m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.22 03:12
169
З.Энхболд: Хөгжлийн коридорт багтсан хөтөлбөрийг хэн ч өөрчлөх эрхгүй

MASS.MN сайтын Лидер булангийн анхны зочноор УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд уригдан оролцлоо.

-Манай сайтын эхлүүлж буй Лидер булангийн анхны зочноор оролцох урилгыг хүлээн авч, ярилцаж буй танд талархал илэрхийлье?

 

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. MASS.MN сайтын хамт олон Монголын манлайлагчдад зориулсан тусгай булан нээж байгаад талархал илэрхийлж, амжилт хүсье.

-Баярлалаа. Ардчилсан нам фракцгүй болоод багагүй хугацаа өнгөрлөө. Намын даргын хувьд эерэг болоод сөрөг талыг та хэрхэн харж байна вэ?

-Фракцгүй болъё гэсэн санал нь жирийн гишүүдийн хүсэл байсан учир ямар нэгэн сөрөг үр дагавар байхгүй. Ардчилсан нам нэг зүгт харж, нэг зорилгын дор ажиллаж байна. Жилийн дараа сонгууль болох гэж байхад фракцын талаар ярьж, марган суух нь утгагүй асуудал. Ямар нэгэн сөрөг үр дагавар байхгүй.

-Монгол Улсын хөгжлийн гарцыг хүн бүр өөр өөрөөр хардаг. Та төрийн түшээгээр олон жил ажиллаж байгаа болохоор хөгжлийн гарцын талаар нэгийг бодож явдагт эргэлзэх зүйл алга. Ямар салбараа түшиж, хэрхэн хөгжих ёстой гэж боддог вэ?

Жилийн дараа сонгууль болох гэж байхад фракцын талаар ярьж, марган суух нь утгагүй асуудал. Ямар нэгэн сөрөг үр дагавар байхгүй.

-Монгол Улсын хөгжлийн гарцыг 2010 онд гаргасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид маш тодорхой зааж өгсөн байгаа. Монгол Улс уул уурхайн салбараасаа мөнгө олно. Олсон мөнгөөрөө эрүүл мэнд, боловсрол болон бусад салбараа хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл олсон мөнгөөрөө уул уурхайн бус экспорт хийж буй салбаруудаа дэмжин хөгжих юм. Эхний ээлжинд хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг дэмжсэн. Цаашид  ч монголчуудын унаган аж ахуй гэж хэлж болох хөдөө аж ахуйн чиглэлдээ түлхүү анхаарч, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Монголын мал 50 саяд хүрлээ. Энэ их малаас гарч буй бүх зүйлийг боловсруулж, ашиглахад анхаарахгүй байх аргагүй. Бид олон зүйлийг хийж чаддаг, тэр ч бүү хэл хилийн чанадад гаргадаг байлаа. Нэг хэсэг уналтанд орсон ч одоо сэргэж эхэлсэн. Хүнд, хөнгөн үйлдвэрээ хөгжүүлээд уул уурхайн салбарын оруулж буй орлоготой дүйцэх хэмжээний мөнгө олох бүрэн боломжтой гэдэг нь харагддаг.

-Аливаа улс оронд хөгжлийн стратеги төлөвлөгөө буюу хөгжлийн коридор гэж байх ёстой гэдгийг та байнга ярьдаг, ажил хэрэг болгодог. УИХ-д суудалтай намууд энэ бодлогод  нэгдсэн нь сайшаалтай?

-УИХ-д суудалтай намуудын нэгдсэн зүйл бол хөгжлийн коридор юм. Ямар ч нам сонгуульд ялсан , юу ч хийсэн энэ хөгжлийн коридортоо багтсан мөрийн хөтөлбөр боловсруулж, ажлаа хийх ёстой гэдэгтэй санал нийлсэн.

-Энэ ажил хэр ахицтай байна вэ. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль батлахаар Ажлын хэсэг гарсан гэсэн?

