m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.27 10:40
212
Итгэл, сэтгэл нэгтгэсэн Анхдугаар их хурал амжилттай болж өндөрлөлөө

Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн "Масс агентлаг" жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэгчдээ дэмжин тэдний хийж бүтээж буйг алдаршуулан, сурталчлах зорилгоор “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслөө эхлүүлсэн билээ. Дөрвөн үе шаттайгаар бүтэн жилийн турш хэрэгжүүлэх тус төсөл хагас жилийн байдлаар хоёр үе шатаа амжилттай хэрэгжүүлж дууссан байна.  Энэ хугацаанд Монголын улсын 21 аймаг 365 сум болон нийслэлийн есөн дүүргийн 200 гаруй үйлдвэрлэгчдийг сурталчилж, бодит дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, үндэсний үйлдвэрлэгчдийн талаарх бодит мэдээллээс бүрдсэн томоохон санг бүрдүүлсэн билээ.

Үүнээс гадна үйлдвэрлэгчдийн дуу хоолойг төр засагт хүргэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилгоор телевизийн цуврал хэлэлцүүлэг, уулзалт ярилцлагыг холбогдох албаны хүмүүс, төрийн байгууллагын төлөөлөгчдийн оролцоотойгоор удаа дараа зохион байгуулсан юм. Төслийн явцад тэднийг нэгтгэн үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хүсэл бодол, ажил үйлсэд нь илүү их дэм болох зорилгоор “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-г байгуулан 500 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн юм. Тэгвэл өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны өдөр "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны анхдугаар их хурлыг Төрийн ордонд амжилттай зохион байгуулллаа.

Их хурал 85 хувийн ирцтэй байсан бөгөөд өөрсдийн дуу хоолой, санал бодлоо солилцохоор орон нутгийн үйлдвэрлэгчид маань маш идэвхтэй нийслэл хотоо зорин ирсэн байлаа.

Ингээд хурлын өргөөний жаврыг үргээхээр  “Домог” хамтлагийн уран бүтээлчид ардын сайхан аялгуугаар хүрэлцэн ирсэн зочдын сонорыг мялаасны дараа анхдугаар их хурлыг албан ёсоор нээж Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн санаачлагч, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны  үүсгэн байгуулагч Ч.Даваабаяр үг хэллээ.

Мөн үндэсний баялаг бүтээгчдийн анхдугаар их хуралд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг хүндэтгэн УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Д.Ганхуяг болон албаны хүмүүс оролцлоо.

