m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.08 08:28
483
Залуу эрдэмтэд шинэ санаа олох аялалд нэгдлээ

Монголын Залуу эрдэмтэдийн холбооноос жил бүр явган аялалыг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд шинжлэх ухааны ололт амжилт, судлаачдын судалгааны ажлын үр дүн нь үйлдвэрт хэрхэн нэвтэрч байгаа талаар “Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл: Оюунлаг залуусын эко аялал” өнгөрсөн амралтын өдөр боллоо. Аялалд биологи, геофизик, техник технологи, нийгмийн салбарт ажиллаж буй 40 гаруй  залуу судлаач, эрдэмтэнүүд хамрагдсан юм. Мөн аялалд техник технологийн салбарыг төлөөлж Төрийн шагналт, инженер Н.Нацагням оролцсон юм. Бидний аялал өглөөний 09 цагт эхэлж, Багахангай дүүрэгт байрлах “Алтан оршихуй” группын ахуйн мандал эко түлшний үйлдвэрийг зорив.

 

“Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл: Оюунлаг залуусын эко аялал” өнгөрсөн амралтын өдөр боллоо

Аялалын явцад өөр хоорондоо танилцсан бөгөөд уг аялалын группт маань “Монхимо” ХХК-ийн найман залуус хамт явсан юм. Залуу эрдэмтэн судлаачдын ярих сэдэв төгсгөлгүй мэт санагдана. Тэдний өөр хоорондоо ярьж, асууж байгаа нь хүртэл ийм судалгааны дүнгээр ийм үр дүн гарсан хэмээн нэг нэгэндээ шинэхэн мэдээлэл түгээж байв. Төрийн шагналт, инженер Н.Нацагням залууст хэрхэн амжилтанд хүрсэн сонирхолтой яриа өрнүүлж, аливаа зүйлийг судлахад нойр, хоолоо зохицуулж, ядаргаанд орохгүй байх хэрэгтэйг сануулсан юм.

“Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл: Оюунлаг залуусын эко аялал”-ыг зохион байгуулж буй Байгалийн ухааны салбарын Залуу эрдэмтэдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Отгонсувдтай ярилцсан юм.

-Монголын Залуу эрдэмтэдийн холбоо залуустаа хандсан ямар үйл ажиллагааг явуулдаг вэ?

-Монголын Залуу эрдэмтэдийн холбоо зургаан салбараар үйл ажиллагаа явуулдаг. Байгалийн ухаан, техник технологи, нийгмийн ухаан, анагаах ухаан, геологи газар зүйн салбар, биологи хөдөө аж ахуй гэсэн зургаан салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Сард нэг удаа томоохон арга хэмжээ зохион байгуулдаг. Харин зургаан салбар маань жилийн төлөвлөгөөний дагуу тус тусдаа залууст чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Байгалийн ухааны салбарын хувьд сар бүр “Залуусаас залуус” эрдэм шинжилгээний семинар хийдэг. Уг эрдэм шинжилгээний хурлын үеэр залуус нэг нэгэндээ хийсэн ажлаа танилцуулж, туршлага солилцдог байгаа. Мөн нийгэмд чиглэсэн ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуульд мэргэжлээ сурталчилан, хүмүүнлэгийн аян зохиодог.

-Танай холбоонд элсэхийн тулд залуу эрдэмтэд ямар шаардлага тавьдаг вэ?

-Нэгдүгээрт төр хувийн хэвшлийн судалгаа шинжилгээний байгууллагад ажилладаг байх. Манай холбоонд хувийн хэвшлийн судалгааны байгууллагад ажилладаг залуус ихэнх хувийг эзэлдэг. Тухайн хүн энэ холбоонд сайн дураараа элсэх ёстой.

-Аялалын хүрээнд Ахуйн мандал, Монхимо хоёр үйлдвэртэй танилцана. Яагаад энэ хоёр үйлдвэрийг сонгох болсон бэ?