-Гурван бүлгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан. Эхний ээлжинд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиа батлана. Дараа нь энэ ондоо багтааж Хөгжлийн зорилтын тухай хуулийг гаргана. Ондоо багтааж баталж буй нь учиртай. Ирэх жилийн сонгуульд намууд энэ хуулийн дагуу, хөгжлийн коридортоо багтсан мөрийн хөтөлбөрөө гаргах учиртай юм. Энэ хуулийн л дагуу явна, илүү гаргахгүй, олон зүйл амлахгүй. Тодорхой зорилго Монгол Улс тавина. Энэ зорилгодоо хүрч, хэрхэн биелүүлэх талаар ярихаас биш би тийм зүйл хийнэ, манай нам ийм ажил хийнэ гэж хамаагүй зүйл амлахгүй, ярихгүй. Өөрчлөх эрх хэнд ч байхгүй. Үүнийг хуулиар зохицуулна.

-Бүтэх , бүтэхгүй олон зүйл амалдаг жишиг энэ хууль батлагдсанаар үгүй болох нь. Чухал ажил болох юм байна?

-Тийм ээ. Хөгжлийн коридортоо багтсан ажлаа хийх нь хөгжлийн зөв гарц юм.

-Сонгууль дөхөөд ирэхээр эрх баригчид Сонгуулийн хуулийг өөрчлөх гэж хичээдэг гэмтэй. Нэг талдаа сайжруулж байгаа мэт боловч нөгөө талдаа намдаа тохирсон хууль гаргадаг гэх шүүмжлэлийг дагуулдаг. УИХ-ын сонгууль болоход бага хугацаа үлдлээ. Та ямар системээр сонгууль явуулах нь Монголын хувьд зохимжтой гэж харж байна вэ?

-2012 онд сонгуулийн холимог системийг бид сонгосон. Энэ системээр ирэх жилийн сонгууль явна.

-Нэр дэвшигчид хамгийн багадаа 50 сая төгрөг намдаа хандивладаг. Мөнгө өгсөн хүнийг албан тушаалд томилохоос өөр аргагүй байдалд хүрдэг жишиг Монголын төрд нүүрлээд удаж байна. Энэ нь төрийг хүчгүй, сульдаа болгодог. Үүнийг өөрчлөх ямар арга замыг та харж байна вэ?

-Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан нам нэр дэвшигчдээс нэг ч төгрөг авахгүй. УИХ, Иргэдийн төлөөлөгчид, аймаг сумын даргын ямар ч сонгуульд мөнгө авахгүй. Харин эсрэгээр тэдний ажилд тусалж, сонгуулийн ажлыг зохион байгуулахад л оролцоно.

-Тэгвэл нэр дэвшигчид өөрсдөө мөнгөө гаргана гэсэн үг үү?

-Хуульд заасан байгаа. Ямар журмаар хэрхэн хандив авах талаар заалт бий. Хориглосон, зөвшөөрсөн заалтууд тодорхой. Тэр заалтын дагуу хандиваа авч сонгуульд оролцоно.

-Таныг “Монел” компанид ажиллаж байсан гэдгийг хүмүүс мэднэ. Залуу техникчдийн ордны үйл ажиллагааг сэргээх, мэдлэг чадвартай инженер бэлтгэхэд та анхаарал тавьж буй нь сайшаалтай. Монголын ирээдүйн хөгжилд инженерүүд онцгой үүрэгтэй гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна?

-Монголыг чадвартай инженерүүд аварна гэдэгтэй санал зөрөх хүн үгүй л болов уу. Бусад мэргэжлийг дорд үзэж байгаа хэрэг биш л дээ. Монголчууд бүтээдэг байх хэрэгтэй. Бид нэг газраас худалдан аваад нөгөө хэсэгтээ зардаг байхаа больсон. Монгол хүний оюун ухаан, ур чадвараар урласан хувцас, гутал, ган, барилгын материал гэх мэт олон зүйлийг бүтээж түүнийгээ ашигладаг болмоор байгаа юм. Тэр зүйлийг шилдэг инженерүүд  л хийнэ. Би “Монел” компанийн зохион бүтээх товчоонд ажиллаж байсан. Шинээр юу хийж болох талаар судалдаг байсан гэсэн үг.

