m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.28 23:11
91
Наадмын тоглолтыг “Хөсөгтөн” хамтлаг нээнэ

Ардын урлагаараа дамжуулан Монгол эх орныхоо нэрийг Ази тивд төдийгүй дэлхий даяар цуурайтуулан яваа “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчид энэ жилийн наадмын тоглолтын нээлтэд уригджээ. Тодруулбал Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд наадамчин олондоо зориулан тоглогдох “Монголын гайхамшигт урлаг”  ардын урлагийн тайлбарт тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн уралдаан, үндэсний хувцас загварын шоу тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд тус тоглолтын нээлтэд “Хөсөгтөн” хамтлаг оролцож уран бүтээлийн дээжээсээ толилуулахаар болжээ.

Үндэсний их баяр наадмын Урлаг соёлын салбар хороо, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо, Нийслэлийн Соёл Урлагийн Газар нар хамтран зохион байгуулж буй тус тоглолт долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 11:00-19:00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд тоглолтод нийслэлийн харьяа дүүргүүдийн ардын урлагийн авьяастнууд, уламжлалт наадгайн өв тээгчид, судлаачид, "Андра" загварын агентлагийн дизайнер, моделиуд оролцох юм.