m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.25 07:12
62
Хурдын замын бүтээн байгуулалтад "СССС" компанитай хамтарна

Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах томоохон бүтээн байгуулалт бол яах аргагүй хурдны зам юм. “Чингисийн” хэмээн нэрлэгдсэн энэхүү хурдны замын бүтээн байгуулалтын ажил шуудрах шатандаа орж байна. 

"Чингис Лэнд Девелопмент" Групп өөрсдөө мөнгөө босгоод, дотоодын компаниудыг , Монгол инженер, зам барилгын ажилчидыг энэ том мега төсөлд татан оруулж байгаа билээ.  Өнгөрсөн хугацаанд Орос, Англи, Итали, Испани, Хятад, Япон зэрэг олон орны туршлагатай компаниудтай хамтарч зураг төсөл, геотехник, суурь судалгаа болон ТЭЗҮ зэрэг ажлаа гүйцэтгээд буй.

Харин өнөөдөр БНХАУ-ын урдаа барьдаг, дэлхийд бүтээн байгуулалтаараа эхний тавдугаар байрт жагссан "СССС" компанитай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Яг одоогоор 50 гаруй салбар компанитай 97 оронд 175 орчим салбар нэгжтэй болж чадсан "СССС" компани “Чингисийн зам” –ын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байгаа нь дэвшил бас боломж юм.

Үндэсний хэмжээний хамгийн том бүтээн байгуулалт болох хурдны зам нь хоёр урсгал, зургаан эгнээ байна. Энэ замын хучилтын хийц, чанар, даац гээд бүхнийг нарийвчлан тооцож, мэргэжлийн болон аргазүйн зөвлөгөө өгөх компани нь СССС компани байх нь  мэргэжилтнүүдэд итгэл найдвар төрүүлж байгааг хэлэх байна.  Ер нь ийм чадварлаг, улс орондоо төдийгүй дэлхийн тавцанд нэрээ гаргаж чадсан компани мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа өгснөөр Монгол инженерүүдийн ур чадвар дээшилж, туршлагажих нь гарцаагүй.  Ингэж гэмээ нь  бид цааш цаашдын томоохон бүтээн байгуулалтаа олон улсын стандартад нийцүүлж,  зам,  замын байгууламжийг чанартай барих ур чадварт суралцах юм.

СССС компанийн тухай хэлэх үг!

Хятадын Зам тээврийн яамны гадаад харилцааны хэлтсийг өөрчлөн төрийн өмчит СССС компанийг байгуулсан байдаг.  Энэ цагаас хойш тус компани нь гадаад орны зах зээлд бүтээн байгуулалт хийдэг тус улсын хамгийн том групп компани болох үүд хаалга нь нээгджээ. Энэ компани нь 1963 онд манай улсад Энхтайваны гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг хариуцан барьж байсан түүхтэй.  Энэ утгаараа хурдны замын бүтээн байгуулалтад олон том гүүрүүд багтсан учраас СССС компанийг онилсон хэмээн Чингис Лэнд Девелопмент Группийнхэн хэлж байв.  Ер нь бол Орхон, Туул голууд дээр 2 км хүртэл урттай асар том, татлагат гүүр баригдахаар зураг төсөлд тусгагджээ. 

“Чингисийн зам” –аар сүнгэнэх нь мөрөөдөл биш!

Аль хэдийн дэлхийд данстай болж чадсан урьд хөршийн урьдаа барьдаг томоохон компани болох СССС-ийнхэн хурдны замын төсөл дээр гар бие оролцохоор боллоо. Өдгөө “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны авто замын төслийн зам барилгын ажлын байгаль орчны болон геотехникийн судалгааны ажлууд ч дууссан. Авто замын трассаа баталж, техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, геологи, геодези, гидрогеологийн өрөмдлөг, суурь судалгааны ажлаа хийж гүйцэтгээд байна. Одоо замын зураг төсөл боловсруулах ажлыг олон улсын стандартад нийцсэн байдлаар боловсруулан хүлээлгэн өгөхөөр Чингис Лэнд Девелопмент Группийн салбар компани болох “Чингис Сивил Инженеринг” ХХК ажиллаж байна.  Монголчууд ярьдаг биш хийдэг, бүтээдэг болохыг 2018 онд ашиглалтад орох хурдны зам батална. Бид тун удахгүй Ази , Ёвропыг холбосон хурдны замаар давхиж, чанартай гүүрэн дээгүүр давхина. Зам дагаж хөгжил ирнэ.