m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.20 05:17
170
Ч.Жаргалсайхан: Дугаарын хязгаарлалтыг цуцалж өөр арга хэлбэрийг сонгох хэрэгтэй

Улаанбаатар хот дахь Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайханыг "Масс зочин" буландаа урилаа.

-Замын хөдөлгөөний тухай шинэ хуулийн төсөлд олон асуудлыг шийдвэрлэсэн зүйл заалтыг тусгаж өгсөн байх. Үүнээс хамгийн чухал зүйл заалтуудын талаар яриагаа эхэлье?

-Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш өөрчлөлт ороогүй. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс үндэслэн цаг үеэсээ шалтгаалж өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлага гарч ирлээ. Сүүлийн жилүүдэд зам тээврийн осолтой тэмцэх асуудал дээр улс орон бүр өөрийн тодорхой зорилт тавьж байна. Манай улсын хувьд ч зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтыг бууруулахын тулд дорвитой ажлыг хийх ёстой. Үүнийг зөвхөн жолооч сахилгатай, цагдаа нь ажлаа хийлээ гээд шийдчих асуудал биш. Бүх хүмүүсийн хариуцлагыг өндөржүүлж байж үр дүнд хүрнэ.  Өөрсдийн хийснийг бусад оронтой харьцуулаад харахад бага.      

 Үүнийг зөвхөн жолооч сахилгатай, цагдаа нь ажлаа хийлээ гээд шийдчих асуудал биш.

Бүтээн байгуулалт, барилга зам барих ажил хийхдээ хөдөлгөөний зохицуулалтыг орхигдуулж болохгүй. Үүний цаана осол эндэгдлийн тоо буурахгүй байна. Нэг жилд 650 орчих хүн нас барна гэдэг нь манай хүн ам цөөтэй улсын хувьд байж болшгүй тоон үзүүлэлт.

-Үнэхээр харамсмаар тоо байдаг шүү. Цаг бусаар нас барсан хүний тоог сардаа хуваахаар 54 хүн бурхны оронд одоод байна гэсэн үг?

-Тийм шүү, үнэхээр харамсалтай Бид нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах ёстой. Энэ хуулийн гол асуудал бол хариуцлагын тухай илүү тусгаж өгсөн. Ялангуяа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр хэн ямар үүрэг, хариуцлагыг хүлээх тал дээр ажил хийх хэрэгтэй. Хөдөлгөөний аюулгүй байдлыг улсын тодорхой нэг байгууллага хариуцаж ажиллаад байхад болно гэдэг ойлголтоор биш Ерөнхий сайд, хууль тогтоогчид, Засаг дарга, Төрийн болон ТББ-ууд бүгд энэ ажилд тодорхой үүрэг, зорилготой оролцох хэрэгтэй.  Шинэ хуулийн гол үзэл баримтлал гарч ирнэ гэж ойлгож байгаа.

-Та салбартаа ажиллаад удаж байна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд ямар ажлыг зохион байгуулж ажиллавал зам тээврийн осол буурах талаар хэлэх санал, хийх ажил их байгаа байх?

-Ялангуяа авто замын асуудал, хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын сахилга хариуцлагын талаас харж тодорхой ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Хариуцлагын тогтолцоон дээр эзэн биетэй болгомоор багйаа юм. Жишээлбэл, хүүхэд зам тээврийн осолд өртөх нь их. Үүнийг бууруулахын тулд хэн хариуцах, харгалзах хүнгүйгээр хэдэн настай хүүхэд замын хөдөлгөөнд оролцох, явганаар болон тээврийн хэрэгслээр зорчихдоо хэрхэн оролцоход ямар дүрмийг баримтлахыг энэ хуулиар тодорхой болгох хэрэгтэй. Түүнээс биш тунхагийн чанартай хууль, дүрэм бидэнд хэрэггүй. Хуулийн зүйл заалтыг ойлгомжтой, хэрэгжих чадамжтай болгох талаас зохион байгуулах нь зүйтэй.

Түүнээс биш тунхагийн чанартай хууль, дүрэм бидэнд хэрэггүй.

-Согтууруулах ундаа хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон жолоочид хүлээлгэх хариуцлага сул байх шиг санагддаг. Одоо мөрдөгдөж байгаа хуультай харьцуулаад үзэхэд ямар байна вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох асуудал  бидний анхаарлын төвд байх ёстой зүйл. Тээврийн хэрэгсэл жолоодоод явж байгаа хүн шаардлагатай үед арга хэмжээ авах чадамжтай байх хэрэгтэй. Гэтэл согтууруулах ундаа хэрэглэчихээд яваад байх юм. Ялангуяа согтуугаар тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох байдал манай улсад хэрээс хэтэрлээ.  Шинэ хуулинд одоогийн байгаа байдлаас арай чангатгасан бодлого чиглэлээр орно гэж найдаж байгаа. Тухайлбал, согтуу жолоочийн эрхийг хасаад өнгөрөх биш, эдийн засгийн асуудлыг тусгах хэрэгтэй. Үүнээс гадна мансууралтай холбоотой асуудал тусгагдана.

