m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 04:52
174
П.Тогтохбаяр: “Алтанбулаг” чөлөөт бүсэд газрын маргаан их байдаг

“Алтанбулаг-2015, Эдийн засгийн чуулга уулзалт”өнөөдөр МҮХАҮТ-ын танхимд үргэлжилж байна. Тус чуулганыг Аж үйлдвэрийн яам, МХАҮТ , "Алтанбулаг" чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй. Чуулганы зорилго нь “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн өнөөгийн байдал, үйл ажиллагаа, цаашдын хөгжил, хууль эрх зүйн орчин, шинээр гарч буй дүрэм журам, татварын орчин,хорио цээр, эрүүл ахуйн хяналт зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Энэ үер тус чуулганд оролцож буй төлөөлөгчид ”Алтанбулаг”-ийн чөлөөт бүсийн дэд бүтцийг яаралтай сайжруулах шаардлагатайг онцолж байв. Энэ үеэр чуулганд оролцож байгаа холбогдох албаны хүмүүсээс дараах тодруулыг авлаа.

“Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр: “Алтанбулаг” чөлөөт бүсэд газрын маргаан их байдаг

- “Алтанбулаг”-ийн чөлөөт бүсэд тулгамдаж байгаа ямар асуудал байна?

- Бидэнд  дутуу орхигдсон дэд бүтцийн ажил байгаа. Энэ жилдээ багтаж дэд бүтцийн асуудлаа шийдэхээр төлввлөж байгаа бөгөөд ингэснээр давуу байдал үүснэ. Мөн “Алтанбулаг” чөлөөт бүсэд газрын маргаан их байдаг.  Харин Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат шинэ журам баталж, төслөө сонгон шалгаруулж, хөрөнгө оруулалт хийх гэж буй аж ахуй нэгжүүдэд тодорхой шалгуур тавьдаг системд шилжсэн нь сайшаалтай.  

- Одоогоор “Алтанбулаг” чөлөөт бүсэд газар авсан хичнээн аж ахуй нэгж байгаа вэ. Хэд нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна?

- “Алтанбулаг” чөлөөт бүсэд 20 орчим аж ахуй нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Нийт 170 аж ахуй нэгж бүртгэлтэй байдгаас тав нь гадаадын, үлдсэн нь дотоодын аж ахуй нэгжүүд юм.  

- Өнөөдрийн чуулганаар "Алтанбулаг"чөлөөт бүсийг хөгжүүлэхэд ямар гарц байгааг зөвлөлдөж байна. Энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?

- Чөлөөт бүс рүү ороход гаалийн болон мэргэжлийн хяналтын шалгалт ямар байх талаар зөвлөлдөж байна. Мөн татварын ямар орчныг бүрдүүлэх вэ гэсэн асуудлыг журмаар болон гэрээгээр зохицуулж өгөхөөр хэлэлцлээ. Түүнчлэн “Алтанбулаг” чөлөөт бүсийн өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэх ямар гарц байгааг хэлэлцсэнээр тодорхой гарц гарна.   

МҮХАҮТ—ын дарга М.Оюунчимэг: Дэд бүтцийн асуудлыг шийдсэнээр бизнес эрхлэгчдэд боломж олдоно

-  “Алтанбулаг” чөлөөт бүсийг хөгжүүлэхэд ямар гарц байгаа вэ. Төр хувийн хэвшлийнхэн хамтран ажиллах талаар та онцолж байна?  

- МҮХАҮТ-д “Алтанбулаг-2015, Эдийн засгийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулж байна. Гол асуудал бол "Алтанбулаг"-ийн чөлөөт бүсийн асуудалд төрөөс явуулж буй бодлого, хуулийн хэрэгжилт болон төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар санал бодлоо солилцож байна. “Алтанбулаг”-ийн чөлөөт бүс нь Монголын анхны чөлөөт бүс бөгөөд 10 жилийн өмнө байгуулагдсан. Арван жил өнгөрөхөд үйл ажиллагаа нь тогтворжих учиртай. Тус бүсэд 22 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажил хийсэн ч бүрэн дуусаагүй. 25 аж ахуй нэгжээс 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, зарим үед л худалдаа хийгддэг. Хаалттай байх тохиолдол ч бий. Тиймээс Төр хүлээсэн үүргийнхээ дагуу үлдсэн хөрөнгө оруулалтыг яаралтай хийж, дэд бүтцийн асуудлыг шийдсэнээр бизнес эрхлэгчдэд боломж олдоно.  Учир нь дэд бүтцийн асуудал шийдэгдэхгүй байгаа нь үйл ажиллагаа явуулах боломж алга. Мөн ус, бохир, цахилгаан татах зэрэг асуудлууд бий. Монголын талаас 180 гаруй аж ахуй нэгж газар эзэмших гэрээ байгуулсан. Харин гаднын компаниуд эдгээр асуудлыг хэрхэн шийдэх бол гэсэн хүлээлттэй байна. Тиймээс цаашид төр хувийн эзэмшлийн түншлэлийг идэвхжүүлж хурдтай ажиллах хэрэгтэй.  Харамсалтай нь маш удаан ажиллаж чөлөөт бүсийн үйл ажиллагааг гацааж байна.