m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 00:45
49
“Монголын хоршоологчдын нээлттэй өдөрлөг” боллоо

Хоршоологчдын өдрийг угтаж, өнгөрсөн баасан гарагт “Хоршоологчдын нээлттэй өдөрлөг”-ийг Чингисийн талбайд Аж үйлдвэрийн яам, “Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо”-той хамтран хоршоог дэмжигч байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Энэ удаагийн нээлттэй өдөрлөг өсөн нэмэгдэж буй  орлогын ялгаатай байдлыг багасгах, Монголын хоршооллын хөдөлгөөний хөгжил, холбоодын үйл  ажиллагаа, гишүүн хоршоодын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг  төр засгийн байгууллагууд, Улаанбаатар хотын аж ахуйн нэгж, иргэдэд танилцуулах, сурталчлах зорилгоор “Equality”буюу “Тэгш байдал” гэсэн уриан дор зохион байгуулагдсан юм.

Дашрамд дурдахад, НҮБ-аас 1995 онд Олон улсын хоршооллын Альяансын 100 жилийн ойг тохиолдуулан улс орнуудын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд хоршооллын гүйцэтгэж буй үүргийг өндөрөөр үнэлэн “Олон улсын хоршооллын өдөр”-ийг тэмдэглэж байх тухай шийдвэр гаргасан байдаг.  Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор “Хоршоологчдын өдрийг жил бүрийн долдугаар сарын эхний ням гараг” –т тэмдэглэхээр тогтжээ.

Монголын хоршоологчид “Олон улсын хоршооллын өдөр”-ийг бусад улс орнуудын хоршоологчдын нэгэн адил тэмдэглэн өнгөрүүлэхээс гадна энэхүү тэмдэглэлт өдөрт зориулсан тодорхой арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирэв.