m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.04 22:57
189
Б.Бямбасайхан: Монголын хөгжлийн гарцыг хариуцлага гэж би хардаг

 

9911.... дугаар луу залгалаа. Ачааны хүндийг үүрч буй Б.Бямбасайханд танихгүй дугаар авч, ярилцах зав байхгүй нь ойлгомжтой. Ярилцлага хийх хүсэлт тавьсан хугацаа Дубайд Оюутолгойн далд уурхайн гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш удаагүй байсан цаг үе болохоор аргагүй биз. Мессеж бичлээ, хариу байдаггүй. Хүлээлээ тав, найман цаг өнгөрлөө. Хүсэлтийг маань хүлээж авахгүй юм байна гэсэн бодолтой зэрэгцээд  утсанд мессеж ирсэн дохио хангинав. Тэр  хүсэлтийг минь хүлээж авснаа дуулгаад цаг тохирлоо. Хаалга тогшлоо. Эрхэмсэг төрхтэй нэгэн ширээн дээрээ өндөрлөсөн тавцанд утсаа байршуулаад англиар ярьж байна. Харцаараа суухыг урьсан эрхэм  бол Дэлхийн шилдэг манлайлагчаар тодорсон  “Эрдэнэс Монгол” компанийн захирал Баянжаргалын Бямбасайхан юм.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг хэн болох, ямар зүйл хийж байгааг уншигчид мэдэх болж. Миний санаж буйгаар та “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд  эх орондоо урилгаар ирсэн залуусын нэг байх аа?

-Засгийн газраас хэрэгжүүлсэн “Зөгийн үүр” хөтөлбөрийг би мэднэ. Гэхдээ би тэр хөтөлбөрийн урилгаар ирээгүй. Цаг хугацааны тохироо бүрдээд би эх орондоо ирсэн.

-Ямар тохироо бүрдсэн гэж?

-Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд зурагдсанаар Монголын хөрөнгийн зах зээл асар хурдан хугацаанд нээгдсэн. Тухайн үед олон улсын банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан монголчуудад эх орондоо ирэх боломж нээгдсэн юм. Бусдын адилаар энэ өөрчлөлтийг би харсан. Гэхдээ энэ төсөлтэй холбоотой эх орондоо ирсэн гэж шууд ойлгож болохгүй. Ямар ч байсан энэ төслийн ажил эхэлснээр олон хүнийг эх орондоо ирэх сэдлийг өгсөн.

-Тантай ярилцсан хүмүүс том төсөл, хаанахын ямар том компанид ажиллаж байсан тухай их асуусан байх юм билээ. Харин би арай өөр зүйл асуумаар санагдсан. Монголчууд удам сайтын үр сад гэж сайн яваа нэгнээ өргөмжилдөг. Энэ шалгуур нь үнэний ортой байдаг шүү дээ?

-Та бид хоёр ийм зүйл ярих байсан юм уу. Би Оюутолгойн асуудлаа л ярилцах юм байх гэж бодлоо. Аав маань Завхан аймгийн уугуул, ээж маань нийслэлийн хүн. Миний аав, ээж насаараа төрийн албанд зүтгэсэн хүмүүс. Аав маань Гадаад харилцааны яаманд жолооч, ээж маань дипломатч хүн. Тэд Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан. Одоо хоёр буурай маань гавьяаныхаа амралтаа авч, ач, зээгээ хараад л гэртээ байгаа даа. Би ууган хүү нь.

 

Шигтгээ

  • Б.Бямбасайхан “Нова Терра” компанийн гүйцэтгэх захирал, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг хашиж байсан. Мөн “Ньюком” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж Салхит салхин цахилгаан станц байгуулах ажилд гар бие оролцсон. “Нова Терра” компанид ажиллаж байхдаа эрчим хүчний олон мега төсөл хөтөлбөр дээр ажиллаж байснаас гадна гадаадын хөрөнгө оруулагчдыг  татаж баг болгож чадсан. 2004-2010 онд Азийн хөгжлийн банкинд Эрчим хүчний хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр ажиллаж, Казакстан, Тажикстан, Узбекистан, Пакистан зэрэг хөгжлийн гараан дээрээ байгаа орны эрчим хүчний хөгжлийн асуудлыг шийдэхэд оролцож, том төсөл хэрэгжүүлсэн.

