m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 06:23
55
Ч.Даваабаяр:Үйлдвэрлэгчдэд сэтгэл зүтгэл байхаас гадна төрийн дэмжлэг хамгийн чухал

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Анхдугаар их хурал дөнгөж сая эхэллээ. Хурлыг нээж "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийг санаачлагч, "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбоог үүсгэн байгуулагч Ч.Даваабаяр үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэм хүндэт Монгол  Улсын Ерөнхийлөгч /Ерөнхий сайд/ УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, зочид, үндэсний баялаг бүтээгчид ээ.

Монгол орны өнцөг булан бүрт амрах завгүй хөдөлмөрлөж баялаг бүтээдэг та бүхнийг Төрийнхөө Ордны их танхимд хуран цугласныг харахад таатай байна. Улсын хөгжлийн түүчээ болж яваа баялаг бүтээгчид та бүхэнтэй Масс агентлаг , манай хамт олон маш ойр байж “Баялаг бүтээгчдээ дэмжих” төсөл хөтөлбөр санаачлан Монгол орон даяар хэрэгжүүлээд хагас жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд бид Монгол орны өнцөг булан бүрт очиж та бүхний юу хийж бүтээж байгаатай танилцаж, монгол хүний чадвар, аливаа зүйлийг хийх арга ухааныг хараад омогших, бахархах сэтгэл төрж байснаа өнөөдөр хэлэхэд таатай байна.Бидэнд гадагш урсаж байгаа мөнгөний их урсгалыг зогсоож, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх шаардлага байсаар ирсэн. Үүний сацуу эдийн засгийн хүндрэлийг боломж болгон ашиглах нөхцөл ч бий болсон. Монгол Улсын эдийн засаг хямарлаа, хэцүүдлээ гэж нэг хэсэг нь зогсоо зайгүй ярьж байх хооронд харин та бүхэн зогсолтгүй ажиллаж чадлынхаа хэрээр үйлдвэрлэж, урагшилж байгааг бид олж харсан. Тиймээс нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх ёстой хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд манай хамт олон Монгол Улс хэрэглэдэг биш үйлдвэрлэдэг орон болох боломж байгааг мэдэрсэн. Бодитой эхлэл нь тавигдаж, үндэсний үйлдвэрлэгчид төслийн хүрээнд холбоо тогтоон, бие биеэ дэмжсэнээр ашиг орлогоо нэмэгдүүлэхэд гүүр нь байхыг бид гол зорилгоо болгон ажилласан. Үүний үр дүнд өнөөдөр баялаг бүтээгчид та бүхнийг монголчууд мэддэг болсон. Та бүхнээр бахархаж байна. Дорноговийн Должин эмээ элэгний өвчин анагаах цай үйлдвэрлэдэг болсныг, Америк, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орноос зөөдөг таблетийг монгол залуус үйлдвэрлэж байгааг, гаднынхан л зөвхөн хийдэг гэж боддог пүүзнүүдийг монгол оёдолчин оёж байгааг,  цахилгаан утас, унадаг дугуй, утаагүй түлш, агаар шүүгч, гуравдагч түүхий эд ашиглан хот тохижилтын бүхий л материалыг монголчууд бид өөрсдөө хийж байгааг  олон нийт мэддэг, хэрэглэдэг болжээ. Энэ хэрээр иргэдийн хандлага ч өөрчлөгдөж Монголоо гэх сэтгэл, Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чин хүсэл тэмүүлэл нэмэгдсэн нь  баялаг бүтээгчид та бүхэн, сэтгэлээ зориулан ажилласан бидний хамтын ажлын үр дүн, амжилт юм.

