m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.27 07:50
64
З.Энхболд: Бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр “Эм Си Лог хаус” ХХК-ийн Мод боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа “Долоон болдог” группын тавилгын үйлдвэр, Ган хийцийн үйлдвэртэй танилцлаа.

“Долоон болдог” групп нь “Долоон болдог” ХХК, “Зитоп” ХХК, “Евро-Электроникс” ХХК, “ДБ панель системс” ХХК зэрэг тавилга, барилгын материалын үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг нэгтгэсэн бөгөөд 2004 оноос эхлэн гал тогооны тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан хэмээн группын Ерөнхий захирал С.Ганбаатар УИХ-ын даргад танилцуулсан юм.

“Долоон болдог” ХХК нь “Kitchenall” нэртэй тавилгын брэндээрээ зах зээлд танигдсан бөгөөд байгуулагдсаныхаа 10 жилийн ойгоор буюу өнгөрсөн онд Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээл болон өөрийн хөрөнгийн санхүүжилтээр дэлхийн жишигт нийцсэн тавилгын үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Германы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий тус үйлдвэр нь тоос хураалтын системтэй хэмээн тус компанийн дэд захирал Г.Батболд хэлж байлаа. Энэ систем нь үйлдвэрийн тоосыг хураан хадгалаад өвөл нь түүнийг шатаан үйлдвэрийнхээ дулааныг бүрэн хангадаг бөгөөд эрүүл ахуйн шаардлагыг хангасан, байгаль орчинд ээлтэй шинэ технологи ажээ.

Шинэ үйлдвэрийг байгуулахад 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр маш их дэмжлэг болсон хэмээн дэд захирал Г.Батболд онцолсон юм.

Жилдээ 30 мянган нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр цаашдаа дан ганц гэр ахуйн тавилга бус албан өрөөний тавилга үйлдвэрлэх боломжтой болсон юм байна.

“Долоон болдог” группын хувьд 2009 оноос эхлэн нийт 6 га газарт үйлдвэрлэлийн парк байгуулах зорилго тавин ажиллаж, 2010-2015 оны хугацаанд инженерийн бүрэн шугам сүлжээнд холбогдсон нийт 30.000 ам.метр талбай бүхий үйлдвэр болон оффисын барилгын бүтээн байгуулалтыг хийж, дэлхийд тэргүүлэгч компаниудын шилдэг тоног төхөөрөмжийг суурилуулан, салбарын аж үйлдвэрлэлийн оновчтой технологийг нэвтрүүлсний зэрэгцээ мэргэжлийн боловсон хүчнийг гадаад, дотоодод сургаж, 300 гаруй хүнийг ажлын байраар хангаад байгаа гэж группын Ерөнхий захирал С.Ганбаатар хэлсэн юм.

Дээрх төслийн хүрээнд 2011 онд төмөр хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр “Зитоп” ХХК-ийг байгуулж, жилдээ 5000 тонны хүчин чадал бүхий ган хийцийн үйлдвэрийг 2012 онд ашиглалтад оруулсан байна. Түүнчлэн “ДБ панель системс” компанийг 2015 онд үүсгэн байгуулж, үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээ болон ахуйн зориулалттай барилга байгууламж, зам тээвэр, уул уурхай, барилгын салбаруудад өргөнөөр ашиглагдаж буй олон улсын чанарын стандартад нийцсэн PU, EPS сендвич хавтангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэн 2015 оны наймдугаар сард дуусгахаар ажиллаж байгаа юм байна.

УИХ-ын дарга З.Энхболд тус группын үйл ажиллагаатай танилцсаны дараа, “Бид тавилгын хувьд дэлхийн ямар ч брэндтэй өрсөлдөж чадахаар үйлдвэрлэж чаддаг болжээ. Одоо иргэд дотоодод үйлдвэрлэсэн тавилгаа худалдаж аваад байвал энэ 300 ажилчин ажилтай байна. Хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд байвал тэр мөнгө монгол ажилчдад цалин болоод очно. Гаднаас зөөгөөд байвал мөнгө гадагшаа урсаад л байна. Бидний түрүүн очсон мод боловсруулах үйлдвэрт хийсэн хавтангаар энд тавилга үйлдвэрлэж байна. Дэлхийд өрсөлдөх чадвартай, орчин үеийн олон үйлдвэр босчээ. Одоо бид борлуулалтад анхаарна. Тухайлбал, нэг спорт заал барих боллоо гэхэд Монголд ган хийц үйлдвэрлэж байгаа болохоор өрсөлдөөнд зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдийг л оролцуулна. Импортоор оруулж ирсэн ган хийц хямд үнэтэй байсан ч улсын захиалгад зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг л авна. Ийм маягаар бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих болно. Хуулиа ч тэгэж гаргана. Иргэдэд орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор анх найман хувийн хүүтэй зээлийг гаргасан. Энэ нь барилгажилтыг араасаа дагуулсан. Жилд 20-30 мянган айлын орон сууц баригдаж байна. Тэр бүх байруудад тавигдах тавилгыг үйлдвэрлэж байна. Одоо гаднаас тавилга зөөх шаардлагагүй болсон байна” хэмээн хэллээ.

УИХ-ын даргын хамт “Долоон болдог” группын үйл ажиллагаатай танилцсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “УИХ саяхан Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг баталсан. Аж ахуйн нэгжүүдтэй танилцаж явахад тэдний удирдлагууд одоо үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хурдан батлах хэрэгтэй байна гэсэн саналаа илэрхийлж байна. Тэрхүү бодлогын баримт бичгийг яаралтай горимоор хэлэлцэж хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулна. Түүнчлэн татварын багц хуулийг хэлэлцэн батлахаар ажиллаж байна. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт би багтан ажиллаж байгаа. Ингэж үйлдвэрлэгчдээ татварын бодлогоор дэмжих нь маш чухал асуудал юм. Түүнчлэн татвараас чөлөөлөх жагсаалтыг УИХ батлах бус Засгийн газар баталдаг болгон өөрчилбөл асуудал цаг алдахгүй хурдан шийдэгддэг болох юм. Баянгол дүүрэгт 17.000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Түүний нэг нь “Долоон болдог” групп юм. Иргэд монголоос чанартай тавилга авснаар тээврийн зардал хэмнэнэ. Дотооддоо үйлдвэрлэсэн сайн чанарын тавилга авдаг болж байгаа нь сайхан хэрэг” гэж хэлсэн юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.