m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.29 00:52
510
Хүйтэн дайны бэлэг тэмдэг болсон Берлиний хана

1961-1989 онд Герман улсын нийслэл Берлин хотыг баруун, зүүн хэмээх хоёр хэсэгт хуваасан Берлины хана ХХ зууны үеийн “Хүйтэн дайны” бэлэг тэмдэг болсон юм. Тэр үед зүүнийг нь ЗХУ, барууныг нь АНУ тэргүүтэй холбоотнууд удирдах болсноор хоёр систем тус бүс нутагт зэрэгцэн орших болсон юм. 1961 оны наймдугаар сарын 13-ны өдөр анх баригдаж эхэлсэн уг ханыг анх төмөр утсаар хийсэн ч хүмүүсийн хил давах урсгалыг зогсоож дийлээгүй учраас бетоноор хана босгосон байна. Тэр нь таван метр өндөр, дээгүүрээ өргөст тортой, дохиоллын системтэй байсан бөгөөд эхэндээ 45 км урттай байсан ч дараа нь ханыг үргэлжлүүлэн барьсаар 160 км урт болгож байсан түүхтэй аж. Харин ханыг барихаас өмнө 3.5 сая гаруй иргэд Зүүн Германаас Баруун Герман руу шилжин суурьшсан байна. Ийнхүү баригдсан хананаас болж Зүүн Германы иргэд бусад орон руу аялах, цагаачлах боломжгүй болсон бөгөөд олон айл өрхүүд ганцхан шөнийн дотор үр хүүхэд, ажил хөдөлмөрөөсөө тусгаарлагджээ. Тодруулбал, 1961 оны наймдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 1:05 цагт Бранденбургийн хаалга орчмын гэрлүүд унтарч харанхуйд хүмүүс гүйлдэн баруун талаар нь эгнэн зогсож эхэлсэн ба зургаан минутын дараа зүүн Германы радиогоор “Социалист орнуудын эсрэг хийж буй барууны орнуудын хорлон сүйтгэх ажиллагааг зогсоохын тулд хилээ хаах саналыг Германы засгийн газар болон Ардын хуралд Варшавын гэрээний орнуудын засгийн газраас тавилаа” гэж мэдээлж байсан гэдэг.

77 настай Фреда Шулце хилийн бүсийн ойролцоох барилгын цонхоор зугтах оролдлого хийсэн ч амжилтгүй болжээ. /1961 оны есдүгээр сарын 25/

Гантер Литфин - Берлины ханыг давж зугтах оролдлого хийж байгаад буудуулж нас барсан анхны хүн /1961 оны наймдугаар сарын 24/

Баруун Германчууд Берлины хананы цаана буй гэр бүл, найз нөхөд рүүгээ даллаж байна /1961 оны есдүгээр сар/

Баруун Германчууд Бранденбургийн хаалган дээр ханыг нураахыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал хийж буй байдал /1989 оны 11 сарын 10/

Берлины ханыг давж, зугтах гэж байгаад амь насаа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэв.