m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.25 04:49
68
Хүүхэд харах үйлчилгээний хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан байсан юм. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт "Уг хуулийн төслийг МАН-ынхан дэмжихгүй гэж хэлээгүй. Харин боловсронгуй болгож, стандартыг нь сайжруулах шаардлагатай гэсэн.  Гэтэл МАН-ынхан үүнийг дэмжихгүй байгаа юм шиг мэдээлэл цацаж байна" гэлээ. Харин эмэгтэй гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг дэмжих шаардлага байна гэдгийг хэлж буй.

Байнгын хорооны саналаар “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна”. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх бол хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар нь 15-аас илүүгүй байх аж. Мөн хүүхэд харах үйлчилгээг суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулахаар болж байна. Түүнчлэн “Эмчийн болон эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд эм бэлдмэл уулгах, тариа тариулахыг хориглоно”, “Хүүхэд харагч нь хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны аливаа хүчирхийлэл, дарамт шахапт үзүүлэх зэрэг шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно” гэсэн саналыг гишүүд дэмжсэн юм.

Тус байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 39, найруулгын шинжтэй 11 санал гаргасныг санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.