2012 онд сонгуулийн холимог системийг бид сонгосон. Энэ системээр ирэх жилийн сонгууль явна.

-Интернэтийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдсээр дата хэрэглэдэггүй хүн гэж бараг үгүй болж. Хэрэглэгчид олон байх тусам үнэ нь хямдрах зах зээлийн зарчим бий. Гэтэл манайд улам л үнээ нэмээд  байх юм. Ухаалаг хэрэглээний таатай орчин, хууль эрх зүйг сайжруулахад төрийн бодлого шаардлагатай байгаа нь харагдаж байна?

-Интернэтийн үнэ өндөр байгаа нь хуулиас болоогүй. Хот хөдөөгийн интернэтийн үнэ удахгүй адил болох боломжтой. Төв суурин газраа үйлчилгээ үзүүлдэг компани олон. Тэр дундаас  үйлчлүүлэгч сонголт хийдэг болохоор  интернэтийн үнэ харьцангуй хямд. Харин хөдөө орон нутагт өндөр байгаа. Энэ ялгааг арилгах чиг үүргийг Засгийн газарт өгсөн. Удахгүй энэ байдал арилж, таатай нөхцөл бүрдэнэ. Улсын төсвөөр олон зуун мянган км шилэн кабель татсан. Энэ кабелийн үр шимийг үзмээр байна. Тэр цаг ойрхон ирсэн.

-Таныг “хатуу самар” гэх нь бий. Аливаа асуудалд ноён нуруу алдахгүй, шударга хандаж чаддагаас ийм нэртэй болсныг үгүйсгэхгүй. Гадаад томилолтоор явахдаа нэг ч сэтгүүлчийн зардал даадаггүй улстөрч таниас өөр мэдэхгүй юм. Нэг талдаа төсвийн мөнгө хэмнэж буй ч нөгөө талдаа төрийн ажлыг түмэнд хүргэх нь хоцрогдох юм шиг санагддаггүй юу?

-Би УИХ-ын дарга болоод төрийн айлчлалд сэтгүүлчдийн зардлыг даадаг практикыг дагахгүй гэдгээ хэлсэн. Тийм мөнгө, зардал ч байхгүй. Бусад хүмүүс яаж болгож буйг мэдэхгүй юм. Төрийн айлчлалыг бүрэн сурвалжилсан бичлэгээ УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба авчраад хамтран ажилладаг, гэрээтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгчихдөг. Ингэснээр төрийн ажил түмэнд саадгүй хүрдэг. УИХ-ын Хэвлэл мэдээллийн албатай гэрээтэй хамтран ажилладаг гэдэг нь тэдэнд мөнгө төлдөг гэсэн үг биш юм. Төсвийн мөнгөнөөс их хэмжээний зардал гаргалгүй ажлаа амжуулах боломж энэ гэж  хардаг учир олон сэтгүүлчийн зардлыг дааж дагуулж явдаггүй. Тухайн хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдөө хүсвэл зардлаа гаргаад сэтгүүлчээ явуулах боломж нээлттэй байгаа.

-Намын даргын хувьд Ардчилсан намын II давалгааг үйлдвэржилт гэж та хэлж байсан. Чингис бондоос зээл авсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай та бямба гариг бүр танилцаж эхэлсэн. Үйл ажиллагаа нь ямар байна, зээлээ эргэн төлөх боломж хэр харагдаж байна вэ?

Огт хийж байгаагүй зүйлээ ч монголчууд хийж байна, чадаж байна.