 

-Та бид хоёрын  ярианы сэдэв мэдээж Оюутолгойтой салшгүй холбоотой. Дубайд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд “Эрдэнэс Оюу толгой,” “Төркиз Хилл Резорсиз”, “Рио Тинто,” “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурсан. Яагаад Дубайд зурсан юм бэ. Далд уурхайн асуудлыг эсэргүүцэж байгаа нэг хэсэг нь яагаад Дубайд зурав гэж эргэлзсэн сэтгэгдлээ илэрхийлсээр байна?

-Хоёр тал сүүлийн гурван жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа яаж хийх вэ, гэрээндээ ямар өөрчлөлт оруулах уу гэх мэт олон асуудлыг ярилцлсан. Сүүлийн 2-3 сарын хугацаанд яриа хэлэлцээр маань эрчимжиж, олон газар нүүр тулж уулзсан. Австрали, Лондон, Канадад байгаа төлөөлөл удаа дараа уулзаж дараагийн уулзалтаа Канадад тохирсон. Энэ мэтчилэн явсаар хамгийн сүүлд Ерөнхий сайдыг Дубайд айлчлах үеэр хэлэлцээр дуусаад, тохиролцоонд хүрсэн учир гарын үсэг зурсан. Оюутолгой гэдэг бол зөвхөн Монголын бус дэлхийн хэмжээний төсөл шүү дээ. Хоёр хувьцаа эзэмшигчтэй. Нэг нь Монголын ард түмэн 34 хувь, нөгөө нь “Төркиз Хилл Резорсиз” ХХК 66 хувь.

Дэлхийн томоохон биржид хувьцаа нь борлогддог компани ямар байх, ямар шалгуур дүрэм журмаар явах ёстой нь тодорхой байдаг л даа. Тийм ч учраас мэдээлэл нь журмын дагуу цацагдах ёстой. Яриа хэлэлцээр хийж тохирсон үед мэдээлэл цацах ёстой байдаг. Тэр үед Торонтогийн бирж амарч таарсан. Харин Нью-Йоркийн бирж 16.30 цагт хаангуут бид мэдээлэл цацсан. Дэлхийн стандартыг дагах шаардлага хэн хэнд маань бий. Хэлэлцээрийн явцад мэдээлэл өгөөгүй гэж зарим хүн шүүмжилж байгаа. Олон мянган  хүний эрх ашиг, хувьцааны асуудал ярьж байгаа үед бүх мэдээлэл нээлттэй байдаг жишиг байдаггүй гэдгийг зарим хүн мэдэх байх. Бид мэдээлэл цацаж, бүх зүйлээ олонд дэлгэвэл хууль зөрчсөн асуудалд холбогдох юм. Оюутолгой бол дэлхийн хэмжээний төсөл гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Дэлхийн хэмжээний зүйл тэр хэмжээний стандарт, хууль дүрмээрээ л явдаг. Бүх зүйлийг хуулийн хүрээнд хийсэн.

-УИХ-ын нэр бүхий зарим гишүүдийн хийж буй мэдээллийг та сонссон байх. Оюутолгой төслөөс Монголын талын авах ногдол, авах ашиг 2048 оныг хүртэл 0 хувь болох бөгөөд татвар ногдох орлого буурна. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын зээлийн өр, барьцаанд Монгол Улсын газар нутаг, ашигт малтмалын орд тавигдах эрсдэл учрахаар байна” гэлээ. Энэ мэт зөрүүтэй олон мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж байна. Та энэ талаар үнэн бодит мэдээлэл өгөөч?

-Аливаа хоёр тал гэрээ хийхдээ хэн нэгэндээ хохиролтой, ашиггүй зүйл хийнэ гэж байхгүй. Уул уурхайн гэрээний эрсдэл юу байдаг вэ гэхээр ашиг өгөх зүйл нь газар доор байна. Хөрөнгө оруулагчид хийсэн зүйлээ аваад, баялгийг ачаад явах боломжгүй гэдгийг хэн бүхэн сайн мэднэ. Хөрөнгө оруулагчид энэ эрсдлээ тооцож үзсэн нь хэнд ч ойлгомжтой. Нөхцөл ийм байхад ташаа мэдээлэл тараагаад байгааг ойлгохгүй юм. Ийм энгийн зүйлийг өөрөөр яаж тайлбарлах билээ. Бид өөрийн гэсэн төртэй, түүхтэй, хилтэй, хэлтэй улс шүү дээ.

-С.Зориг агсан Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж хэлсэн. Үзэл бодлоо чөлөөтэй хэлэх эрхтэй нийгэмд томоохон төслийн талаар таагүй мэдээлэл гарсаар байгаа ч энэ ажлыг урагшуулах гэж буй хүмүүстээ итгэх нь чухал гэж би сэтгүүлч хүний хувьд боддог. Тиймээс С.Зориг агсны үгийг асуултынхаа өмнө хэлсэн хэрэг?

