m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.27 06:11
42
С.Дэмбэрэл:Үг гомдол биш

“Баялаг бүтээгчдийг дэмжих”холбооны Анхдугаар их хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн,Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хорооны дарга С.Дэмбэрэл  төлөөлөгчдөд хандан үг хэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрлээс дараах тодруулгыг авлаа. 

- Баялаг бүтээгчдэд хамааралтай бодлого болон хуулиуд хэзээ батлагдах төлөвтэй байна?

- Хаврын чуулганаар Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого болон Үйлдвэржилтийг дэмжих хуулиуд эцэслэн батлагдах байх. Энэ мэт баялаг бүтээгчдэд хамааралтай олон бодлого, хуулиуд явж байгаа. Нэг хэсэг нь долдугар сарын 10-н гэхэд батлагдана. Намрын чуулганы эхэнд Татварын хуулиуд багцаараа өөрчлөгдөнө. Энэ бүхний гол зорилго нь баялаг бүтээгчид буюу ажлын байр бий болгож, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийг дэмжихэд чиглэнэ. Тиймээс өнөөдөр болж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны анхдугаар чуулган олон талын ач холбогдолтой. Тухайлбал, хүмүүсийн “үг” гэдэг чухал. Чуулганд оролцож байгаа хүмүүсийн “үг” бол гомдлын үг биш. Үгний цаана зайлшгүй нэг санаа агуулагдаж байдаг. Тэдгээр санаануудыг хурлын төгсөлд товчилж УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаанд тусгах ёстой.  

- Тэгвэл таны бодлоор аж үйлдвэрийн салбарыг хэрхэн хөгжүүлэх  вэ?

- Монгол Улсад нэг төөрөгдөл байдаг. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэлийг хэт шүтдэг, аль эсвэл томоохон аж үйлдвэрийг шүтдэг.  Гэтэл улс орнуудын түүхийг харахад баланстай байж холбоотой ажилладаг. Мэдээж жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хуулийг сайжруулах шаардлагатай. Удахгүй хууль нь орж ирэх гэж байна. Гэтэл аж үйлдвэрийн томоохон цогцолборуудыг жижиг дунд үйлдвэрлэлтэй  холбохүй бол буруутдаг. Тиймээс аж үйлдвэрийн салбарын төрөөс баримтлах бодлого бол цаашид Монгол Улсын үйлдвэржилтийг хэрхэн хөгжүүлэх вэ, 2030 он хүртэл аж үйлдвэрийг ямар байдлаар дэмжих, ДНБ-д эзлэх хувь хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх , үйлдвэрлэлийн чанарыг яаж сайжруулах ,үйлдвэрлэл эрхэлж байгаа техник технологи, хүний хүч зэргийг цогцоор нь шийдэж гэмээ нь баялаг бүтээгчид нэмэгдэж, үндэсний баялаг бүтнэ.