-Чингис бондоос гадна Засгийн газрын тусгай зориулалтын бонд, хөнгөлттэй зээл, үнэ тогтворжуулах ажлын хүрээнд зээл авсан олон газар бий. Үйлдвэрлэлийг сэргээхэд анхаарч их хэмжээний дэмжлэг үзүүлээд гурван жил болж байна. Үйл ажиллагаатай нь танилцсан компаниуд боломжийн санагдсан. Төмрийн хүдрийн үйлдвэр зогссон ч хүдэр бус ган үйлдвэрлэх боломж бий. Цементээр дотоодын хэрэгцээгээ хангадаг болсон. Арматур импортлох шаардлагагүй боллоо. Энэ мэт сайшаалтай ажил их бий ч засаж залруулах зүйл байгааг үгүйсгэхгүй.

2012 оноос өмнө Монгол Улс Эрээнээс бараа авчраад өндөр үнээр зардаг худалдааны системтэй байсан. Ханш нь ч түүнийг өөгшүүлсэн цаг  үе саяхан. Харин одоо өөрсдөө үйлдвэрлэж байгааг харах сайхан байна. Иргэд маань ч  үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг систем рүү шилжсэн. Эрээний олон дэлгүүрүүд үүдээ барьсныг очоод үзэхэд илүүдэхгүй болов уу. Тэндээс авдаг байсан зүйлээ Монголдоо үйлдвэрлээд эхлэхээр тэд үүдээ барьж байгаа юм. Бид хийж чаддаг олон зүйлээ хийхээ больсон цаг үе бий. Харин одоо эргээд сэргэж байгаа нь сайшаалтай. Огт хийж байгаагүй зүйлээ ч монголчууд хийж байна, чадаж байна. Харин одоо чадаж байгаа зүйлээ гадаад зах зээлд гаргах боломжийг ашиглах шаардлагатай. Япон, ОХУ  гэх мэт олон оронд бараа бүтээгдэхүүн үнэтэй байна. Адил төрлийн бүтээгдэхүүнийг монголчууд үйлдвэрлэж байгаа учир арай хямдаар нийлүүлээд орлогоо нэмэгдүүлэх боломж бий.

 Би танай хамт олны бэлтгэсэн нэвтрүүлгийг үзээд ийм зүйлийг авъя, хаана борлуулж байгаа бол гэсэн сэдэл төрж, хэрэглэж эхэлсэн

-Масс агентлагийн хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийг монголчууд сайн мэдэх болсон. Энэ төсөл мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих туйлын зорилготой. Та төслийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Танай хамт олныг энэ төслөө эхлүүлэхээс өмнө монголчууд бие биенээ ямар бараа, бүтээгдэхүүн хийдэг гэдгийг мэддэггүй байж.  Монгол хүн хийж чадахгүй, Монголд байхгүй гээд л Эрээнээс очоод аваад байсан. Харин одоо хэн, хаана юу хийж буйг Масс агентлагийн хамт олон хэвлэл мэдээллийнхээ бүх сувгаар сурталчилаад өгөхөөр хоорондоо холбоо тогтоон, бие биенийхээ бараа бүтээгдэхүүнийг авч эхэлсэн. Энэ төсөл төрөөс нэг ч төгрөгийн тусламж дэмжлэггүйгээр явж байгаад үнэхээр талархаж байна. Би танай хамт олны бэлтгэсэн нэвтрүүлгийг үзээд ийм зүйлийг авъя, хаана борлуулж байгаа бол гэсэн сэдэл төрж, хэрэглэж эхэлсэн. Үзсэн хүн бүхэнд ийм бодол төрдөг байх. Энэ нь л хамгийн чухал. Монгол хүн ийм зүйл хийж чадаж байна хэмээн бахархах тохиолдол ч олон бий. Танай хамт олонд баяр хүргэе.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд улам их амжилт хүсье?

-Баярлалаа. Танай хамт олон үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаад дахин талархал илэрхийлж, ажилд нь амжилт хүсье.