 

-Та ядарсан үедээ жолоодох нь аюултай гэж хэллээ. Ядарсан хүн гэж хэнийг хэлэх вэ. Үүнийг хуулиар нарийвчлан заах боломжтой байх.

-Тээврийн хэрэгсэл жолоодох цаг хугацаа гэж байдаг. Нийтийн тээврийн хэрэгслийн жолоочийг мөнгө олохын тулд олон цагаар явуулаад байж болохгүй. Замын хөдөлгөөнд оролцох хүний чадамж гэж хөдөлмөрийн хуулиар ч зааж өгсөн байдаг. Хувийн автомашинтай жолооч нарт мөн адил хамаатай. Энэ хуулийг гаргахдаа олон талаас, хохирол зэргийг нарийн тооцоолж гаргах хэрэгтэй. 

Нийтийн тээврийн хэрэгслийн жолоочийг мөнгө олохын тулд олон цагаар явуулаад байж болохгүй.

-Хөдөө орон нутгийн замд ноцтой зам тээврийн осол гарах хандлага ихэслээ. Өнгөрсөн онтой харьцуулаад харахад 10 гаруй хувиар өссөн байна. Энэ ослыг бууруулах ямар боломж байгаа вэ?

-Зам тээврийн ослоор дөрвөн хүн нас барлаа гэхэд гурав нь хөдөө орон нутгийн замд осолдсон байна. Ослын шалтгаан нь хурд хэтрүүлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, зогсолт зогсоолын дүрэм зөрчсөн, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байдаг. Орон нутгийн замд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Орон нутгийн замд дундаж хурдыг тооцоолох арга байдаг. Мөн орчин үеийн техник хэрэгсэл болох  камер, GPS-ээр хянаж болно.  Хот хоорондын тээврийн хэрэгсэлд GPS суулгасан учраас жолооч хурд хэтрүүлсэн тохиолдолд сануулга өгөх зарчмаар ажилладаг.

Орон нутгийн замд дундаж хурдыг тооцоолох арга байдаг. 

-Жолооч нар зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг орхиж зугтах тохиолдог байдаг. Осол гаргасан ч гэсэн тухайн жолоочийн буруу биш байх талтай шүү дээ?

-Зам тээврийн ослын газрыг орхино гэдэг бол гэм буруутайд тооцогдох үндэслэл болдог. Осол хэрэг гаргачихаад өөрийгөө буруутай гэж ойлгоод хэргийн газрыг орхиж зугтдаг. Гэтэл хууль хяналтын байгууллагын шалгалтын явцад хэргийн газрыг орхиогүй бол гэм буруугүй байх жишээтэй. Зам тээврийн осол санамсаргүй байдлаар үйлдэгддэг. Тийм учраас хүмүүс хууль хяналтын байгууллагаар хуулийн дагуу шалгуулах хэрэгтэй.

Зам тээврийн осол санамсаргүй байдлаар үйлдэгддэг.

-Сургуулийн насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөөд байна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд цүнхэнд нь ногоон гэрэлтүүлэгчтэй уут, уулзвар дээр сургуулийн зохицуулагч зогсоод төдийлэн үр дүнд хүрэхгүй байна шүү дээ?

-Хүүхэд гэдэг ойлголтыг бид онцлог байдлаар харах ёстой. Энэ өөрөө хуулийн этгээд биш гэнэн, болгоомжгүй хүмүүсийг замын хөдөлгөөнд оролцуулах тал дээр бүх байгууллагууд анхаарч ажиллах хэрэгтэй. Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс бүрэн сэргийлж чаддаг улс орнууд байна. Жишээлбэл, хүүхдүүдийг музей үзүүлэхээр болсон тохиолдолд бүтэн баг ажилладаг. Зарим тохиолдолд цагдаагийн хамгаалалт хүртэл явдаг жишээтэй. Бүх алхам бүрийг хяналттай байлгаснаар хүүхдийг  100 хувь зам тээврийн ослоос сэргийлж болно.

Бүх алхам бүрийг хяналттай байлгаснаар хүүхдийг  100 хувь зам тээврийн ослоос сэргийлж болно.

-Тээврийн хэрэгслийн тоо жил бүр нэмэгдээд байна. Замын хөдөлгөөнийг зохицуулах тал дээр дугаарын хязгаарлалт хийх болсон. Цаашид энэ байдлаараа яваад байх уу, эсвэл өөр арга замыг сонгох нь зөв бэ?

