m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 08:08
468
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй угсраа автобус үйлчилгээнд явахад бэлэн боллоо

Нийтийн тээврийн үйлчилгээнд нэгэн шинэ төрлийн автобус нэмэгдэж байгаа бөгөөд 18 метрийн урттай угсраа автобус ирэх долдугаар сарын 5-наас туршилтаар үйлчилгээнд явна. Нийт 20 ийм автобусыг Белорусь улсаас авч байгаагаас эхний ээлжийн 18 автобусыг хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. 38 хүний суудалтай, нийт 163 хүний багтаамжтай "МАЗ 215057" маркийн автобус нь орчин үеийн шийдэл бүхий хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдэд зориулсан намсгаж өндөрсгөдөг шаттай юм байна.

Нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбат 

-Энэхүү автобус Таван шараас Офицеруудын ордон чиглэлд явах бөгөөд эцсийн зогсоолуудын засварын ажил дууссан. Энхтайвны өргөн чөлөө дагуу буудлуудыг шаардлага хангахыг нь үлдээгээд үлдсэнийг нь шинэчлэхээр ажиллаж байна. Автобусны эвдрэл гэмтэлийг ОХУ-ын МАЗ компани хоёр жилийн хугацаанд хариуцан ажиллана. Эхний удаад туршилтаар явж, наймдугаар сарын 15-аас тогтмол явуулахаар төлөвлөж байна. Уг автобусаар зорчих үнэ өмнөхтэй ижил 500 төгрөг байх бөгөөд ухаалаг картаар үйлчлэх юм. 

Д.Нэргүй Зорчигч тээврийн сургалтын багш

-Бенз 7200 мотортой, евро түлш хэрэглэдэг энэ угсраа автобус нь бүх зүйл нь автомат ажиллагаатай. Дулаахан, туулах чадвар, маневр сайтай. Урт учраас жолоочийн ур чадвар нэлээд шаардна. Би өөрөө Беларусь улсад тав хоног сургалтанд хамрагдаад ирсэн учраас жолооч нараа давхар сургах юм. Өмнө нь нэг автобусаараа туршилтаар Энхтайваны өргөн чөлөө дагуу Дүнжингарав худалдааны төв хүртэл явж үзэхэд ямар ч асуудалгүй нийтийн тээвэрт үйлчилэхэд боломжтой санагдсан.