-Эрдэм шинжилгээний байгууллага, судлаач эрдэмтэдийн бүтээлийг эргээд баялаг болгон бүтээж байгаа үйлдвэрүүдийг сонгосон. Залуу эрдэмтэд судлаачдын хувьд дээрх хоёр үйлдвэрттэй танилцсанаар цаасан дээр байсан судалгааны ажил үйлдвэрт хэрхэн нэвтэрснийг таниулах юм. Залуу судлаач нарт судалгааныхаа ажлын үр дүнг аж үйлдвэржүүлэх сэдлийг бий болгох, шинэ бүтээл гаргах, инновацилаг шинэ санааг олоход нь  оюуны дэмжлэг үзүүлэх юм.

Залуу эрдэмтэд судлаачдын хувьд дээрх хоёр үйлдвэрттэй танилцсанаар цаасан дээр байсан судалгааны ажил үйлдвэрт хэрхэн нэвтэрснийг таниулах

Ингээд бид Баганхангай дүүрэгт байрлах “Алтан оршихуй” группын ахуйн мандал эко түлшний үйлдвэрт хүрэлцэн ирэв. Тус үйлдвэрийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр сая тонн хаягдал тосыг дахин боловсруулан дизель түлш гарган авчээ.

Эрдэмтэн судаач оюутнууд үйлдвэртэй танилцах үеэрээ судалгаа шинжилгээг хэрхэн хийж, хэр хугацаанд үйлдвэрт нэвтрүүлсэн гээд сонирхолтой асуултыг асууж байсан юм. Тус үйлдвэрийг байгуулахын тулд 3-4 жил судалгаа шинжилгээ хийж үйлдвэрт бүрэн нэвтрүүлсэн байна. Ахуйн мандал үйлдвэрийн хувьд сардаа 200 тонн хаягдал тосыг дахин боловсруулж, худалдаалдаг. Одоогийн байдлаар үйлдвэрлэсэн дизель түлшийг нь Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хүнд даацын автомашинууд хэрэглэдэг байна. Үйлдвэрээ өргөтгөн хүчин чадлаа нэмэгдүүлснээр дотоодын зах зээлийн тодорхой хувийг хангах боломж бүрдэнэ хэмээн “Алтан оршихуй” группын ерөнхийлөгч Р.Баярбат хэлсэн юм.

Тус үйлдвэрийн хамт олон өдрийн хоолондоо цагаан хоол зооглодог бөгөөд залуусыг амттай сайхан хоолоор дайлав. Ингээд бид Багахангай дүүргээс хөдлөн Багануур дүүрэг рүү хөлгийн жолоо залав. Аялалын явцад их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн гэрийн буурин дээр очин хэсэг амарцгаав.

Энэ үеэр саяхан докторын зэргээ хамгаалсан 2014 оны  нийгмийн ухааны салбарын “Хүрэлтогоот”  шагнал хүртсэн залуу эрдэмтэн Х.Булгаатай ярилцав.

-Ямар сэдвээр докторын зэрэг хамгаалсан бэ?

-Улаанбаатар хотын зорчигч тээврийн сүлжээний өнөөгийн байдлын судалгаагаар докторын зэрэг хамгаалсан.  Хотын төв хэсэгт нийтийн тээврийн чиглэлийн давхцал их, харин захаар бага байна. Коэффицентээр авч үзвэл хотын төвд чиглэлийн давхцал тав байх ёстой ч долоо байгаа юм. Хүн ам олонтой гол замуудаар багтаамж ихтэй нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй. Иймээс судалгаандаа тээврийн эргэлтийн систем ямар байх талаар судалсан.

-Судалгаанаас гарсан үр дүнг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд ямар боломж байна вэ?

-Зорчигч тээврийн системийн судалгаа нь маань харьцангуй практик чанартай. Ажлын маань зорилго ч гэсэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн системыг хэрхэн өөрчлөх, цаашид хэрэгжүүлэх ажлын суурь болж өгөх үндэс юм.

Ингээд бид Багануур дүүргийн Хэрлэнгийн хөдөө арлыг зорив. Эрдэмтэн судлаач залуус маань дөрвөн багт хуваагдан олс таталт, буухиа тэмцээнээр өөр хоорондоо өрсөлдөв. Үүний дараагаар чөлөөт цагаа өнгөрүүлж, орой нь галын наадам хийлээ.

 

Залуу эрдэмтэдийн холбоо бол 2013 оноос хойш инновацилаг байцгаая уриаг дэвшүүлсэн

Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч Д.Баттогтохтой холбооны үйл ажиллагааны талаар ярилцлаа.