-Хууль дүрэм журам гэж зөрчиж болохгүй зүйлс байна. Дэлхийд мөрдөгдөж байгаа хууль дүрэм, стандартаа мөрдөх ёстой. Итгэлээс гадна энэ том төслийг урагшлуулж, амжилттай өрнүүлэхэд техникийн дэвшил, хувь хүний ур чадвар, сэтгэл, хөрөнгө оруулалт гээд олон зүйл нэгдэж байж ажил урагшилдаг жамтай. Монгол хүн монгол хүнийхээ саруул ухаанд итгэх л ёстой.

-Бид чадахгүй, уул уурхайн ямар ч туршлага байхгүй гэхээс гадна бие биенээ авлигачид гээд төрийн түшээд нь харааж зүхээд байх юм. Өнөөдөр биднийг монголчууд төдийгүй дэлхий сонсож байна. Төрийн түшээд хэлж ярих зүйлээ бодож тунгаах ёстойг ойлгохгүй байх шиг?

-Аливаа хүн өөрийгөө хэт тоох нь алдаа гаргахад хүргэдэг. Бас хэт дорд үзэж болохгүй. Хийж чадахгүй, мэдэхгүй зүйлийнхээ талаар ярьж, гар бие оролцоно гэдэг амаргүй . Ялангуяа бизнес бол хэцүү.

Бид мэдэхгүй, чадахгүй зүйлээ чаддаг хүмүүсээс суралцах нь улс орон хийгээд хувь хүнд байх ёстой эрхэм чанар. Би чадахгүй, мэдэхгүй гээд хойш суугаад байвал хэзээ, хэн бидэнд хийж өгөх юм бэ. Монгол хүн эх орноо хөгжүүлэхийн төлөө сэтгэл, зүрхээ, чаддаг бүхнээ зориулахгүй бол хэн биднийг хөгжүүлэх юм бэ. Мэдэхгүй бүхнээ сурч, чадахгүй бүхнээ чадахын төлөө явсан цагт нэг өдөр бид арвин туршлагатай, хийж бүтээдэг хүмүүс болно гэдэгт би итгэдэг.

-Оюутолгой төслийн ажил бараг хоёр жил шахуу зогсонги байдалд байсан. Цаг хугацаа алт. Алтан цаг алтаа хамт авсан өдрүүд өнгөрлөө. Энэ хугацаанд Монголд орох байсан шууд болон шууд бус ашгийг тооцоолсныг харахаар л...?

-Энэ бол нэг талаараа тоо юм. Эдийн засагч, судлаачид шууд болон шууд бус ашгийг тооцож олон янзаар тайлбарлаж байгаа. Мэдээж мөнгөн дүн асар их тоо гарч байгаа. Хамгийн гол алдсан зүйл бол итгэлцэл. Итгэлийг алдаад эргээд олж авна гэдэг хамгийн хэцүү гэдгийг бид биеэрээ мэдэрч байна. Мөнгөөр үнэлж болохгүй үнэт зүйл яах аргагүй энэ мөн. Би олон улсын байгууллага, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олон жил ажиллаж, хөрөнгө босгон “Ньюком” болон өөрийн хувийн бизнесээ хийсэн. Харин энэ цаг үед энэ мэтчилэн ажиллая гэхээр боломжгүй болж.

-Яагаад тэр билээ. Алдсан итгэлтэй холбоотой юу?

-Тэгэлгүй яах вэ. Салбартаа хамтарч ажиллаж байсан гаднын хөрөнгө оруулагчидтай уулзах гэхээр хүлээж авахгүй байна. Олон жил хамтарч ажилласан найзууд “Холоос ирсэн найзтайгаа яаж уулзахгүй байх билээ. Хамт кофе ууя. Гэхдээ ажил ярихгүй шүү” гэсэн. Оюутолгойгоос ч илүү ашигтай төсөл аваад очиход тэд хүлээж авахгүй байх магадлалтай. Энэ юу өгүүлээд байна вэ. Манай улсын талаар ямар мэдээлэл аваад тэд уулзахаас татгалзаж байна вэ. Энэ мэт үнэт зүйлийг эргээд сэргээнэ, итгэлийг олж авна гэдэг үнэхээр амаргүй ажил шүү. Магадгүй зарим тохиолдолд бидэнд итгэх итгэл сэргэхгүй байхыг үгүйсгэхгүй юм.

