m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.18 09:17
172
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын мянгат малчид нийслэлд ирлээ

"Мянгат малчдын холбоо" ТББ-аас зохион байгуулж буй Мянгат малчдын анхдугаар их хуралд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын сайн малчид сумын Засаг даргын орлогч Л.Төрмөнхийн хамтаар хүрэлцэн ирсэн бөгөөд тэднийг Нийслэл дэх нутгийн зөвлөлийн дарга Ч.Даваабаяр хүлээн авч уулзлаа.

Мал маллах арга ухаанаараа тэргүүлэн, олон тоо толгой малыг өсгөж үржүүлэхийн зэрэгцээ залуу малчдад өөрсдийн арга ухаанаасаа зааж сурган, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон бүтээлч ажлуудыг хийж, нутаг орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж яваа эдгээр малчдын төлөөлөлтэй бид уулзсан юм.

Сумын Засаг даргын орлогч Л.Төрмөнх

-Бид арван малчны бүрэлдэхүүнтэйгээр энэхүү их хуралдаа оролцохоор хүрэлцэн ирээд байна. Малчдын амьдрал, ирээдүйг харж тэднийхээ дуу хоолойг төр засагтаа хүргэхээр энэхүү их хурлыг зохион байгуулж байгаад нь бид маш их баяртай байгаа. Их хурлын үеэр малчдынхаа дотроос хүндэт профессор цолыг олгох, мал маллах арга ухааныг түүвэрлэн ном болгож хэвлүүлэх зэрэг олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Манай сумын хувьд улсын сайн малчин 22 жилийн дараа энэ жил дахин шинээр төрсөн. Мөн 2012 оноос хойш жил бүр аймгийн сайн малчин хоёроор нэмэгдэж байгаа нь манай сумын малчдын ур чадвар дээшилж, орчин цагтайгаа хөл нийлүүлж, зөвхөн малынхаа тоог өсгөх гэхээсээ чанартай сүрэг өсгөх тал дээр илүү анхаардаг болсныг харуулж байгаа юм. Баруунбаян-Улаан сум нийт 500 гаруй малчин өрхтэй. Одоогоор 50 гаруй мянган төл хүлээж авснаас бойжилт 91 хувьтай байна.

II багийн мянгат малчин Л.Чимэдцэрэн

-Энэ их хуралд оролцож байгаадаа өөрийн зүгээс маш их баяртай байна. Миний хувьд 1979 оноос хойш өнөөг хүртэл насаараа мал маллаж байна. Энэ жил би 400 орчим төл хүлээн авлаа. Энэ олон жил мал малласны хувьд залуустаа хандан "Залуус минь малаа хариулахдаа морио унаж яваарай. Малаа техникээр битгий хариулаарай" гэж хэлмээр байна даа.

 Улсын сайн малчин Д.Хүрэл

-Нутагт маань нэлээд гантай тавдугаар сарыг өнгөрөөж саяхан зунтай золгоод байна. Төлөө мэнд бүрэн хүлээж авлаа. Энэ их хуралд олон малтай гэхээсээ илүү мал маллах арга туршлага ихтэй малчид хуралдаж, арга туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ малчид бидэнд хэрэгтэй олон сайхан шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байгаа. Миний хувьд мянгат малчин бүр 1-2 туслах малчинтай байдаг. Эдгээр туслах малчдын цалин хөлсний жишиг үнийг албан ёсоор тогтоож, зохицуулалт хийж өгөөсэй гэдэг хүсэлтээ уламжилна. Тэгвэл иргэд Оюутолгой, Таван толгой явдаг шиг хөдөө гарч туслах малчин хийвэл ирэхдээ тэдэн төгрөгтэй болчихоод ирэх юм байна гэсэн тооцоон дээрээс мал маллах сонирхол нь нэмэгдэх болов уу гэж бодох юм. 

Ийнхүү малчид маань нийслэл хотдоо чуулж, өөрсдөдөө тулгараад байгаа олон асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцохын зэрэгцээ, малч арга ухаанаасаа хуваалцах нь ээ.