m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 23:28
181
Чингис хааны хөшөө баримал төрөлх эх орондоо заларна

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.  Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нар танилцуулсан юм.

Дэлхийн даяарших үйл явц хүрээгээ тэлж буй энэ үед Монголын соёлын өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэх замаар үндэсний болон нийтийн эрх ашиг, хувь хүний итгэл үнэмшил, соёлын үнэт зүйл, халдашгүй байдлыг бэхжүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд сурталчлах нь чухал болоод байна. Энэ зорилгын үүднээс дэлхийн нэрт уран барималч, ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн, ОХУ-ын иргэн Даш Намдаковын “Чингис хаан” уран бүтээлийг Англи улсаас авчирч байгаа юм. Дэлхийд ганцхан энэ хосгүй бүтээлийг 2012 оны Лондоны зуны Олимпын наадмаар байршуулсан байсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ.

Дахин давтагдашгүй, соёлын энэ үнэт бүтээлийг өөр улс оронд бус зөвхөн Монголд байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр 3 сая еврогийн үнэтэй Эзэн богд Чингис хааны энэхүү хөшөө, баримлыг эх орондоо авч ирэх, Монголын ард түмний хүртээл болгохын тулд уг бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж уг хуулийн төслүүдийг боловсруулсныг сайд танилцуулгадаа дурдав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр хөшөөг хаана байрлуулахаар төлөвлөж буйг асуухад Засгийн газрын гишүүн С.Баярцогт гадаад дотоодын олон хүн үзэж сонирхох, хотын өнгө жавхааг тодотгоход ач холбогдолтой гэж үзсэний үндсэн дээр Эзэн Чингис хааны талбайд байрлуулахаар төлөвлөж байгаа гэсэн хариулт өгөв. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга хэн гэдэг буянтан энэ сайхан үйлсийг санаачилсан, Монголд авч ирэх зардал нь хэр болохыг тодруулахад сайд С.Баярцогт энэ эх оронч сайхан сэтгэлийн эзэн нь Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ юм, харин өртөг зардал нь аяндаа мэдэгдэх байх аа гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж үг хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.9 хувь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.