УИХ-ын дарга З.Энхболд "Баялаг бүтээгчдийн анхдугаар их хурлыг Төрийн ордонд зохион байгуулж байгаад баяртай байна. Миний бие улс орны хөгжих үндэс нь том ч бай, жижиг ч бай баялаг бүтээх үйлдвэрлэл гэж үздэг. Монгол Улс хэрэглэгч, худалдан авагч орон гэдэг хаягтайгаар өнөөдрийг хүртэл явж ирсэн. Тэгвэл энэ хаягийг үйлдвэрлэгч, бүтээгч орон гэдэг шошгоор сольж, монголчуудын идэж байгаа хоол хүнс, өмсөж байгаа хувцас, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн болон бусад улс руу экспортод гаргадаг “Монголд үйлдвэрлэв” гэсэн хаягтай бараа бүтээгдхүүн брэндтэй болох тэр цаг мөчийн төлөө бид тууштай тэмцэх учиртай. “Масс” мэдээллийн агентлаг 2015 оны нэгдүгээр сараас “Баялаг бүтээгчдийг дэмжих” төсөл, хөтөлбөрийг боловсруулж эхлүүлсэн. “Масс” мэдээллийн агентлагийн хамт олны энэхүү бүтээлч санаачлага баялаг бүтээгчдийн талархалыг зүй ёсоор хүлээж байна. Өнгөрсөн хугацаанд “Масс” агентлаг энэ үйл ажиллагаанд олон зуун сая төгрөг зарцуулж, төслийн баг 32,000 км зам туулж, Монгол Улсын 21 аймаг 365 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн 200 гаруй үйлдвэрлэгчдийг сурталчилж, мэдээллийн санг бүрдүүлсэн байна. Мэргэжлийн байгууллагууд “Масс” агентлагийн төсөл, хөтөлбөрийг дэмжиж зохион байгуулсан цуврал хэлэлцүүлэг, уулзалт ярилцлагад өргөнөөр оролцсон байна. Үүний ачаар олон монголчууд дотооддоо юу юу үйлдвэрлэж чадаж байгаа талаар өргөн мэдээлэлтэй болж байна. Үүний төлөө би үйлдвэрлэгч монгол болоход хувь нэмрээ оруулж байгаа “Масс агентлаг”-ийн хамт олонд талархал илэрхийлье" гээд мөн "Хоёрдахь хууль болох монголд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн байгаа цагт импортоор ирсэн барааг тендерт авахгүй байхаар агуулгатай хуулийг ирэх долоо хоногт УИХ батална. Монголд нэг сандал үйлдвэрлэж байхад адилхан сандлыг хямдхан үнэтэй байсан ч авахгүй байхаар ийм хуулийг батална. Ингэж УИХ бодлогоор үйлдвэрлэгчдээ дэмжих юм. Бодит үйлдлээрээ дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа бараа бүтээгдэхүүний импортын гаалийг нэмэгдүүлэх замаар уян хатан татвар нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт өгч байгаа. УИХ-аар тэр бүр монголд автобус үйлдвэрлэдэг боллоо, автобусныхаа татварыг нэмье гэж ярих биш Засгийн газар хурдан шуурхай эрхийг нь өгдөг хуулийн төслийг батлах гэж байна. Дор бүрнээ хичээж ажиллья. УИХ та бүхэнд үйлдвэрлэгчээ дэмжсэн хууль эрх зүй, үндэсний үйлдвэрлэгчээ хамгаалсан татварын бодлогоор дэмжинэ. Та бүхэн импортын бараатай өрсөлдөж чадахуйц чанартай, боломжийн үнэтэй зүйл үйлдвэрлэж монголын зах зээлээ хангах хэрэгтэй. Мөн “Монголд үйлдвэрлэв” гэдэг шошготойгоор аль болох уул уурхайн бус бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох хэрэгтэй. Энэ бол баялаг бүтээгчдийн хурлаар зайлшгүй ярих сэдэв байх ёстой. Бидэнд гурван сая хүний зах зээл хангалтгүй. Гурван тэрбум хүний зах зээл бидний зорилго байх учиртай" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл "Хаврын чуулганаар Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого болон Үйлдвэржилтийг дэмжих хуулиуд эцэслэн батлагдах байх. Энэ мэт баялаг бүтээгчдэд хамааралтай олон бодлого, хуулиуд явж байгаа. Нэг хэсэг нь долдугар сарын 10-н гэхэд батлагдана. Намрын чуулганы эхэнд Татварын хуулиуд багцаараа өөрчлөгдөнө. Энэ бүхний гол зорилго нь баялаг бүтээгчид буюу ажлын байр бий болгож, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийг дэмжихэд чиглэнэ. Тиймээс өнөөдөр болж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны анхдугаар чуулган олон талын ач холбогдолтой. Тухайлбал, хүмүүсийн “үг” гэдэг чухал. Чуулганд оролцож байгаа хүмүүсийн “үг” бол гомдлын үг биш. Үгний цаана зайлшгүй нэг санаа агуулагдаж байдаг. Тэдгээр санаануудыг хурлын төгсөлд товчилж УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаанд тусгах ёстой" гэв.  

