m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.27 02:07
43
Сангийн сайд Ж.Эрдэнэбат хуулийн төслүүд өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай болон “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа.

Үндэсний ажлын албаны тогтвортой үйл ажиллагааг хангах, компакт гэрээг боловсруулах ажлыг хэрэгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын шаардлагатай судалгаа хийхэд хөрөнгө, санхүүжилт гаргахад МСК-ийн зүгээс 750 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай Хэлэлцээр байгуулахаар тохиролцсон. Энэ Хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтжээ. Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн зорилго нь хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарын мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн сайжруулахад оршино. Төслийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэн нутагшуулах, багш болон удирдах ажилтнуудыг чадавхжуулах тогтолцоог бүрдүүлэх, ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн чиг баримжаа олгох, технологийн гүнзгийрүүлсэн сургалттай, бие даасан ахлах сургууль байгуулан сургалтын хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлэх ажлууд хийгдэх аж.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколуудыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.