m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.27 07:01
165
УИХ-ын дарга “Эм Си Лог хаус” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.06.27/ “Эм Си Лог хаус” ХХК-ийн Мод боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг, Баянголын аманд байгуулсан энэ үйлдвэр нь сүүлийн үеийн тоон системийн бүрэн автомат удирдлагатай, 37 нэр төрлийн 90 гаруй тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд энэ оны тавдугаар сард ашиглалтад орсон юм байна. Тус компанийн захирал С.Батсүх УИХ-ын даргыг угтан авч үйлдвэрээ танилцуулахдаа, Монгол Улсын Засгийн газраас үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бодитой ажил хийж байгааг онцолж байлаа. Тэрбээр, “Үйлдвэрлэгчдийг дэмжиж буй томоохон ажлын нэг нь “Чингис” бондын хөрөнгөөс үйлдвэрлэгчдийг дэмжих зээл олгосон явдал юм. Манай үйлдвэр “Чингис” бондын хөрөнгөнөөс 3.8 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжилт авсан. Энэ нь нийт хөрөнгө оруулалтын 30 орчим хувь нь юм. Хөрөнгө оруулалтын үлдсэн хэсгийг Тайваны “Эксим” банк, Худалдаа хөгжлийн банкны урт хугацаатай зээл, өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн” хэмээн хэлсэн.

Тус үйлдвэр нь жилдээ 20 мянган шоо метр мод боловсруулах хүчин чадалтай бөгөөд энэ нь дунджаар 220 гаруй вагон модтой тэнцэх ажээ. Үйлдвэрийн үндсэн түүхий эдээ ОХУ-аас мөн Сэлэнгийн Бугантаас авдаг хэмээн С.Батсүх захирал танилцуулгадаа дурдаж байлаа.

Үйлдвэр ашиглалтад орсноор модон мебель бүтээгдэхүүний үнэт түүхий эд болох цулгуй наамал хавтангийн Монгол Улсын жилийн хэрэгцээ болох 5000-6000 шоо метр хавтанг 100 хувь үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээг бүрэн хангах болож бүрдэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрт 76 хүн ажиллаж байгаа бөгөөд үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор 158 хүн тогтвортой ажлын байртай болох юм байна.

УИХ-ын дарга З.Энхболд тус үйлдвэртэй танилцах үеэр, “Орчин үеийн мод боловсруулах үйлдвэртэй танилцлаа. Миний мэддэг модны үйлдвэртэй харьцуулах аргагүй болж. Миний аав, ээж хоёр Сэлэнгийн мод боловсруулах үйлдвэрт насаараа ажилласан. 1000 ажилчинтай том үйлдвэр байсан. Тэр үйлдвэрийн мод хатаадаг, зүсдэг, хавтангийн цех гээд бүх л дамжлага энд байна. Гэхдээ маш орчин үеийн үйлдвэр байгуулагджээ. Хөрөнгө оруулалтын 30 хувийг “Чингис” бондын санхүүжилтээр, үлдсэн хэсгийг Тайваны “Эксим” банк болон Худалдаа хөгжлийн банкны зээлээр шийдсэн юм байна. Монголын бүх мебелийн үйлдвэрийн хавтанг хангах үйлдвэр босчээ. Цаашдаа мебелийн үйлдвэрүүд гаднаас хавтан авахааргүй болох нь. УИХ-аар үйлдвэрлэлийг дэмжих арваад хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх гэж байгаа. Дотооддоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг үнэ ямар байхаас үл хамааран тендерт шалгаруулдаг болох асуудлыг наадмын өмнө хэлэлцэн шийдвэрлэх гэж байна. УИХ, Засгийн газар ингэж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого барьж байгаа юм” гэж хэллээ.

“Эм Си Лог хаус” ХХК-ийн Мод боловсруулах үйлдвэр нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангаснаар жил бүр Хятад улсаас импортолж буй 5000 гаруй шоо метр цулгуй наамал хавтанг худалдан авахад зарцуулж буй 20 сая гаруй юаныг эх орондоо үлдээх боломж бүрдэх юм байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.