m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.25 08:33
82
БНБУ-ын Аж үйлдвэрийн дэд сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Д.Лүндээжанцан өнөөдөр /2015.06.25/ Беларусь, Монголын Засгийн газар хоорондын комиссын беларусийн хэсгийн дарга, Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородников тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэлээ.

Тэрээр, Беларусийн тал Монгол Улсад 2014 оны 6 дугаар сард Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдолтой үйл явдал болсон, энэ нь хоёр талын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх гол үндэс гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд УИХ-ын зүгээс анхаарч, энэ оны 6 дугаар сарын 12-нд Монгол-Беларусийн парламентын бүлэг байгуулсныг тэрээр дуулгалаа. 

Беларусь, Монголын Засгийн газар хоорондын комиссын беларусийн хэсгийн дарга А.С.Огородников хэлэхдээ, Бүгд Найрамдах Беларусь Улс, Монгол Улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 2012 оноос эрчимтэй хөгжиж ирснийг дурдав. Энэ нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичын 2013 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсний үр дүн юм гэж онцлов. Мөн тэрээр, маргааш /2016.06.26/ Улаанбаатар хотноо зохиогдох Беларусь, Монголын Засгийн газар хоорондын комиссын гуравдугаар хуралдааны ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулав. 

Уулзалтад Улсын Их Хурал дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Энхболд, З.Баянсэлэнгэ, Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн дарга, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурной болон бусад албаны хүмүүс байлцлаа.