-Уул уурхай хөгжлийн гарц биш гэж ярих хүн олон. Харин та Монгол Улсын хөгжлийн гарцыг хэрхэн харж байна вэ?

-Хүн бүхэн өөр өөрийн өнцгөөс энэ асуултанд хариулах байх. Монголын хөгжлийн гарцыг хариуцлага гэж би хэлнэ. (Энэ асуултад хэсэг бодоод инээгээд хариулсан юм. Монголчуудын хэт хариуцлагагүй байдал түүний инээдийг хүргэдэг бололтой)

Монголчууд өнөөдөр зөвхөн Монголдоо гээд суух цаг үе биш болжээ. Тиймээс бид айлын эрх хүүхэд шиг аашилж болохгүй. Аливаа асуудалд хариуцлагатай байж, өөдрөг сайхан амьдралаа улам сайжруулахын төлөө хичээх үе ирсэн гэдэгтэй санал зөрөх хүн байхгүй л болов уу?

-Та зөвхөн нэг компани бус Эрдэнэт, Багануур, Шивээ Овоо, Эрдэнэс таван толгой, Оюутолгой гэх мэт стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг хүлээдэг. Монголын саалийн үнээ болсон компаниудыг удирдахдаа баримталдаг гол зарчмыг сонирхож байна?

-Стратегийн чухал компаниуд нийгэм эдийн засгийн өөр өөр зорилтыг биелүүлдэг . Хаана нэмэлт хөрөнгө оруулалт татах талаар судалж, нэн шаардлагатай газарт нь өөрчлөлтийг хийх хэрэгтэй байгаа. Төрийн гэсэн бүх компани ашиггүй байдаг гэх ойлголтыг өөрчлөх ёстой. Ингэхийн тулд хийх ажил бий.

Хүмүүс өмнө нь хийж дадсан зүйлээ өөрчлөх дургүй байдаг. Ашиггүй, илт буруу зүйлийг хийсээр л байдаг. Яагаад ингэж байгаа юм бэ гэж асуухаар “Урд нь ингэдэг байсан юм” гэдэг хариултыг өгдөг. Яагаад өмнө нь ингэдэг байсан юм бэ гэхээр харилт хэлж чаддаггүй. Цаг үеэ дагаад юм бүхэн сайжирч, өөрчлөгдөх ёстой.

Техник, технологийн дэвшлийг ашиглаж, хариуцлагатай байж тэр олон хувьцаа эзэмшигчдэд ашгаа өгдөг байхын төлөө хичээн ажиллана.

Төрд болон өөрт байгаа хөрөнгөнд эзний ёсоор хандах нь ажил амжилттай байхын үндэс.

-Төрийн өмч ямар байдалтай байгаа жишээг хотын А зэрэглэлээс харж болох байна. Та анзаарсан байх. Төмөр замд KFC –гийн нэг салбар нээгдлээ. Өнгө үзэмж, стандартыг мөрдөж гараа гаргаж барьсан нь илт. Харин ард нь байгаа хорооны барилгыг харьцуулаад нэг хараарай.  Төрийн өмч, төр өмчдөө хэрхэн ханддаг болохыг тэндээс харж болно. Энэ мэт олон газар бий.

Та төрийн өмчит олон компаниудыг өнгөтэй өөдтэй болгож, ашигтай ажилладаг болоход цаг хугацаа хэлж чадах уу. Ашигтай биш гэхэд алдагдалгүй ажиллах өдөр хэзээ бол?

-Хугацаа хэлэхийн тулд эхлээд сайн судалгаа хийж, ямар байдалтай байгааг мэдэх хэрэгтэй. Гэхдээ бид эдгээр компаниудыг хэрхэн ашигтай ажиллуулах талаар судалж, төлөвлөгөө гаргаад явж байгаа. Аль компанид ямар өөрчлөлт, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй буйг гаргасан. Төрд болон өөрт байгаа хөрөнгөнд эзний ёсоор хандах нь ажил амжилттай байхын үндэс. Компанийн эзэн хэн ч байж болно. Гагцхүү компани, компани шиг л ажиллах ёстой.