Гэхдээ бидэнд хийх зүйл их байна. Жижиг дунд үйлдвэрлэлээ илүү эрчимтэй хөгжүүлж олон жижгээс дунд, том үйлдвэрүүд бий болгох шаардлага байна. Өргөжин, үйлдвэрлэлээ тэлж, гадаад зах зээлд гарах нь бидний зорилго. Үүний тулд үйлдвэрлэгчид хоорондоо нэгдэж нягтрах, харилцан холбоотой ажиллах, төр засагтайгаа ойрхон байх хэрэгтэй байна. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд хийх сэтгэл зүтгэл байх ёстойгоос гадна төрийн дэмжлэг хамгийн чухал. Төр ямар бодлого хэрэгжүүлж, ямар арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлж байгааг, баялаг бүтээгчид тэднээс юу хүсч байгааг шийдвэр гаргагчдад хүргэх нь Баялаг бүтээгдийг дэмжинэ төслийн бас нэг зорилго байсан. Зургаан сарын хугацаанд 32 мянган км зам туулан, 200 гаруй баялаг бүтээгчдийг сурталчилснаар  орон нутгийн баялаг бүтээгчдийг шийдвэр гаргах төвшний хүмүүс анхаарч, хэрхэн дэмжих, яаж хамтран ажиллах талаар анхаардаг болжээ. Аж үйлдвэрийн яам, арилжааны банкууд, бусад холбогдох байгууллагууд төсөл хөтөлбөрүүд ч бидэнтэй хамтран ажиллаж бодлогын, санхүүгийн, хууль эрх зүйн, мэдээллийн ямар дэмжлэг баялаг бүтээгдчдэд хүргэж болох юу хэрэгтэй байгааг сонсож, хамтарч эхэлсэн. Энэ бол бид хамтраад тууштай ажиллавал үр дүнд хүрч болдгийн жишээ, нотолгоо юм.

 “Баялаг бүтээгдчдийг дэмжих” холбоо байгуулагдаж анхдугаар их хурлаа өнөөдөр хийж байна. Баялаг бүтээгчид зөвхөн аль нэг салбараараа нэгдэж холбоо байгуулан ажиллах нь хангалттай биш. Үүнээс гадна бүх салбараараа хоршиж нэгдэж ажиллах хэрэгтэй гэдгийг олон зуун баялаг бүтээгч иргэд хэлсээр байна. Түүнчлэн  баялаг бүтээгчид жижиг том гэж ялгарах биш бие биенээ дэмжин, харилцан ашигтайгаар хамтран ажилладаг дэлхийн жишиг болсон туршлагыг бид хэрэгжүүлэх цаг нь болжээ. Тиймээс ч манай холбоонд өрхийн жижиг үйлдвэрлэгчээс эхлээд Эрдэнэт үйлдвэр хүртэл гишүүнээр элссэн. Энэ бүхэн бол баялаг бүтээгчдэд жижиг том гэлтгүй хамтын ажиллагаа хэрэгтэй байгааг нотолж байна.  Тиймээс Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нийгмийн захиалгаар бий болсон анхны сонгорсон холбоо юм. Бид тал талд дан дангаар зүтгээд амжилт олохгүй байгааг улиран одсон он жилүүд харууллаа. Үндэсний хэмжээний гутлын үйлдвэр байлаа гэхэд боловсруулсан арьсыг нь нэг хэсэг нь, гутлын цахилгаан, үдээс,  улавч гэх мэт шаардлагатай бүх деталийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хийгээд нийлүүлдэг байж яагаад болохгүй гэж.  Үндэсний томоохон үйлдвэрээ жижиг дунд үйлдвэр нь дагаж хөгждөг нь бизнесийн хууль юм. Олон зүйлийг чанаргүй хийснээс  нэг зүйлээ хаана ч гологдохооргүй чанартай хийдэг байх нь давтагдашгүй, давуу тал болно гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ингэж бид дотооддоо нийлж, төр бодлогын дэмжлэгээ нэмэгдүүлж, хамтарснаар дэлхийн зах зээлд Монголын баялаг бүтээгчид өрсөлдөх боломж харагдаж байна. Өнөөдөр Баялаг бүтээгчид маань Монгол улсад 50 гаруй мянган аж ахуйн нэгж бий болгон, 800 гаруй мянган хүнийг ажлын байраар ханган, хэдэн зуун тэрбум төгрөгийг эдийн засагт оруулж хөгжлийн нэг жигүүр болж явна. Энэ жигүүр улам тэлэх учиртай юм. Өнөөдөр бид анхдугаар чуулганаа хийж энэ зорилгоо улам тодорхой болгож, ажиллах зарчмаа тохирч, холбооныхоо дүрэм журмыг баталж, удирдлагаа баталгаажуулж, зохион байгуулалтанд орно. Эхлэлээ бид зөв тавьснаар амжилтанд хүрэх учиртай юм.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны түүхэн гэрч нь байж Анхдугаар их хуралдаа идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Монголын баялаг бүтээгчид мянга мянгаар нэмэгдэн, эх орон минь цэцэглэн хөгжиж, мандан бадрах болтугай.

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ АНХДУГААР ИХ ХУРАЛ АЛБАН ЁСООР НЭЭСНИЙГ МЭДЭГДЬЕ.