-Нийслэл хотод 2012 онд 120 мянган автомашин нэмэгдсэн байдаг. Тэр үеийн байдлыг өнөөдөртэй харьцуулахад арай өөр болсон. Нилээн хэдэн автозамуудыг өргөтгөж шинэчилж эхэлсэн. Дүүргүүд, уулзварыг холбосон шинэ замууд баригдлаа. Энэ нь тэр үеийн 120 мянган автомашины ачааллыг даахаар болоод ирлээ.  Гэсэн ч автомашины тоо жил бүр 70-80 мянгаар нэмэгдэж байна. Дугаарын хязгаарлалт авч байсан арга хэмжээ өнөөдөр үр дүнгээ өгөхөд бэрх боллоо. Автомашины өсөлтийн хурдыг гүйцэхгүй байна.  Одоо  энэ дугаарын хязгаарлалтыг цуцалж өөр арга хэлбэрийг сонгох хэрэгтэй. Бусад оронд эдийн засагтай холбож зохицуулдаг арга байна. Нийтийн тээврийн салбарыг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бодлогыг хот авч явах ёстой. Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмээд, илүү хурдтай зорчих боломжийг хангаад өгвөл хэн ч түгжрэл дунд яваад байхыг хүсэхгүй шүү дээ.

Дугаарын хязгаарлалт авч байсан арга хэмжээ өнөөдөр үр дүнгээ өгөхөд бэрх боллоо.

-Энэ жил нийслэл хотод хэд хэдэн зам засварын ажлыг хийж байна. Цагдаагийн байгууллага ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

-Нийслэл хотын төв хэсгийн засварын ажлууд хийгдээд  дууссан. Одоо тойрсон замуудын холболтын ажлыг хийж байна. Энэ жилийн хувьд зуслангийн, гачууртын, сонсголонгийн замуудын засварын ажил байна. Эдгээр засваруудыг хийгээд дуусахад  замын ачаалал багасаад ирнэ. Цагдаагийн байгууллагын зүгээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үргэлжүүүлэх байдлыг хангаж ажиллаж байна. Мөн иргэдэд мэдээлэл хүргэх нь хамгийн чухал. Энэ чиглэлээр тухайн барилгын компанид шаардлага тавьж ажилладаг. Одоогийн байдлаар цаг хугацаанаасаа хойшилсон тохиолдол гараагүй ажил графикийн дагуу амжилттай явж байна. Жишээлбэл, төв шуудангийн урд талын засварын ажил 2-3 хоногийн өмнө ажлаа дуусгаад энэ сарын 22-нд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байгаа.

Одоогийн байдлаар цаг хугацаанаасаа хойшилсон тохиолдол гараагүй ажил графикийн дагуу амжилттай явж байна. 

-Дараагийн шатанд аль замын хэсгийг хааж засварын ажлыг үргэлжүүлэх вэ?

-Энэ сарын 22-оос Цэцэг төвийн уулзвараас Их дэлгүүр хүртэлх уулзварыг хааж засварын ажлыг эхэлнэ. Энэ ажлыг наадмын өмнө буюу ирэх сарын 9-нд дуусгах төлөвлөгөөтэй байна. Харин наадмын өдрүүдэд засварын ажлыг зогсоож Энхтайваны өргөн чөлөөгөөр тээврийн хэрэгслийг явуулж байгаад наадмын дараа Их дэлгүүрээс Баруун дөрвөн замын уулзварыг хаана.

-Зуслангийн замын завсарын ажил хэр түвшинд явж байна. Туслах зам байхгүй учраас хөдөлгөөнд ямар нэгэн саад бэрхшээл тулгарч байна уу?

-Шадивлан зуслангийн нааш замыг засварлахад хүндрэлтэй байна. Айлууд шахаад буусан учраас зайгаа гаргаад л ажлаа хийж байна. Жигжид, Шаргаморьт чиглэлээс ирж байгаа тээврийн хэрэгслийг зуслангийн зүүн замыг сонгож явуулахаар хөдөлгөөн зохицуулж байна. Одоогийн байдлаар ачаалал хэтэрхий их үүсээгүй ч ачаалал тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Замын хөдөлгөөнөө зохицуулж, иргэдээ бухимдалгүй сайхан наадахад нь дэм болохын төлөө ажиллана.

Замын хөдөлгөөнөө зохицуулж, иргэдээ бухимдалгүй сайхан наадахад нь дэм болохын төлөө ажиллана.

-Баяр наадмын үеэр замын ажлыг хэрхэн зохион байгуулж ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Наадмын үеэр бүх засвар хийж байгаа замуудыг нээж хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлнэ. Хамгийн гол хүндрэл Төв цэнгэлдэх орчмын хөдөлгөөн байдаг. Энэ жил Төв цэнгэлдэхийн ойр орчмын зогсоолыг ашиглах бодол байна. Дүнжингарав, Нарантуул, Мишээл экспо гэсэн томоохон зогсоолтой газруудад тээврийн хэрэгслээ байрлуулаад тэр хооронд үнэгүй автобусаар иргэдэд үйлчлэх боломжтой. Хүй долоо худгийн хувьд хуучин зохион байгуулалтаар ажиллана. Талбайн хувьд дутагдах зүйл бага ч гэсэн нэмэлт өргөтгөл, шинэчлэлт хийж ажиллана.

Энэ жил Төв цэнгэлдэхийн ойр орчмын зогсоолыг ашиглах бодол байна.

Бидний урилгыг хүлээж авч ярилсан танд баярлалаа