m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.25 04:43
77
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас халалгүй цалингаас нь хасжээ

Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах явцад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нь 2014 онд өөртөө удаа дараа 5 522 304 төгрөгийн урамшуулал, 3 125 154 төгрөгийн илүү цагийн хөлсийг тус тус олгож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...өөрийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргахыг хориглоно”, мөн хуулийн 8.1-д заасны дагуу “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн Мэдэгдэл” гаргах үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчлийг удаа дараа гаргасныг тогтоосон байна. 

Дээрх зөрчлийн дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу “нийтийн албанаас халах” хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас албан бичгийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хүргүүлсэн юм.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нь Д.Нямхүүд гурван сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан талаар хариу ирүүлсэн байна.