m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.25 06:17
60
Ерөнхий сайд “Жи Пи Морган” банкны төлөөлөгчидтэй уулзлаа

АНУ-д ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Жи Пи Морган” банкны Засгийн газартай хамтын ажиллагаа хариуцсан захирал Дайнел Силиконтой уулзлаа. “Жи Пи Морган” банк бол АНУ-ын анхны томоохон арилжааны  банкуудын нэг юм.

Хөрөнгө оруулалт ялангуяа, бондын зах зээл дээр голлох үүрэгтэй тус банк манай улстай Чингис бондыг гаргахад хамтарч ажилласан бөгөөд Хөгжлийн банкны рейтингийг тогтооход зөвлөгөө өгч ажилласан. 

Ерөнхий сайд тус банктай хамтран ажилласан үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид олон тодорхой асуудлууд дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын сан, ноолуурын салбарын санхүүжилтын асуудлыг АНУ-ын санхүүгийн байгууллагуудтай хамтарч шийдвэрлэх талаар санал солилцлоо.

АНУ нь дэлхийн хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болдог. Тиймээс талууд Монгол улсад гадны тэр дундаа АНУ-аас их хэмжээний хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар ярилцлаа. Тодруулбал, хөрөнгө оруулалтын сан хамтарч байгуулах, АНУ-ын төрийн зарим санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх санхүүжилт, хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкны зүгээс босгох гээд цаашдын хамтын ажиллагаа ирээдүйтэй харагдаж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцолсон юм. “Жи Пи Морган” банк нь дэд бүтэц, уул уурхай болон ноолуур зэрэг бусад салбарт хөрөнгө оруулахыг сонирхож буй юм байна. “Жи Пи Морган” банкны захирал  Дайнел Силикон манай улсад тус банкнаас шууд болон шууд бус, бондын хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо илэрхийлж байлаа.