс сэргийлдэг давуу талтай.
  • Коконат буюу наргил модны самар. Энэ жимс нь халуун оронд ургадаг. Маш их уураг, амино хүчил, витамин,эрдэс агуулдаг. Хөгшрөлтөөс хамгаалж, дархлаа сайжруулдаг. Хүч тамир сэргээдэг.
  • Нимбэг. Нимбэгт с витамин их хэмжээгээр агуулагддаг тул дархлааг сайжруулж, арьсны өнгийг сэргээж байдаг. Нимбэг маш их хүчиллэг жимс учраас ямар ч сорвийг амархан арилгадаг. Хүний биед “С” амин дэм дутагдахад чийг бам буюу цинга өвчин тусна. Ялангуяа холбогч эдийн коллаген, хондроитин сульфат зэргийн үүсэлт алдагдсан байдлаар илэрнэ. Үүнээс болж хялгасан судасны хана гэмтэж арьсан дор цус харваж цус хурна. Судасны хананы нэвчимхий чанар ихэсч, хагарамхай хэврэг болно. Мөн цус багадалт анеми үүснэ. Тиймээс нимбэг тогтмол хэрэглэх хэрэгтэй.
  • Улаан лооль. Энэ ногоо А, С, К витаминаар баялаг. Антиоксидант ихтэй. Зүрхэнд сайн, цус багатай хүмүүс ихээр хэрэглэхэд тохиромжтой. 

 

Эрүүл хүнсний талаар эмчийн зөвлөгөө

Хоол хvнсээрээ бид эрvvvлжиж, эрч хvч, энерги авдаг хэдий ч нэг дор хэрэглэвэл харш идээ,ундаа гэж бас байдаг ажээ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнХоол судлалын төвийн их эмч Г.Буянхишиг ийн зөвлөж байна.

  • Бүрэлдээгүй тараг шинэ архитай үл зохилдоно.
  • Загасны мах сүүтэй үл зохилдоно
  • Сүү жимстэй үл зохилдох
  • Шар тос, шөлөн тос идмэгц хүйтэн ус уувал гэдэс зангирах
  • Өндгийг чихрийн охьтой идвэл тархи хордоно.
  • Сонгиныг балтай идвэл гэдэс тасрах аюултай
  • Хонины махыг чихэр, жимстэй идвэл ходоод гэмтэж бөөлжинө.
  • Тарвасыг хуурсан боовтой идвэл шар хөөрч огшиж бөөлжүүлдэг
  • Тоор идмэгц цай уувал гэдэс суулгадаг
  • Cvvг ногоотой хольж хэрэглэхэд заримдаа гэдэс дvvрч суулгадаг.
  • Сvvг модонд ургадаг аливаа жимстэй нэг дор хэрэглэвэл харшилна.
  • Гашуун унд, хоолыг сvvгээр даруулбал мөн л харш.

  • Ургамлын тосыг зөгийн балтай, тахианы махыг айраг, тарагтэй хольж хутган хэрэглэвээс өөр хоорондоо харшилж хордлого өгдөг байна.
  • Хонины махыг чихэр жимстэй идэхийг цээрлэх хэрэгтэй. Ходоод гэмтэж бөөлжинө.
  • Өндөг чихэртэй хамт идвэл уураг тархи хордоно.
  • Лууванг жимстэй хольж идэж болохгүй. Лууван нь ходоодонд янз бүрийн хүчил бий болгодог.
  • Лууванг архитай хольж хэрэглэж болохгүй. Мах идэх үедээ цай ууж болохгүй.
  • Max болон далайн гаралтай хүнсний зүйл зэрэг уураг ихтэй идээг идсэнийхээ дараа цай ууж болохгүй.
  • Улаанлууван болон цагаан лууванг хольж идэж болохгүй.
  • Цагаан архийг хийжүүлсэн ундаатай хольж ууж болохгүй. Энэ хоёр хатуу зөөлөн ундааг холивол, нүүрс хүчлийн хий бий болж, ходоод, элэг, бөөр зэрэгт хүнд ноцтой нөлөөлж, зүрх тархины судсыг гэмтээдэг муу талтай.