m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.04 01:22
224
Бөхчүүд үзээгүйгээ үзэх нь хэмээн шогширч байна

Улсын баяр наадам зохион байгуулах комиссын шийдвэрээр Төв цэнгэлдэх хүрээлэнг хиймэл зүлэгтэй болгож байгаа нь зарим бөхчүүдийг мэргэжлээ солиход хүргэж байна. Учир нь Монгол бөхчүүд амьдралдаа хөлбөмбөгийн талбайн хиймэл зүлгэн дээр барилдах  нь бүү хэл бэлтгэл сургуулилалт хийж үзээгүй болохоо ярьж байна. 

Монгол улсын харцага Г.Ганхуяг: Хиймэл зүлгэн дээр хөлбөмбөг тоглож байсан болохоос барилдаж үзээгүй.  Монгол гутал  халтираад хэцүү шүү дээ. Бэртэл гэмтэл их гарна. Хиймэл зүлгээ ургуулна гэж байна гэсэн. Манайхан хямдхан үр авч тарьсан байх. Тэр нь модлог байж унасан бөхийн нүүр нүд гэмтээх вий дээ .

Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, улсын харцага Д.Сэрээтэр: Бөхчүүд бид хэзээнээс жинхэнэ “амьд” зүлгэн дээрээ хүч үзсээр ирсэн. Хиймэл зүлэг чинь шипитэй гутал өмссөн хөлбөмбөгчид тоглоход зориулагдсан болохоос монгол гуталтай барилддаг хүмүүст тохирохгүй. 

Монгол Улсын гарьд Д.Рагчаа: Хөлбөмбөгийн талбайн зүлэг шиг юм хийвэл бид бүтэн жилийнхээ хөдөлмөрийг мэхэнд биш, хальтирч унаснаар тавиад туучихвал харамсалтай явдал болно. Ер нь хиймэл зүлгэн дээр барилдаж үзсэн бөх ховор байх.

Монгол Улсын гарьд Ш.Жаргалсайхан: Наад зах нь хальтиргаа ихэснэ. Тийм болохоор хуучнаараа байх нь дээр гэж би бодож байна. Бороо ороогүй байсан ч хальтирах магадлал ихтэй. Байгаль эхийн өгсөн дэвжээ цаанаа л зөөлөн өөр шүү дээ. Хүн байгальтайгаа зохицож амьдардаг гэдэг нь энэ мэт зүйлээр илэрдэг. Хиймэл зүлгэн дээр барилдах эвгүй, тохиромжгүй байх нь хэнд ч ойлгомжтой. Доод талыг нь цементэлсэн юм билээ. Энэ нь   унаж байгаа бөхөд доргилт улам мэдрэгдэнэ. 

Мөн Улсын заан Б.Батмөнх, харцага Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, начин Р.Пүрэвдагва нар "Таагүй байна. Хиймэл зүлгэн дээр  барилдаж үзээгүй, дэмий зүйл" гэж утсаар ярьсан.  

 

Бөхчүүд үзээгүйгээ үзэх нь