m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.05 10:01
14210
Б.Батболд: Пянзыг хадгалах тусам үнэ цэнэтэй болдог

Хобби булангийнхаа энэ удаагийн дугаарт 2007 оноос эхлэн найман жилийн турш 2000 орчим пянз цугцуулсан Б.Батболдын Дунд гол хөгжмийн дэлгүүрийг танилцуулж байна. Тэрбээр эдгээр пянзыг өөртөө байлгах бус хүмүүс сонсдог, цугцуулдаг байгаасаа гэсэн үүднээс дэлгүүрээ нээжээ.

Та ч бас пянз сонсохыг хүсвэл тоглуулагч, пянзтай нь худалдан авах боломжийг тус дэлгүүр олгож байгаа юм. Манай улсад 1990 оноос өмнө айл болгон пянз тоглуулагчтай, залуучууд нь төрөл бүрийн ялангуяа барууны оронд суралцдаг залуус нэн ховор пянзыг авчиран өөр хоорондоо солилцдог байсан билээ. Харин 1990 оноос кассет, CD тоглуулагч гарч ирснээр пянз тоглуулах болон цуглуулагчдын тоо дэлхий даяар буурсан юм. Одоо тэгвэл дэлхий даяар эргээд пянз сонирхдог болж, барууны уран бүтээлчид цомогоо пянзаар гаргадаг болсон байна. Энэ хэрээр пянзны хэрэглээ цуглуулагчдын тоо эрс нэмэгджээ. Учир нь хөгжим нь биет бус өв учир үүнийг биет өв болгохын тулд хамтлаг, дуучид цөөн тоогоор ч гэсэн пянз гаргах болсон аж.

Дэлхий даяар эргээд пянз сонирхдог болж, барууны уран бүтээлчид цомогоо пянзаар гаргадаг болсон 

Дунд гол хөгжмийн дэлгүүрт 1930-1940-өөд оны үеийнх болон хамгийн сүүлийнх нь 2007 онд японы уран бүтээлчтэй хамтарч гаргасан хип хоп дуутай пянз худалдаалж байгаа юм. Түүнчлэн ардын болон сонгодог, жазз, оросын эстрад гээд төрөл бүрийг пянзыг тус дэлгүүрээс сонирхон сонсох боломжтой ажээ.

Ингээд Дунд гол хөгжмийн дэлгүүрийн эзэн Б.Батболдтой хэсэг хором ярилцсан юм.

-Дэлгүүрээ нээгээд хэр удав. Пянз сонирхогч хэр нар байна вэ?

-Энэ оны гуравдугаар сард дэлгүүрээ нээсэн. Энэ хугацаад пянз зарахаасаа илүү хүмүүсээс худалдан авсан даа. Пянзны хувьд зүгээр нэг палистик эд гэхээсээ илүү дотрох хөгжим нь чухал байдаг учраас хүмүүсийн авчирсан пянзыг авч байна даа. Зарим хүмүүс пянз авч байгаа гэхлээр хэдэн төгрөгөөр авч байгааг сонирхдог. Үүнийг бол ийм тийм гэж хэлэх боломжгүй. Учир нь хэдэн онд хэвлэгдсэн, хэр сайн хадгалсан зэргийг үзэж, сонсож байж худалдаж авахаа шийддэг.

Дунд гол хөгжмийн дэлгүүрт 1930-1940-өөд оны үеийнх бол хамгийн сүүлийнх нь 2007 онд японы уран бүтээлчтэй хамтарч гаргасан хип хоп дуутай пянз худалдаалж байна

-Хамгийн сүүлд манай орны уран бүтээлчдээс хэдэн онд пянз гаргасан байдаг вэ?

-1980 оны эхээр Соёл-Эрдэнэ, Баянмонгол хамтлагийн пянз хэвлэгдсэн байдаг.

-Танай дэлгүүрийн хамгийн үнэтэй пянз хэдэн төгрөг вэ. Дундаж үнийг сонирхвол?

-Дундаж үнэ 50 мянган төгрөг. Ховор нь арай үнэтэй. Харин хэрэглэж байсан, хуучин бол үнэ нь арай багасна. Хамгийн үнэтэй нь гэвэл Монголын орчин үеийн хөгжмийн хамтлаг Соёл-Эрдэнэ, Баянмонгол хамтлагийн 1970 онд Оросын “Мелодия” гээд компанид бичүүлсэн пянз байгаа. Тухайн үед энэ хоёр хамтлагийн пянзны гадна тал дээр хамтлагуудын зургийг солиод хэвлэчихсэн байдаг юм. Гэхдээ дэлхийн пянз цуглуулагчид Монголоос энэ хоёрыг л сонирхдог. Ховор байдаг юм. Цоо шинэ нь 500 мянгаас нэг сая төгрөг хүртэлх үнэтэй.

-Пянз цуглуулах нь ямар ач холбогдолтой вэ?

-Пянзаа сонсохын тулд хөгжимтэйгээ харилцахаас гадна хадгалах хамгаалах тал дээр их хөдөлмөр зардаг. Цуглуулсан пянзаа үр хүүхэддээ өвлүүлэх бүрэн боломжтой. Пянз худалдаанд гарснаас хойш жил өнгөрөх тусам үнэ цэнэ нь нэмэгддэг байгаа.  Пянз бол комиссын бараа биш гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Түүнээс гадна пянзны ард талд ямар дуучин, хамтлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг багтаасан байдаг.  

Гэхдээ дэлхийн пянз цуглуулагчид Монголоос энэ хоёрыг л сонирхдог

Дунд гол хөгжмийн дэлгүүр Соёлын төв өргөө дэх Хүүхдийн номын ордонд байрладаг ажээ.