-Монголын Залуу эрдэмтэдийн холбоо үндсэн зургаан холбоотой. Жил болгон эко явган аялалыг зохион байгуулдаг. Энэ жил тодорхой уриатайгаар зохион байгуулж байна. Залуу эрдэмтэдийн холбоо бол 2013 оноос хойш инновацилаг байцгаая уриаг дэвшүүлсэн. Бид нарын гол бүтээгдэхүүн бол мэдлэг байдаг. Мэдлэгээ баялаг болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлье хэмээн залуу эрдэмтэн, судлаачдыгаа уриалдаг.

-Танай холбооны зүгээр цаашид ямар зүйлийг хийхээр төлөвлөж байна вэ?

-Инновацилаг байя гэхээс гадна 2020 гэхэд Монгол Улсын сэтгэх хүчний байгууллага болох зорилгыг тавьсан байгаа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд үе шаттай ажил зохион байгуулж байна. Өнгөрсөн сард “Судалгаа хөгжил ба инноваци” семинарыг зохион байгуулсан. Энэ жилд тав дахь удаагийн Залуу эрдэмтэдийн үндэсний чуулганыг зохион байгуулна. “Стандарт” рүү чиглэсэн илтгэл хэлэлцүүлгийг хэлэлцэж чуулна.

Ингээд бид хоёрдахь өдрөө Багануур дүүрэгт байрлах “Монхимо” эмийн үйлдвэртэй танилцсан юм.  17 дахь жилдээ эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа тус үйлдвэрийн хувьд үндэсний гурван брэндийг гарган олон түмэнд нэвтрүүлсэн ажээ. Үүнд ам зайлагч тамедин, гар ариутгагч санитол, адууны яснаас гаргаж авсан кальци зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ.

2020 гэхэд Монгол Улсын сэтгэх хүчний байгууллага болох зорилгыг тавьсан байгаа

Тус компанийн хувьд эмийн үйлдвэрлэлээс гадна байгаль орчин, хөдөө аж ахуйн шинжилгээ судалгааны ажлыг хийдэг байна.

Энэ ч үүднээс “Шавьжинд тэсвэртэй шилжмэл генетэй ургамал гаргаж авах технологи боловсруулах төсөл”-д хамтран ажилласан байна.

Сүүлийн жилүүдэд хортон шавжнаас шалтгаалаад шинэсэн ой модны 250 мянган га талбай устаж үгүй болсон

Уг төсөлд ажиллаж, магистерийн зэрэг хүртсэн МУИС-ийн Биологийн ухааны магистер М.Нандинцэцэг “Уг төсөлд миний хариуцсан ажил бол Сибирь шинэсний бичил ургамал гаргаж авах, түүнийг бойжуулж хүлэмжинд шилжүүлэх цаашлаад талбайд шилжүүлэх талаар хариуцаж ажилласан. Сүүлийн жилүүдэд хортон шавжнаас шалтгаалаад шинэсэн ой модны 250 мянган га талбай устаж үгүй болсон. Үүнээс шалтгаалан үр өгөх чадвар нь муудсан. Иймээс түргэн хугацаанд суулгац мод гаргаж авах зорилгоор судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд лобораторийн нөхцөлд 500 суулгац гаргаж авсан. Мод учраас тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. 20 см ургахад багадаа гурван жил зарцуулдаг” хэмээв.

Судалгаа хийх явцдаа технологио боловсруулж үйлдвэрт нэвтрүүлэх арга замыг үргэлж ирэлхийлж байхыг зөвлөв

 

Ингээд залуус маань шинжлэх ухааны ололт амжилтын үр дүнд хэрхэн үйлдвэрт нэвтэрсэн талаар танилцаж, инновацилаг шинэ санаа оноог тусган авсан гэдэгт итгэлтэй байна.

Багануур дүүргийн ЗДТГ-аас “Оюутны хот-Эко технологи” дугуй ширээний уулзалтыг зохион байгуулсан юм. Тухайн орон нутагт байгаа түүхий эдэд тохирсон үйлдвэрлэлийн технологийн судалгааг хийх хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байлаа. Мөн судалгаа хийх явцдаа технологио боловсруулж үйлдвэрт нэвтрүүлэх арга замыг үргэлж ирэлхийлж байхыг зөвлөв.