m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.04 05:34
185
Женнифер Лописыг Монголд авчрах асуудалд гишүүд ийм байр суурьтай байна

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралдаж соёл, урлагийн арга хэмжээний хөтөлбөрийг баталсан.

Комиссын гишүүд энэ үеэр гадаадын оддын тоглолтыг эх орондоо зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан. Түүнчлэн олон нийтийн сүлжээгээр алдарт дуучин Женнифер Лописын тоглолтыг нэг сая ам.доллараар зохион байгуулна гэсэн мэдээлэл чих дэлсэж эхэллээ. Энэ тухай мэдээлэл цацагдсанаас хойш иргэд өөрийн байр сууриа илэрхийлсээр байгаа.  Тэгвэл УИХ-ын гишүүд энэ талаар ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

 УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Ард түмнээр тоглоод байна уу

- Энэ талаар би өөрийн байр сууриа олон нийтийн сүлжээгээр  өчигдөр илэрхийлсэн. Эдийн засгийн хямрал болоод байна уу, үгүй юу. Эсвэл ард түмнээр тоглоод байна уу. Цалингаа тавьж чадахгүй байна хэмээн ярьж байсан. Гэтэл юу болоод байна. Үнэндээ Женнифер Лопис манайд ирэхгүй л дээ. Энэ талаар дуучид байр сууриа илэрхийлсэн байна. Тухайлбал, дуучин Нара “Зарцуулах гэж байгаа мөнгөөрөө цэцэрлэг, сургууль, эмнэлэг барь. Би оронд нь үнэгүй дуулъя”хэмээсэн. Үндэсний баяр наадам нь тусгаар Улсын бэлгэ тэмдгийн илэрхийлэл. Энэ баярыг “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж” тэмдэглэмээр байна. 

УИХ-ын гишүүн Г.Уянга: Сая доллар төлж авчирна гэвэл энэ нь эрүүл хүний үйлдэл биш

- Эмэгтэй гишүүд энэ талаар  өнөөдөр ярилцсан.  Би хувьдаа огт зөвшөөрөхгүй. Хэрвээ олон нийтийн сүлжээгээр явж байгаа мэдээлэл үнэн бол Женнифер Лопист нэг сая доллар төлөх юм шиг байна. Үнэхээр наадам тэмдэглэхэд төрөөс их хэмжээний мөнгө гаргах гэж байгаа бол хүлээн зөвшөөрөхгүй. Монголд өнөөдөр хөрөнгө оруулалтаар нэг ч цэцэрлэг баталж чадаагүй. Хүүхдүүд цэцэрлэг, сургууль, эмнэлэггүй байна. Асуудал их байхад сая доллар төлж нэг дуучны тоглолт зохион байгуулна гэдэг байж болохгүй. Харин хувийн компани ашиг орлого олох зорилгоор  зохион байгуулна гэсэн бол өөр хэрэг. Өнөөдөр эдийн засаг хямарсан байгаа энэ үед гаднын дуучныг  сая доллар төлж авчирна гэвэл энэ нь эрүүл хүний үйлдэл биш.

- Дэлхийн оддын төлөөлөл монголд тоглоход хөрш хоёр орны иргэд манай улсад ирнэ. Ингэснээр Монгол руу орж ирэх валют урсгал нэмэгдэнэ хэмээн зарим гишүүд хэлж байсан. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байна?

- Би бодитой тооцоо нэхнэ. Сая долларын зардал гаргалаа. Тэгвэл хэрхэн, ямар замаар ашиг олох вэ зэргийг бодитоор харуулсан тоо баримтыг Засгийн газраас хүснэ.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Монголыг сурталчилах нь нэг талаасаа сайн хэрэг

- Дэлхийн хэмжээний одод тухайн Улсад тоглохол тодорхой хэмжээгээр дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарлаа хандуулдаг. Тэр утгаараа Монголыг сурталчилах нь нэг талаасаа сайн хэрэг. Харин дэлхийн оддын тоглолтыг зохион байгуулах зардлыг Засгийн газраас гаргана гэдэг зохимжгүй. Харин нэг сая доллараар эх орноо сурталчилсан олон ажлыг хийхэд зориулаасай.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Энэ талаар тодорхой мэдээлэл алга

           - Надад энэ талаар тодорхой мэдээлэл алга. Тиймээс байр суурь илэрхийлэх боломжгүй.