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "Баялаг бүтээгчид экспортын салбарт буюу бүс нутгийн болоод олон улсын зах зээлд өрсөлдөх түүхэн хариуцлагатай мөчлөгийн үед ирээд байна. Тиймээс Монгол Улсын төр засгийн гадаад худалдааг дэмжих бодлого өрсөлдөх чадвартай байх ёстой. Мөн манай баялаг бүтээгчдийн бүтээлч хамтын ажиллагаа маш чухал. УИХ-ын дарга “Баялаг бүтээгчдээ бодитой дэмж” хэмээн хэллээ. Аж үйлдвэрийг дэмжих бодлого зэрэг олон эрх зүйн орчныг бий болгож байна. Гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүний хөгжил,технологийн дэвшил чухал. Монгол Улс байгалийн болон мал аж ахуйн асар их баялагтай. Үүнийг тэргүүний техник технологиор боловсруулалт хийж бараа бүтээгдзхүүнээ олон улсын зах зээлд гаргах боломжтой юм. Энэ бол цаг хугацаа тэвчээр шаардсан үйл хэрэг. Аж үйлдвэрийн салбар хөдөлмөр шаардсан салбар. Улс орны бодлого болон баялаг бүтээгчид хамтран гарч ирсэн түүхэн жишээ. Энэ салбарын төлөө баялаг бүтээгчид хамтран “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоог байгуулан ажиллаж байна. Мөн “Масс агентлаг” үндэсний баялаг бүтээгчдийнхээ хийж байгаа бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулан, сурталчилах ажлыг зохион байгуулж байгаад талархаж байна" гэсэн юм.

Мөн Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” сэдвээр илтгэл тавьж, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын орлогч дарга М.Сарандаваа, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалт зохицуулалтын газрын дарга Д.Батзогсох нар мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ.

Үүний дараа "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн хураангуй, Баялаг бүтээгчдийг дэмжих  холбооны танилцуулгыг хийж хуралд оролцогсод дурсгалын зураг татуулснаар хурлын үндсэн үйл ажиллагаа эхэлсэн юм.

Хурлын эхний шат буюу “Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны дүрэм ба ирээдүйн чиг хандлага” сэдвийн дор хурлын дэгийг танилцуулахын зэрэгцээ холбооны дүрмийг хэрхэн боловсруулсан тухай танилцуулга, гол зорилго зэргээ гишүүддээ танилцуулж, дүрэмтэй холбоотой асуулт, хариулт явуулсны эцэст холбооны дүрмийг гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.

Үүний дараа холбооны Ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаа болж “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны Ерөнхийлөгчөөр “Масс агентлаг”-ийн ТУЗ-ийн дарга “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн санаачлагч, ”Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны үүсгэн байгуулагч Ч.Даваабаярыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгов. Мөн Бага хурлын 55 гишүүн болон Салбар хороодын дарга нар, Хяналтын зөвлөлийг тус тус сонгосон юм. Үүний дараа холбооны гишүүд төлөөлөгчдийн санал, шүүмж, сэтгэгдэлийг сонсож их хурлаас гарах зөвлөмжид тусгахаар боллоо.

Ийнхүү бүтэн нэг өдөр үргэлжилсэн энэхүү их хурлыг хааж холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр гишүүд төөлөөлгчдөдөө талархалаа илэрхийлж хурлыг өндрөлсөн юм.

Үүний дараа төрийн ордны А танхимд их хурлаас сонгогдсон бага хурлын гишүүд үргэлжлүүлэн хуралдсан юм. Энэ үеэр Холбооны Удирдах Зөвлөлийг сонгож томиллоо. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр "Мөнх шүтээн" ХХК-ийн захирал н.Баянмөнх, Далай хүч ХХК-ын захирал В.Алтангэрэл, "Талын долоон од" компанийн гүйцэтгэх захирал Н.Ганболд, "Гантиг ванн" ХХК -ийн захирал Ж.Мөнхцэцэг, "Имерж медиа" компанийн гүйцэтгэх захирал Т.Ганзул, Шинэ цагийн удирдлагын академийн тэргүүн н.Батсайхан, , "Казкарт" ХХК-ийн захирал н.Сэдхан, "ULNT" ХХК-ийн захирал н.Удвалжаргал, "Бүрэн цутгамал" ХХК-ийн захирал Б.Батдэлгэр, "Билэгт дөлгөөн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан "Видан" ХХК-ийн захирал Д.Уртнасан "Чиглэл" ХХК-ийн захирал Б.Бумцэнд "Их гурван марал" ХХК-ийн захирал Ч.Мөнхтөр, "ББДХ" компанийн захирал Ц.Нямсүрэн нарыг санал нэгтэй сонголоо.

Тэд цаашдаа авч хэлэлцэх ажлуудаа ярилцан санал солилцсоноор "Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны итгэл, сэтгэл нэгтгэсэн Анхдугаар их хурал өндөрлөлөө.