m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 07:51
82
Ж.Батзандан Улиастай-Гачууртын чиглэлийн замын засвар шинэчлэлтийн ажлын явцтай танилцав

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.06.26/ үдээс хойш нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Улиастай-Гачууртын чиглэлийн замын засвар шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа. Уг замын ажлыг “Үйлсийн зам” ХХК гүйцэтгэж байгаа аж.

Тус компанийн ерөнхий инженер Ш.Хүрэлбаатар энэ талаар хэлэхдээ, Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км хатуу хучилттай замын засвар шинэчлэлтийн ажлыг энэ оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн. Одоогоор ажлын гүйцэтгэл 18 хувьтай байна. Энэ замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд замын зорчих хэсгийн хэмжээ урьд нь 6-7 метр байсныг 8 метр болгож өргөжүүлэхийн зэрэгцээ замын даланг өргөтгөж, 19 цэгт ус зайлуулах төмөр бетон хоолой, түүнчлэн 18 болон 36 метр урттай төмөр бетон гүүрийн шинэчлэлтийн ажлыг хийх юм. Замын хучилт нь 5 см зузаан байх бөгөөд цементээр бэхжүүлсэн суурийг газар дээр нь боловсруулах технологиор гүйцэтгэж байгаа. Ингэснээр цаг хугацаа хожих, зардал хэмнэх сайн талтайг онцлов. Мөн уг замын засвар шинэчлэлтийн явцад захиалагчийн хувьд нийслэлийн Автозамын газраас өдөр тутам хяналт тавьж ажиллаж байгааг тус газрын Зам, барилгын хяналтын хэлтсийн хяналтын мэргэжилтэн А.Оюунчимэг танилцуулсан юм.

Нийтдээ 6 тэрбум 123 сая төгрөгийн төсөвт өртөгтэй энэ замын засвар шинэчлэлтийн ажлыг энэ оны 8 дугаар сарын 30 гэхэд дуусгаж хүлээлгэж өгөх гэрээ байгуулжээ. Замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд автобусны 28 буудал байгуулж, гэрэлтүүлэг, шугам сүлжээний ажлыг цогцоор нь шийдвэрлэх юм байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ажлын явцад бэрхшээл саатал гарч байгаа эсэхийг тодруулахад компанийн ерөнхий инженер одоогоор ажил ямар нэг саадгүй, хэвийн явагдаж байна. Замыг 7 хэсэг болгон засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн хариулт өгөв. Харин энэ ажлын хүрээнд 33 цэгт газар чөлөөлөх асуудал гарах юм байна, үүнийг шийдвэрлэхээр дүүргийн газрын албанаас холбогдох байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлээд байгаа аж. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан энэ үеэр хэлэхдээ, Баянзүрх дүүрэгт өрнөж байгаа бүтээн байгуулалтын нэг гол ажил нь Улиастай-Гачууртын чиглэлийн энэ замын ажил юм. Энэ ажлыг туршлагатай компани гүйцэтгэж байгаа учраас гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэж өгнө гэдэгт найдаж байна. Засвар шинэчлэлтийн ажилд шинэ технологи хэрэглэж байгаа нь тун сайн. Гэхдээ гол нь чанартай хийж гүйцэтгэхэд анхаарах нь чухал гэдгийг хэлсэн юм. Мөн энэ жил Баянзүрх дүүрэгт үүнээс гадна замын бүтээн байгуулалтын хоёр ажил хийгдэх гэж байгаа. Түүнчлэн Налайхын чиглэлийн замын ажлыг түргэтгэх чиглэлээр холбогдох байгууллагад асуудал тавьж, анхаарч байх болно гэдгээ хэллээ.

Тэрээр дараа нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон 203 дугаар цэцэрлэгийн ажил байдалтай танилцсан юм. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр канад технологиор баригдсан уг цэцэрлэгийн барилга энэ оны 4 дүгээр сард ашиглалтад орсон юм байна. Цэцэрлэгийн эрхлэгч Ц.Гүнгэрмаа манай цэцэрлэг 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 240 хүүхэд авсан. Энэ намар нэгдүгээр ангид элсэх 15 хүүхэд нэмж авна. Шинээр ашиглалтад орсон учраас анги танхим тохижилтгүй, багш нар техник хэрэгсэл муутай, хүүхдийн тоглоомын талбайгүй гээд хүндрэлтэй асуудлууд нэлээд байгаа тул энэ талаар анхаарч туслахыг гишүүнээс хүсч буйгаа хэлэв. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн тухайд гадна орчин, анги танхимын тохижилтын асуудалд анхаарах зайлшгүй шаардлага байгаа. Энэ талаар салбарын яам болон дүүрэг, бусад байгууллагуудад ч асуудал, хүсэлтээ тавьж байна, гишүүний хувьд ч туслахыг хичээж байгаа гэдгээ хэлээд тус цэцэрлэгийн дуу хөгжмийн заалыг тохижуулах, багш нарын ажлын хэрэгцээнд зориулж зохих туслалцаа дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Тэрээр тус дүүргийн 6 дугаар цэцэрлэгийн харьяа Хужирбулан дахь салбар бүлгийн байртай танилцсан юм. Уг цэцэрлэгийн салбар бүлгийн байр нь Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн мэдлийн газар дээр байдаг аж. Тус ангийн штабын дарга дэд хурандаа Ц.Буянтогтох 40х30 метрийн хэмжээтэй энэ газар дээр улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн барилга бариулах талаар туслалцаа үзүүлэхийг гишүүнээс хүссэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан энэ асуудлын талаар холбогдох байгууллагуудтай ярилцаж, судлаад хариу өгье. Улсын Их Хурлын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн, энэ хууль удахгүй батлагдана. Тиймээс улсын төсвийн хөрөнгөөр шинээр цэцэрлэг бариулна гэхээсээ юуны өмнө хүүхэд харах үйлчилгээний чиглэлд анхаарах нь зүйтэй байх гэсэн бодолтой байгаагаа хэлсэн юм.

Энэ жил нийслэлийн Баянзүрх дүүрэгт сургууль цэцэрлэгийн 5 цогцолбор ашиглалтад орох юм байна