m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.10 06:56
110
Сүхбаатар хотод нэрэмжит гудамж нэгээр нэмэгдэв

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ тусгай хөтөлбөрийн дагуу зарим арга хэмжээнд оролцсоны нэг нь нэрэмжит гудамжны нээлт байлаа. 1979-1989 онуудад Сэлэнгэ аймгийн даргаар ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтэн, Хөдөө аж ахуйн ухааны доктор, Сэлэнгэ аймгийн хүндэт иргэн агсан Г.Төмөрбаатарын нэрэмжит гудамжны нээлтийн үйл ажиллагаанд тэрээр оролцлоо. Г.Төмөрбаатар агсаныг Сэлэнгэ аймгийн дарга байх 10 жилийн хугацаанд тус аймагт сургууль, 5 давхар орон сууцны барилга зэрэг бүтээн байгуулалтуудын ажлууд хийгдэж, Сэлэнгэ аймгийн гол үйлдвэрлэл болох газар тариаланд шинэ техник, технологи нэвтэрч, ургац тогтвортой өсөн, эрчимжсэн мал аж ахуйн үндэс суурь тавигдажээ. Энэ л үед Сүхбаатар хот болон сум, САА-н төвүүд өнгө төрхөө өөрчлөн орчин үеийн хот, тосгоны хэв шинжийг олсон байна. Иймээс энэ алдарт төр нийгмийн зүтгэлэн хүний алдар нэрийг мөнхжүүлэх зорилгоор үр хүүхэд, хань, төрөл төрөгсөд нь нутгийн зон олны санаачилгаар ийнхүү нэрэмжит гудамжийг нь бий болголоо. Г.Төмөрбаатар агсаны нэрэмжит гудамж нь Сүхбаатар сумын төвд Төв номын сангаас /хуучин нэрээр одоогийн Чингис баар/, Төмөр замын Соёлын ордон хүртэлх 2.1 км гудамж байхаар энэхүү хүний нэрийг мөнхжүүлэн Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдаж, УИХ-ын дарга тусгай хөтөлбөрийн дагуу тэдгээр үйл ажиллагаануудад оролцлоо. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хань Т.Бат-Өлзийгийн аав төр, нийгмийн нэр зүтгэлтэн Г.Төмөрбаатарын бичсэн номын баяр “Сэлэнгийн долгио” чуулгын байранд боллоо. “Гэндэндоржийн Төмөрбаатар” хэмээх эл номыг түүний үр хүүхэд, хань, төрөл төрөгсөд нь гэгээн дурсгалд нь зориулан хэвлүүлжээ. Энэхүү ном гурван бүлэгтэй бөгөөд тэргүүн бүлэгт түүний амьд сэрүүндээ бүтээн туурвиж байсан “Эргэн санахуй” дурсамжийн номыг эмхлэн оруулсан бол хоёрдугаар бүлэгт их хүмүүний бичиж үлдээсэн шүлгийн эмхэтгэлийг оруулжээ. Гуравдугаар бүлэгт түүний тухай нөхдийнх нь, хамт ажиллаж байсан хүмүүсийнх нь дурсамж өгүүллийг, төгсгөлд нь түүний ажил амьдралын түүхийг харуулсан гэрэл зургийг багтаасан байна. Тус эзэн Г.Төмөрбаатар гуайн ууган охин Т.Бат-Өлзий:-”Хүн бүхэн эцэг, эхээ дурсан, мөнхжүүлэхдээ төрөл бүрийн аргыг хэрэглэдэг. Зарим нь суварга босгосон байдаг. Бидний хувьд аавдаа зориулан номын суварга босголоо. Миний аав төр, нийгмийн нэртэй зүтгэлтэн төдийгүй их бичгийн хүн байсан. Бид бага залуу байсан болохоор аавыгаа тийм ч сайн ойлгож, мэдрээгүй явж. Миний аав их хөдөлмөрч, өргөн дэлгэр мэдлэгтэй, өндөр боловсролтой байсан төдийгүй яруу найрагч хүн байснаар нь бахархаж байна. Үр хүүхэд бидэндээ түшигтэй, асар ихийг мэдрүүлсэн өгөөжтэй буянтан хүн байлаа” хэмээн дурссан юм. Ууган охиных нь санаачлан бий болгосон номын суваргын үйл ажиллагаанд түүний хань УИХ-ын дарга З.Энхболд, түүний ангийн найз УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, аймгийн удирдлагууд, Г.Төмөрбаатар агсны хань Б.Шамаар, хүүхдүүд нь, Г.Төмөрбаатар агсаны үед хамт ажиллаж байсан ахмадуудын төлөөлөл оролцлоо.

 

Сүхбаатар хотод нэрэмжит гудамж нэгээр нэмэгдэв