m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 07:58
75
Оросуудын хожигдлын шалтгаан юунд байв?

Чехэд болсон шайбтай хоккейн ДАШТ-ий алтан медалийг тус тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн ОХУ (27), Канад (24)-ын багууд булаацалдсан билээ. Гэвч “Мөрөөдлийн финал” тийм ч сонирхолтой болсонгүй, Агч модны орныхон анхнаасаа давамгайлсаар өрсөлдөгчөө 6:1-ээр бутниргэсэн. Оросуудын хожигдлын шалтгаан юунд байв? Энэ тухай хойд хөршийн хоккейн мэргэжилтнүүд, хэвлэлийнхэн ямар дүгнэлт хийснийг толилуулъя.

 

Канад маш хүчирхэг багтай ирсэн

Тэд хамгийн сүүлд долоон жилийн өмнө л ДАШТ-д түрүүлж байсан, сүүлийн таван жилийн турш финалд шалгарч чадаагүй учраас энэ удаа ямар ч үнээр болов хамаагүй аваргалахыг хүсч байсан нь мэдээж. Яг л олимпийн наадам шиг онцгой ач холбогдол өгч, Стэнлийн цомын төлөөх өрсөлдөөнөөс хасагдсан NHL-ийн бүх оддоо Чехэд авчирсан юм. Кросби, Жиру хэмээх дээд зэрэглэлийн төвийн довтлогчидтой, шигшээд ч, клубтээ ч гар нийлдэг Дюшен-Маккиннон, Холл-Эберле нарын хослолтой, Бернс, Бэрри, Экблад нарын довтлох чиглэлийн шилдэг хамгаалагчидтай Канад дор хаяж л хагас шигшээд шалгарах хүчирхэг багийг бүрдүүлсэн байлаа. Оросын багт А.Овечкин, Е.Малкин, И.Ковальчук... нарын супер одод байсан ч Тодд Маклеллан илүү жигдхэн, хүчтэй багтай ирсэн юм.

Дээр нь Канадын гурав, дөрөвдүгээр гурвалын гишүүд болох Эннис, Икин, Кутюрье, Тоффоли нарын аль нэг нь тоглолт болгонд шахуу гоолдож, лидерүүдээсээ дутахгүй хэрэгтэй тоглогчид болохоо нотолж байв. Гэхдээ энэ нь Канадын нэгдүгээр шигшээ биш гэдгийг бодолцох хэрэгтэй. Учир нь  жил хагасын дараа болох Дэлхийн цомын тэмцээнд энэ багийн 10-15 тоглогч л оролцоно. Тэдэнд хангалттай авьяаслаг залуус байгаа, харин бидэнд үгүй.

 

Анхны томоохон шалгалт

Знарокийн залуус анх удаа ийм хүчирхэг өрсөлдөгчтэй туллаа. Хэдийгээр Олег Валерьевич Гагарины цомыг хоёр удаа хүртсэн туршлагатай дасгалжуулагч ч Тивийн хоккейн лиг NHL-ийн түвшинд хүрэх яагаа ч үгүй байгаа нь харагдлаа. Бараг сэлгээний тоглогчид нь манай үндсэн багаас давамгай тоглолт үзүүлж буй нөхцөлд бид “Дэлхийн цом 2016”-д амжилт үзүүлэх талаар яриад ч хэрэггүй.

 

Бобровский сайн хаасан ч...

Хаа очиж хаалгач Бобровский сайн тоглолтыг үзүүлсний хүчинд манайхан мөнгөн медальтай буцаж байна. Финалд тэр санаанд хүртэл тоглоогүй ч эсрэг багаас түүн рүү чиглэсэн 37 цохилт ирснийг санах хэрэгтэй. 

Гэтэл манайхан ердөө 12 цохилт хийсэн. Третьяк, Хашек, Руа нарын агуу хаалгачид л хүчний харьцаа ийм тэнцвэргүй үед тоглолтыг эргүүлж байсан түүхтэй. Хэрэв Сергей тоглолт бүрт Швед, АНУ-тай хийсэн тоглолт шигээ хаавал хэдэн жилийн дараа тэдний эгнээнд нэгдэж чадахыг үгүйсгэхгүй. Ингэхийн тулд тэр тоглолтын бичлэгийг олон дахин үзэж, хаана алдсанаа ухаарч, шийдвэрлэх тоглолтын өмнө сэтгэл хөдлөлөө барьж сурах хэрэгтэй. Серёжаг өөр олон чухал тэмцээн хүлээж байгаа.

 

Үлбэгэр довтолгоо

Олег Знарокийн мэдэлд Овечкин, Малкин, Тарасенко, Ковальчук, Мозякин, Анисимов гэсэн ямар ч дасгалжуулагч атаархам довтлогчид байсан. Түүний гол алдаа нь хэнийг хэнтэй хослуулах тал дээр олигтой шийдэлд хүрч чадаагүй. Шигшээ тоглолтод багаараа ердөө 12 цохилт гүйцэтгэсэн нь ийм өндөр зэрэглэлийн довтлогчдын хувьд чамлалттай тоо. Шигшээ багтаа туслахаар ирсэн NHL-ийн мэргэн бууч Овечкинийг шүүмжлэх нь утгагүй ч багийнхаа тоглолтод уусаж амжаагүй түүнийг заавал дуудах шаардлага байсан уу? гэсэн асуулт гарч ирнэ. 

Шведийн эсрэг сайн тоглосон Тарасенко арай өөр түвшний тоглолтод яаж унтарч байгааг харсан биз дээ. Багийн ахлагч Ковальчук чухал үед хэрэгтэй шайб оруулж чадаагүйн зэрэгцээ өрсөлдөгч багийнхаа төрийн дууллыг эгшиглэж байхад талбайг орхин бүдүүлэг загнасан тоглогчдоо ч болиулах ухаан байсангүй. Ямартай ч өндөр хэмнэлтэй тоглолтод хувийн ур чадвараас илүү багийн тоглолт чухал болохыг довтлогчид маань ойлгосон гэж найдаж байна.

 

Биеийн бэлтгэл ба хүчний тоглолт

ДАШТ-д бэлдэж эхлэхээс авахуулаад мэргэжилтнүүд Знарокийн сонголтыг шүүмжилж байлаа. Үнэхээр ч шигшээд дуудагдсан 26 тоглогчийн ихэнх нь маш их ядралттай, нэг бус гэмтэлтэй тоглогч байв. Ийм бүрэлдэхүүнээр Канадыг хожих боломж үнэндээ байгаагүй. Орчин үеийн хоккейд биеийн бэлтгэл гол хүчин зүйл болчихоод байна.

Канадын шигшээгийн дийлэнх тоглогчид NHL-ийн хасагдах шатанд шалгарч чадаагүй ч овоо хэд хоног амраад авсан, бэлтгэл нь жигдэрчихсэн байлаа. Урт удаан улирлын дундуур жаахан амраад авахад сэргэлт болдог. Мөн плей-оффт шалгарчихсан Кросби, Хэмьюс, Уиркош нарын гурван тоглогч Чехэд ирсэн билээ. Сидни Кросби л гэхэд ДАШТ-д түрүүлэхийг хүссэн учраас плей-оффыг золиосолсон, түүнийхээ ч хэргийг гаргаж “Triple Gold” хийсэн цөөхөн тоглогчийн нэг болж, түүхэнд нэрээ мөнхөлж чадлаа.