-Таны амжилтын түүхийг би уншсан. “Клен-Энержи Ази” компанийг байгуулж дэлхийн хэмжээний томоохон мэргэжилтнүүдийг нэгтгэж чадсан нь олны анхаарлыг татдаг.  Энэ компани нь ногоон эрчим хүчийг Япон руу татах  зорилготой юм билээ. Монголд таны хэрэгжүүлж байсан, удирдаж байсан компанийн үйл ажиллагааны чиглэл  бүхий ногоон эрчим хүч шаардлагатай байна. Таны удирдаж байсан  “Ньюком” эхлэл нь болсон. Та энэ талаар цаашид юу хийх бодолтой байдаг вэ?

-“Ньюком” компани байгуулагдаад 20 гаруй жил болсон шүү дээ. Харин би удирдаад салхин цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж амжилттай болсон. Энэ талаар өдөр бүр л бодож явдаг. Одоогоор энэ ажилдаа анхаарал хандуулж, оролцож чадахгүй байна. Хүмүүс очиж үздэг, очсон хүмүүс зургаа авахуулдаг болохыг сошиал ертөнцөөс харж мэдэрсэн. Тэгэхээр санаа зовох зүйлгүй ажил  нь урагштай байгаа юм билээ.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хийсэн ажлыг маань үнэлсэн нь тэр байх.

-Дэлхийн эдийн засгийн формоос таныг дэлхийн шилдэг залуу манлайлагчаар тодруулсан. Ямар шалгуураар ийн тодруулсан юм бэ. Та тэр үед хаана, ямар ажил хашиж байв?

-Энэ шагналыг Монголын олон залуус хүртсэн. УИХ-ын гишүүн С.Оюун, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, “Хас”-ын Ч.Ганхуяг, Уул уурхайн  сайд асан Д.Зоригт, В.Ганзориг нар авч байсан юм.

Надад 2014 онд олгосон. Дэлхийн эдийн засгийн форум жил бүр залуу манлайлагч хөтөлбөр зарлаж, манлайлагчийг тодруулаад шинэ санаа, ажил эхлүүлэхэд хамтран ажиллах боломж олгодог. Сэргээгдэх эрчим хүчний салбарт хийсэн ажлыг маань үнэлсэн нь тэр байх.

-Сэдвээсээ бага зэрэг халиад залуу, манлайлагч хүний хувьд тань нэг зүйл асуумаар санагдлаа. Нам дагаад нэр алдар олох гэсэн таны үеийнхнийг та харж л байгаа байх. Зүй нь ийм замаар бус хийж чаддаг зүйлээрээ эх орноо хөгжүүлэх ёстой шүү дээ?

-Хариуцлага л гэж би хэлнэ.  Хийж чадахгүй, мэдэхгүй зүйлээ албан тушаалын дор хийнэ гэдэг байж боломгүй хэрэг. Аливаа ажлын цаана хариуцлага байх ёстой гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Сайн хүнээс хүн их зүйл сурдаг. Сурч, мэдэхийн оронд шууд албан тушаал горилно гэдэг өөртөө ч, өрөөлд ч их хортой.  Аливаа зүйлд шатлал гэж бий. Өөрөөсөө жишээ авахад 15 наснаасаа эхлээд ажил хийж эхэлсэн байдаг. Тухайн цаг үедээ, өөрийн хийж чадах зүйлээ хийж, таарсан цалингаа аваад хэрэгцээтэй зүйлдээ зарцуулах маш амттай байдаг юм.

-Та АН-ын гишүүн байх аа?  

-Тиймээ, би АН-ын гишүүн. Манай улсад уул уурхай, эрчим хүчний асар их нөөц бололцоо байгааг дэлхий харж байна. Нөөц бололцоогоо ашиглан, эдийн засгийн эргэлтэд оруулахад том төсөл хэрэгжүүлэх нь гарцаагүй. Улс орон, нийтийн эрх ашгийн төлөө хийх ажилдаа нам, баруун зүүн гэж талцах нь учир дутагдалтай. Бид чинь гуравхан саяулаа шүү дээ. Цаана чинь долоон тэрбум хүн биднийг харж байхад эвтэй, хариуцлагатай байж агуу түүхтэй улс ямар байдгийг харуулах  хэрэгтэй болов уу. Ардчилсан тогтолцоо гэдэг бол бидний хамгийн том давуу тал. Хязгаарлагдмал нийгэмд амьдарч буй хүмүүс ардчилалыг маш ихээр хүсэж, тэмүүлж байна. Би тэр орчинд ажиллаж амьдарч үзсэн. Нээлттэй, ардчилсан нийгэмд бид хариуцлагатай байх л хэрэгтэй.

-Та юунд омогшдог вэ?

-Бид, би чадна бүтээнэ гэсэн сэтгэл зүйтэй баймаар байгаа юм. Бусад хүмүүс хийж чадаж байгаа зүйлийг монгол хүн яагаад хийж чадахгүй гэж, монголчууд чадна гэсэн хүсэл тэмүүлэл намайг омогшиход хүргэдэг. Намайг төрөхөд л Монгол ядуу, хөгжил муутай, дорой гэж дэлхий нийт ярьдаг байлаа. Одоо энэ нэрийг халах цаг нь болсон, үүрэг нь бидэнд байна. Ялангуяа мэдээлэл авах нээлттэй байгаа энэ цаг үед бид хэнээс ч дутахгүй амьдрах боломж бий. Мэдээллийг бид бүх сувгаар хүссэн үедээ авдаг болсон. Монголд дөрвөн сая орчим ухаалаг утас байна гэсэн судалгаа байна лээ. Энэ бүгдээс тухайн хүн мэдээлэл авч байгаа.

Би саяхан гаднын нэг зочинтой хөдөө явлаа л даа. Малчин айлын хүүхэд америк хүүхдийн үзэж буй хүүхэлдэйн киноны сувгийг үзэж, тэдэнтэй адил мэдээлэл авч байна. Аав, ээж нь хүүгээ англиар ойр зуур ярьдгыг ч мэдээгүй байхад хүү тэр хүнтэй ярьсан. Энэ юу өгүүлээд байна вэ гэхээр мэдээлэл илт тод, нээлттэй болж, бидний хойч ирээдүй хүссэн зүйлээ мэдэж, сурч байгааг илтгэж байгаа бус уу. Мэдээлэл гэдэг бол боломж юм.

-Таниас гэр бүлийнх нь талаар асуухгүй яасан юм бэ гэж олон хүн зэмлэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Та гэр бүлээ товч танилцуулахгүй юу?

-Гэргий маань банкинд ажилладаг. Манайх дөрвөн хүүхэдтэй, товчхондоо ийм л байх  шив дээ./инээв/

-Монголын үрс маш олон болоход онцгой хувь нэмэр оруулж байгаа юм байна. Та 40 хүрээгүй байхаа?

-Тийм ээ тийм.(инээв)

-Та 15 наснаасаа ажил хийж эхэлсэн гэж ярилаа. Та тэр үед ямар ажил хийж байв. Анх хэдэн төгрөгийн цалин авсан бэ?

-Аав, ээжийнхээ буянаар гадагшаа цөөнгүй явсан учир хэл сайн сурсан. Тиймээс аман болон бичгийн орчуулга их хийдэг байлаа. Өдөртөө орчуулга хийгээд 20 ам.доллар авчихна. Тэр үедээ сарын цалингаас их мөнгө байлаа  шүү дээ. /инээв/

-Таны өрөөнд орж ирэнгүүтээ  би нэг зүйл анзаарлаа. Таны арын өрөөнд гольфын иж бүрэн хэрэгсэл байна. Та сайн тоглодог бололтой?

-Тоглох ч гэж дээ. Аливаа зүйлд цаг гарган, өөрийгөө зориулах нь сайхан шүү дээ. Машины ард байж байгаад үе үе тоглодог байсан. Харин сүүлийн хоёр жил орчим талбайд гарсангүй.

-Монголд тань шиг бололвсролтой олон залуус ус, агаар мэт хэрэгтэй байна. Таны цаашдын ажилд улам их амжилт хүсэж, дэлхийн манлайлагч гэдгээ  олон жил харуулна гэдэгт итгэлтэй байна?

-Баярлалаа, намайг хэт их үнэлж байна, та. Сурсан мэдсэн зүйлээ эх орныхоо хөгжилд зориулах болно. Хүний амьдрал тийм ч урт биш шүү дээ. Тэгэхээр ахархан энэ хугацаанд мэддэг, чаддаг зүйлээ хийж эх орноо хөгжүүлье.

Энгийн бүхэн хүнд ямар ойлгомжтой, ойлголцоход амар байдаг юм бэ. Б.Бямбасайхантай уулзаад гарсан цаг хугацаа надад түүнийг хэн болох, ямар ирээдүйн төлөө, хэн хэрхэн зүтгэх талаар гэгээн бодол үлдээлээ. Амжилт хүсэн гар барихдаа хариуцлага, итгэл, ухамсар гэх үгийг тэр надад шивнэх шиг санагдаж билээ. Дэлхийд нэрээ гаргасан Монголын манлайлагч ямар байдгийг тэр бидэнд харуулах биз ээ. Амжилт хүсье.